МАРК РОССИНИ: ЭДГЭЭР ХАЛДЛАГУУДААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЯМАР Ч БОЛОМЖ БАЙГААГҮЙ

0
118

Америкийн тусгай албаны домог Украины нэгэн сайтад сонирхолтой ярилцлага өгчээ.
Лапшин мэтийн этгээдүүдийг гэмт үйлдлээ хийх шийдвэр гаргахаас нь өмнө илрүүлж болох уу? Хүчний байгууллагынханд ганцаарчилсан алан хядагчийг олж баривчлахад хэр хүндрэлтэй байдаг вэ? Эдгээр асуултыг бид алдартай алан хядагч Осама бен Ладеныг биечлэн эрэн сурвалжилж байсан хүнд тавьсан юм. Түүнийг Марк Россини гэдэг. Тэр бол Америкийн тусгай албаны амьд домог бөгөөд Нэгдсэн улсын Алан хядлагатай тэмцэх Үндэсний төвийг үндэслэгчдийн нэг.

Ноён Россини 17 жилийн турш Холбооны мөрдөх товчоонд ажиллажээ. Түүнд хамгийн хүнд, нарийн төвөгтэй ажлыг даалгадаг байсан гэнэ. Тэр дундаа ХМТ-ноос ТТГ-тай хамтран явуулж байсан бин Ладен болон “номер нэг алан хядагч”-ийн хамгийн нөлөө бүхий хамтран зүтгэгчдийг эрэн сурвалжлах ажлыг удирдаж байсан аж. Чухам тэр үед л түүний амьдрал, ажлын замналыг бүхэлд нь өөрчилсөн үйл явдал болсон юм. Ноён Россини есдүгээр сарын 11-ний халдлагаас бүр өмнө “Аль-Кайда”-гийн хоёр идэвхтэн гишүүнд Америкийн албан ёсны виз олгосныг илрүүлсэн байна. Энэ талаар ТТГ-ын ахлах ажилтнуудад илтгэсэн ч Маркт энэхүү мэдээллийг өөрийн удирдлагуудтайгаа (ХМТ) хуваалцахыг эрс хоригложээ. Үүнээс жил орчмын дараа чухамхүү Россинигийн илрүүлсэн хоёр этгээд Дэлхийн худалдааны төвийг мөргөсөн хоёр онгоцны нэгийг барьцаалсан юм.
Түүний илтгэлийг зүгээр л хав дарсан байжээ. Ойлгомжгүй шалтгаанаар илтгэлийн дагуу ямар нэг арга хэмжээ аваагүй аж. Түүнээс хойш иймэрхүү тохиолдолд Марк хэд хэдэн удаа хувийн мөрдлөг явуулж байсан нь удирдлагуудынх нь дургүйцлийг төрүүлдэг байжээ.

Ингээд 2008 онд тэрбээр тусгай албыг орхижээ. Одоо Россини бизнесийн аюулгүй байдлын асуудал эрхэлдэг том компанид зөвлөх хийж байна. Бид түүнийг Женевт байхад нь олж, хиймэл дагуулын холбоогоор ярилцсан юм.

Ноён Россини, үдшийн мэнд. Бидэнтэй холбогдсонд баярлалаа. Та одоо аялж, ажил ихтэй байгааг бид мэдэж байна. Гэсэн хэдий ч бидэнд цаг зав гаргасанд баярлалаа.

Та бүхэнд ч баярлалаа.

-Сүүлийн үед алан хядах ажиллагааг ямар нэг хэт даврагч байгууллагатай огт холбоогүй ганцаарчилсан алан хядагч их хийх болсныг бид харж байна. Таны туршлагаар ганцаарчилсан алан хядагчийг илрүүлэх нь террорист бүлэглэлийг олж тогтоохоос хэр хүндрэлтэй вэ?

Энэ бол бидний хувьд маш ноцтой дуудлага. Дэлхийн нийт улс орнуудын хууль сахиулах байгууллага, тагнуулын албадын шүдний өвчин болоод байна.
ХМТ, ТТГ, Ми-5, Холбооны аюулгүй байдлын алба (ХАБА). Эдгээрийн аль нь ч зүгээр л нэг үүрэг гүйцэтгэгчид. Тэд өөрийн улсын Засгийн газрын заавар, тушаалаар л үйл ажиллагаа явуулдаг. Тэдний өмнө тулгардаг хамгийн гол бэрхшээл нь бүгдийг өөрт ашигтайгаар шийдвэрлэх. Бид тусгай албадад чухам ямар бүрэн эрхийг олгоход бэлэн байна вэ. Алан хядах ажиллагааг урьдаас таслан зогсоохын тулд хүчнийхэнд хангалттай эрх мэдэл өгөхийг зөвшөөрөх үү. Энэ бүгд зарчмын асуудал.

