Монголоос “Air China” ашиг олж байхад манай МИАТ дампуурч байна

0
156

МИАТ-ийн билетийн үнэ яагаад хямдардаггүй вэ. Ганцхан жишээ татахад, монголчуудын хамгийн түгээмэл зорчдог улсын нэг бол БНСУ руу зорчиход хоёр талдаа 1.300.000-1.700.000 төгрөг. Тодруулбал, өнөөдөр та тийзээ захиалбал энэ сарын 4-ний өдөр Сөүлд газардаж, 6-нд нь буцахын тулд 1.678.500 төгрөг төлөх шаардлагатай. Мэдээж тасалбараа захиалах хугацаанаас хамаарч дээрх үнийн дүн хэлбэлздгийг иргэд андахгүй. Улаанбаатараас Сөүл рүү зорчих олон зам бий. Тухайлбал, хойд хөршөөр дамжин Сөүлд хямд зардлаар очих боломжтой. Өөрөөр хэлбэл, Улаан-Үд, Эрхүүгээр дамжиж Сөүл хүрнэ.

Улаанбаатар-Улаан-Үдийн чиглэлд гадт тэргээр хүүхэд 47 мянган төгрөгөөр, том хүн 77 мянган төгрөгөөр зорчдог. Харин Оросын галт тэрэг үүнээс хоёр мянган төгрөгөөр илүү үнэтэй. Ингээд Улаа-Үдээсээ Инчеон хүртэл онгоцоор нисэхэд билетийн үнэ хоёр талдаа 15587 рубль. Өнөөдрийн ханшаар нэг рубль 42 төгрөгтэй тэнцэж байгаа. Ингээд бодохоор 650 мянган төгрөг болно. Энэ бол шууд тийз захиалах үнэ. Харин урьдчилж захиалбал нэг талдаа 4896 рубль буюу 205 мянган төгрөгөөс эхэлнэ. Улаан-Үдээр дамжаад Сөүл ороод ирэхэд галт тэгрэгний хоёр талын зардал том хүн 154 мянган төгрөг. Үүн дээр тасалбарын 650 мянган төгрөгийг нэмбэл 804 мянган төгрөгөөр Солонгос руу явчихаад ирэх боломж байна. Өөрөөр хэлбэл, Кореан эйр, МИАТ-ийн нислэгээс бүхэл бүтэн 600 мянган төгрөг хэмнэх юм.

Улаанбаатараас вагоноор Эрхүү хүрээд тэндээсээ Инчеоны нисэх онгоцны буудалд мөн газардах боломжтой. Хугацаа их зарцуулах ч шууд нислэгээс хамаагүй хямд. Өөрөөр хэлбэл, та нэг сая орчим төгрөгөөр Эрхүүгээр дамжаад Сөүл ороод буцаад энэ замаараа Монголдоо ирчихнэ гэсэн үг.

Бусад улс орон руу ч мөн ийм байдлаар хямд зорчих боломжтой. Жишээ нь, Бээжин. МИАТ-ийн тийзийг сонгож хамгийн хямдаар шууд нислэгээр явна гэвэл 750.000-870.000 төгрөг. Харин та Улаанбаатараас Эрээн хүртэл галт тэргээр эсвэл  автобусаар зорчиход 40.000-70.000 төгрөг зарцуулна. Эрээнээс Бээжин шууд нислэг хоёр талдаа 250.000-280.000 төгрөг. Өөрөөр хэлбэл, та МИАТ-ийн нислэгийн тал үнээр яваад ирэх боломжтой. Ийнхүү МИАТ урд болон хойд хөршөөр дамжсан нислэгүүдийг алдах болсон. Гэсэн ч үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй.

