Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулж, гишүүдийг томиллоо

0
106

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томиллоо. Зөвлөлийн гол үүрэг нь төсөвт хяналт тавих, байнгын хороонд зургаан сар тутамд саналаа хүргүүлж байх юм. Учир нь жил бүрийн төсвийн төслийг Сангийн яамнаас парламентад оруулж ирдэг. Гэвч хэлэлцэх явцад өөрчлөгдөх, төлөвлөсөн орлогоо төвлөрүүлж чадахгүй байх, зарлага нэмэгдэх гээд олон асуудалтай тулгарч, алдагдалтай батлагддаг. Тиймээс УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд тус зөвлөлийг есөн хүний бүрэлдэхүүнтэй ийнхүү томилж байна. Зөвлөлд Засгийн газар, Монголбанк, Төсвийн байнгын хорооноос тус бүр хоёр, хараат бус гурван гишүүн ажиллах юм.

Тус зөвлөлийн гишүүдэд Төсвийн байнгын хорооноос А.Даваасамбуу, Ё.Мөнхбаатар нарыг, Монголбанкнаас Б.Баярдаваа, А.Энхжин, Засгийн газраас Э.Бямбажав, Ш.Гунгаадорж зэрэг гишүүдийг нэр дэвшүүлэхээр саналаа ирүүлжээ. Харин хараат бус гишүүнд дөрвөн гишүүн өөрсдийн нэрээ дэвшүүлэхээр Г.Алтанзаяа, Ж.Дэлгэрсайхан, Д.Сувдаа, Ө.Эрдэнэбаяр нар саналаа ирүүлсэн бөгөөд гурван гишүүнийг байнгын хорооны гишүүний олонхын саналаар томиллоо.

Ингээд гишүүн тус бүрээр санал хурааж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар А.Даваасамбууг, гишүүдэд Ё.Мөнхбаатар, Б.Баярдаваа, А.Энхжин, Э.Бямбажав, Ш.Гунгаадорж, Г.Алтанзаяа, Д.Сувдаа, Ө.Эрдэнэбаяр нарыг томилохыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Ийнхүү төсөвт хяналт тавих, УИХ-ын гишүүдийн тойрогтоо төсөв хуваарилдаг байдлыг таслан зогсоох, төсвийн үр ашиггүй зардлыг танах зэрэг онцгой үүрэгтэй, хараат бус гишүүдээс бүрдсэн зөвлөл юм.

Үүгээр өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!