Та “Аль-Кайда”-г хүртэл мөрдөж байсан асар баян туршлагатай хүн. Бостоны марафоны дэлбэрэлт ч юм уу, Лапшины хэргийг мөрдөх бүлгийг таниар удирдууллаа гээд төсөөлөөд үз дээ…?

Та нар яг юу хэлүүлэх гээд байгааг би ойлгож байна л даа. Бостоны марафоны үеэр болсон алан хядах ажиллагаа, лалын сүмд бөмбөг дэлбэлж, настай хөгшний аминд хүрсэн Павел Лапшины гэмт үйлдэл аль нь ч маш ээдрээтэй хэрэг. Хэрвээ надад энэ хэргүүдийг даалгавал Британийн цагдаагийн газар болон ХМТ-ны мэргэжил нэгтнүүдтэйгээ яг л адилхан мөрдлөг явуулах болно. Гэхдээ эдгээр халдлагуудаас урьдчилан сэргийлэх ямар ч боломж байхгүй. Та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид эрх чөлөөг үнэлдэг чөлөөтэй, нээлттэй нийгэмд амьдарч байгаа. Хэрвээ ямар нэг цагдаагийн улс байсан бол өчүүхэн төдий сэжиг төрүүлсэн этгээдийг шууд л торны цаана шидчихнэ.
Гэтэл Бостоны дэлбэрэлт, эсвэл Лапшины хэрэг ийм улсад гараагүй. АНУ-ын хүчнийхэнд ах дүү Царнаевууд шашины хэт үзлийг дэмждэг талаар мэдээлэл байсан. Гэвч ийм үзэл бодолтой хүн олон байгаа шүү дээ. Тэгэхээр тэднийг бүгдийг торны цаана суулгах хэрэг үү? Гэмт хэрэг хийх боломжтой гэж үзсэн бүх хүнийг шоронд хийх хэрэгтэй болно. Үүнд л гол асуудал байгаа юм.

ХМТ болон цагдаагийн газар өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрээс сая биш гэхэд олон мянган мэдээлэл авдаг. Хэн нэгнийг хэт даврагч үзэлтэй, эсвэл ямар нэг муу зүйл бодсон гэх мэт. Гэвч энэ бүхэн дээр үндэслээд хүн болгоныг баривчлаад байж болно гэж үү.

Марк, тэгэхээр бид эдгээр дэлбэрэлтүүдээс урьдчилан сэргийлж, ганцаарчилсан алан хядагчдыг зогсоох ямар ч боломжгүй гэж ойлгож болох уу. Энэ бүхэн нээлттэй, чөлөөт нийгэмд амьдарсны төлөө амиараа өгөх төлөөс гэж үү?

Яг тийм. Жишээ нь Павел Лапшины хэрэг байна. Энэ залуу Украинаас Их Британид ирж чимээгүйхэн, ганцаардмал байдлаар амьдарч байсан. Тэр маш ухаантай, электроник болон компьютер сайн мэднэ. Гэвч түүний сэтгэл дотор өөр үсэг бишрэлтэй хүмүүсийг үзэн ядах үзэл соёолж байжээ. Тэр тэднийг өөртэй нь хамт нэг дэлхий ертөнц дээр амьдрах хувьгүй хүмүүс гэж үзжээ. Ингээд л ганцаараа бүхнийг үйлдсэн. Түүнд хэн нэгэнтэй хамтрах шаардлага байгаагүй.

Ах дүү Царнаевыг аваад үзье. Тэд ч бие даан дэлбэрэлт хийсэн. Эдгээр алан хядах ажиллагааг урьдаас таслан зогсоох ямар ч арга байхгүй. Байдаг юм аа гэхэд би л лав мэдэхгүй юм байна. Хэдийгээр хууль зөрчөөгүй ч гэмт хэрэг эсвэл алан хядах ажиллагаа үйлдэх болзошгүй гэх үндэслэлээр баривчилдаг цагдаагийн улс болж байж л энэ нь боломжтой. Гэвч ийм улс болохыг хэн ч хүсэхгүй.

Хэдийгээр аймшигтай ч дүгнээд хэлэхэд, Их Британид Павелийн үйлдсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэдэгт би итгэхгүй байна.