Т.Бадамжунайг Монголын улс төрөөс холдуулаач

0
102

МАН-ын хуучин кадр гэх Т.Бадамжунайг Монголын улс төрөөс түр ч гэсэн холдуулж тэтгэвэрт нь гаргах сонирхолтой маш олон хүн байдаг юм билээ. Уг нь мань хүнийг харахад хүнд нэг их гай болоод байхааргүй дүр төрхийг агуулдаг ч гэлээ ноомой дүрийн цаана өөрийн нь үнэн төрх нуугддаг гэдгийг олон ч хүнээс сонсож байсныг нуух юун.

Учир нь өнөөдөр улстөрийн хүрээнд явж буй бүхий л ажилд Т.Бадамжунай гэх эрхэм гар хөлөө дүрчихсэн хамгийн дээд талд нь гэмгүйхэн инээчихсэн сууж байхыг бид телевизээр олон ч удаа хараад амжсан. Тэгвэл Т.Бадамжунайгийн энэ хүч чадал юунд оршиж байгаа юм бол гэж сонирхох нь гарцаагүй.

Тэртээ 1999 оноос хойш Монголын ууган нам болох МАН-д Н.Энхбаяр гэх хүнээр улстөрд хөтлүүлж орж ирсэн хөдөөний борог залуу 2001 оноос хойш хүчээ авч өөрийн орон зайгаа бий болгосон гэж тус намын учир мэдэх хүмүүс ярьж байсан удаатай. Ямартай ч суусан газраасаа шороо атгаж босдог Т.Бадамжунайгийн тарьж ургуулсан зэрлэг ургамлууд өнөөдөр Монголын төрийн албаны даргын суудлыг зайдагнаж юу дуртайгаа хийсээр байна. Монголчууд хүн ам цөөтэй улс. Сүүлийн жилүүдэд улстөрдөх цус ойртсон гэхэд болно. Учир нь улстөрчид ах, дүү, үеэл, хүүхдүүдээ улстөрд бэлдэх болсон.

Эрт цагт аав нь хаан бол хүү нь аавынхаа суудлыг залгамжлан авч хаан болдог байсан. Харин ардчиллын үед хэдий өөрчлөгдсөн ч ихэс дээдэс өөрсдийн суудлаа хамгаалан хүүхдүүддээ үлдээж тэднийг төрийн албаны аль гайгүй гэсэн суудалд залж өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх болов. Угтаа цус нь ойртоод буй улстөрчид эх орныхоо төлөө бус харин гэр бүлийнхээ төлөө зүтгэж цөөхүүлэхнээ тансаг амьдарч буй билээ. Тэгвэл Монголын улстөрд амь бөхтэй оршин тогтнож буй Т.Бадамжунайгийн төрийн албан дахь хэлхээг таслая гэвэл юуны түрүүнд Төрийн өмчийн хорооноос эхлэх ёстой болов уу. Тухайлбал, өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Т.Бадамжунай өөрийн хүн гэгдэх Ц.Ням-Осорыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга болгосон.

Ардаа асаалттай танктай учраас мань дарга төрийн ордны хонгил хавьцаа сайд дарга нартай хэрэлдэж байгаа бичлэг тарж олныг гайхахад хүргэж байсан. Хэрвээ уншигчид санаж буй бол тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн талаарх УИХ-ыг тогтоолыг биелүүлэхэд хүнд болсон тухай ярилцлагыг хэвлэлд өгч байсан. Тэрбээр “Төрийн өмчийн эзэмшигч нь УИХ. УИХ Засгийн газарт эзэмших, ашиглах эрхийг нь Засгийн газарт олгодог. Засгийн газар нь өдөр тутмын гүйцэтгэл, үйл ажиллагаа эрхлэхийг нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт олгосон. Тэгэхээр хувь нийлүүлэгчдийн хурал хийхийн тулд хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнийг багтаасан комисс томилох эрх нь надад бий. Миний хувьд хувьцаа нийлүүлэгчдийн хуралд оролцох эрх байхгүй, харин хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнийг Засгийн газраас санал ирүүлсний дагуу томилох шийдвэр гаргана.

Уг нь энэ маргааныг хууль эрх зүйн асуудлыг нь шийдсэний дараа шат шатны ажлаа хийх ёстой байсан гэж би хувьдаа бодож байгаа” гэх утга бүхий ярилцлагыг өгч том байгаагаа харуулаад амжсан юм. Тэгэхээр үүнийг дурьдаад байгаагийн шалтгаан нь гэвэл тун удахгүй өмнө нь яригдаж байсан том том хувьчлалууд явагдана. Хэрэв Ц.Ням-Осор дарга Эрдэнэтийн 49 хувь шиг иймэрхүү өнгө аясаар дуугараад эхэлбэл гайхах хэрэггүй бололтой.

Юутай ч 2020 оноос урьтаж Т.Бадамжунай гэх эрхмийг Монголын улстөрөөс хэсэг зуур ч холдуулах юмсан даа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!