Л.Оюун-Эрдэнийн “зөвлөх” хэвлэлүүдийг мөнгө төлөн “мөшгүүлж” байна

Сансрын технологи, харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан, өргөн нэвтрүүлэг, инноваци, мэдээллийн аюулгүй байдал, цахим засаглалын талаарх хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, салбарын хөгжлийн стратегийг тодорхойлох, бодлогын удирдамжаар хангаж ажиллах үүрэгтэй Засгийн газрын тохируулагч агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар мэргэжлийн бус нөхрийг томилоод жилийн нүүр үзлээ.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын харилцааны менежерээр төгсч, олон улсын хэдэн төсөл хөтөлбөрүүдэд туслахаар ажиллаж байсан бүсгүйг Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөрөө ажиллуулж байгаад тус газрын дарга болгон дэвшүүлэн томилуулсан байдаг.

Үндсэндээ энэ улсын хөгжил, тэр дундаа IT технологийн бодлого, хөгжлийг Олон улсын харилцааны менежер хүүхэн тодорхойлж чиглүүлж яваа хэрэг.

Тиймдээ ч улс орнууд цар тахлын тархалтыг IT технологийн салбарынхныхаа хүчээр хумиж, дарж байхад манайх Ерөнхий сайдын зөвлөх нэрт танхил бүсгүйгээр удирдуулсны гороор дотооддоо төдийгүй хилийн гадна үнэ хүндээ алдаад, хөөгдөж туугдан явна.

Хилийн цаана монголчуудыг хүлээж авах улс олдохгүй, дамжин өнгөрүүлэхээс ч ихэнх орон татгалзаж байна.

Ард иргэдийн ийнхүү адлагдаж, зовж яваа зовлонгийн томоос том шалтгаануудын нэг нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг мэргэжлийн бус хүн удирдаж, тэр хэрээрээ гадаад байтугай дотоод дахь харилцаа, мэдээ мэдээллийн систем нь шалаар нэг болсны гор юм.

Өөрийн нь мэдлэг чадвар дутуугаас улс орон нь тахалд нэрвэгдэж, тахлаа хумьж дийлэхгүй байгаа арчаагүй нэр хүндээс нь болж гадны улс орон монголчуудыг хүлээж авахгүй байгааг ойлгохгүй яваа Б.Болор-Эрдэнэ нь муу дээрээ муу, муухай дээрээ улцан гээч бодлого, шийдвэртэй нэгэн аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь түүндээ найдан “Цахим Үндэстэн” болох уриалга дэвшүүлж дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инноваци үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур ярин нүүрээ улалзуулж явахад өнөөх нь ар хударгаар нь өөрийгөө бичиж, шүүмжилж буй хэвлэл мэдээллийг шигшиж, бүртгэж, хянаж цагдаж байх хөтөлбөр боловсруулаад хувийн байгууллагад улсын мөнгөнөөс төлж явна.

Монголын шилдэг, чадварлаг бүхий л IT мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн, тэднийгээ удирдан чиглүүлээд хийлгэчих бүрэн боломжтой байгууллага атлаа “Цахим туслагч” гэх Төрийн бус байгууллагатай гэрээ хийж сошиал орчныг тандан мөшгүүлэх ажлыг өнгөрсөн хугацааны турш хийж иржээ.

Тус байгууллагатай хийсэн гэрээ нь “И-монгол төрийн үйлчилгээний нэгдсэн системтэй холбоотой нийтлэгдэж буй мэдээллийг тандах зорилготой мэдээллийн сайт, фэйсбүүк, твиттер орчны мониторингийн үйлчилгээний эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг зохицуулна” гэх хачин гоё зорилготой.

Харамсалтай нь, “Цахим туслагч” гэх төрийн бус байгууллагын хийсэн ажлын тайлан, тайланг нь хүлээн зөвшөөрч акт үйлдсэн байдлаас үзвэл төрийн мөнгөөр хувь хүний нэр төртэй холбоотой мэдээ мэдээллийг “мөшгөсөн, мөшгүүлсэн” гэмээр харагдана.

Цахим болоод сошиал орчинд дээрх гэрээний дагуу мэдээллийг хайх түлхүүр үг нь “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ” гэх үг бололтой.

Ийм л үг өгүүлбэр орсон бүгдийг хамаад ир гэсэн гэрээ шиг байгаа юм.

Үүнийг “Цахим туслагч” ТББ-аас хийсэн тайлан нь нотлоод өгнө. Тухайлбал, Ч.Номин сайдыг шүүмжилсэн тэс хөндлөн утга агуулгатай бичвэр дотор мань Б.Болор-Эрдэнийн нэр ганц удаа дурьдагдсан байхад, тэрбайтугай Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс гаргасан мэдэгдэл дотор мөн түүний нэр нэг л удаа бичигдсэн байхад ЭЕРЭГ, СӨРӨГ мэдээлэл гэгдээд чирэгдээд ирсэн байгаа юм.

Тэр дундаа хамгийн хөгийн нь эрхэм Б.Болор-Эрдэнэ гуай Монголын сайтуудыг A, B, C гэж ангилаад жагсаачихаж. Ангиллыг нь хөөж үзвэл өөрийг нь үргэлж магтдаг бол A, цөөн магтсан бол B, харин шүүмжилдэг, эсвэл өөрийнх нь тухай ганцхан удаа мэдээ бичсэн бол C зэрэглэлийн сайт юм байх.

Төлбөр авч мониторинг хийж өгсөн “Цахим туслагч” ТББ ч нүглийн нүдийг гурилаар хуурна гээч болж захиалагч Б.Болор-Эрдэнэдээ таарсан таар шуудай шиг тайлан хийж өгчээ.

Энэ зэргийн судалгааг манай www.niigmiintoli.mn сайтын технологийн албанаас энгийн өдрийн ажлын нэг хэсэг болгоод хийчихдэг юм шүү дээ, Б.Болор-Эрдэнэ дарга аа!!!

Хагас жилийн дотор бүхэл бүтэн 300 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк, твиттерийн идэвхтэй хаягуудыг төсвөөс мөнгө гарган, гаргуулан байж шалгаж шүүсэн хэрнээ жирийн нэг малчны хоттой хонины тооллогоос ч дор, тэс хөндлөн хазайсан ажил хийсэн байх юм.

Ийм нялх нялцгай, бага залуу настай дарга байж хэвлэл мэдээллүүдээ хянаж цагдаж, үг өгүүлбэрээр нь бүртгэлжүүлж өдрийг өнгөрөөж болох уу.

Гэрээний чинь жинхэнэ зорилго, зорилт цаасан дээрээ бол өөр юм. Яг цаасан дээр буусан, хийгдэх ёстой байсан жинхэнэ мониторингийг чинь манай сайт нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүйгээр хийгээд өгчихье.

Мониторинг гэж ямар байдаг, түүний тайланг яаж хийдгийг манай сайтаар дамжуулан үзээрэй…. Угаасаа Б.Болор-Эрдэнэ гэсэн нэр орсон мэдээ мэдээлэл бүрийг “Цахим туслагч” ТББ-аас чинь эрхэм таны барьж буй гар утсанд шууд өгдөг гэдгийг дээрх гэрээн дээр тань тодотгон тэмдэглэсэн байна билээ.  

Орчуулах »