МИАТ-ийнхны хатуу тогтоосон тэнгэрийн үнэ Монголоос гарангуут хэд дахин хямд байдгийг энэ мэтчилэн олон жишээн дээр хэлж болно. Тийн атал уншигч та МИАТ-ийн нислэгээр зорчиж үзсэн бол олон суудал эзэнгүй байдгийг ч анзаарсан байх. Энгийн надад ингэж хоосон суудалтай явж байхаар үнээ хямдруулаад олон хүн тээвэрлэж болмоор санагдаж, энэ салбарын удирдлагуудаас хэд хэдэн удаа лавлаж байв. Тэдний хариулт ихэнхдээ ижил. “Тийм боломж бий ч хэрэгжүүлэхэд төвөгтэй. Хэдийгээр тухайн нислэг хүн багатай алдагдалтай байсан ч улсын тусгаар тогтнол, олон улсын харилцаа зэргээс хамаараад нислэг үйлдэж байх нь чухал”. Гэхдээ энэ бүхэн улстөрчдийн гарт хөтлөгдөх болсон МИАТ-ийн тогтолцооны уршиг. МИАТ-ээр аль нэг улс руу зорчих тийз захиалсан хүн бүрт одоогоор суудал алга байна гэх хариултыг амны уншлага мэт хэлдэг. Ингэж илүү өртгөөр тасалбар “борлуулдаг” зальтай.

Хэдийгээр олон улсад мөрдөгддөг шинэ систем нэвтрүүлсэн ч нутагшуулж чадаагүй. Энэ салбарын мэргэжилтнүүд аялал жуулчлалын үе болох зуны улиралд буюу нислэгийн оргил үеэр Улаанбаатар-Бээжингийн нислэгийг шалгавал тун ч ноцтой хэд хэдэн зүйлийг илрүүлэх вий. Аялал жуулчлалын салбарынхны хэлж байгаагаар МИАТ Улаанбаатар-Сөүл нислэгт 10 мянган ам.доллар зарцуулна гэж тооцвол тэрийгээ тухайн онгоцонд суух 220 хүндээ хуваачихдаг хэмээн аялал жуулчлалын салбарынхан харддаг. Ийм гаж маркетингийн тогтолцоотой. Сөүл бол МИАТ-ийн тогтмол нислэг үйлддэг газар. Тиймээс орлого, зарлагыг жилээр нь тооцоолж, тийзийн үнээ хэзээ хямдруулж, хэдийд нэмэхээ тооцоолох бүрэн боломжтой. Харамсалтай нь дээрх байдлаар орлого, зарлагаа тооцоолж 220 хүний суудалтай онгоцоор 160 хүн тээвэрлэдэг хэмээн аяллын компаниуд бухимдах нь бий.

Харин МИАТ дээрх мэдээлэлд тайлбар хийхдээ цаг агаарын байдал, шатахуун авахтай холбоотой гэх байдлаар тайлбарладаг. Гэтэл олон улсад энэ мэт асуудлыг зорчигч дээр авч үздэггүй. Үүнийг зохицуулдаг олон арга бий аж. Тухайлбал, каргог хасах. Зорчигчдын ачааг дараагийн онгоцоор тээвэрлэх гэх мэтчилэн. Гэтэл хүндийн даацад нөлөөлж байгаа учраас ийм хязгаарлалт хийсэн хэмээн тайлбарлах МИАТ-ийнхэнд “Air China”-гийнхнээр хичээл заалгамаар. Учир нь энэ мэт асуудлыг хамгийн сайн шийдвэрлэж, зохицуулдаг авиа компани “Air China”.

Дэлхийн акул авиа компаниудын тоонд зүй ёсоор эрэмбэлэгддэг “Air China” гадаад нислэгтээ алдагдалтай шахуу ажилладаг аж. Тийн атлаа дотоодын нислэгээсээ ашгийнхаа 85 хувийг бүрдүүлдэг. Хачирхалтай нь, энэ компанийн хамгийн ашигтай нислэг нь Монгол руу нисэх нислэг. Бас л нэг юм хэлж байгаа биз.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!