Тавилгын “менежер” & “онгоц” Энх-Амгалан

0
101

Эзэнгүй байгаа айлын хойморт УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан завилах гэнэ. Түүнийг тэр айлын эцгийн дүрд тохирно хэмээн хэсэг нөхөд нь өргөх бичиг барьжээ. Үнэндээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талаас барьцаа ахиулахын тулд “Мишээл экспо”-гийн гэх тодотголтой Б.Энх-Амгаланг зүтгүүлж эхэлсэн нь энэ.

Өнгөрсөн намар  эрх баригч нам дотооддоо хагарч, Засгаа дахин бүрдүүлэхдээ тохиролцоо хийж, кабинетаа бүрдүүлсэн. Ингэхдээ Зам тээвэр, хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг 32-ын бүлгээс буюу М.Энхболд талаас сайд болгосон юм. Гэвч золгүй явдлаар албан тушаалаа өгсөн түүний орон зайд М.Энхболдын талаас “MCS”-ийн Л.Энх-Амгаланг нэрлэв. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүний зүгээс Я.Содбаатарыг түлхүүрдсэн ч газар ахиагүй. Шулуухан хэлэхэд, морины уяан дээрх тэдний хэлэлцээр парламентын хаалгыг нээж чадалгүй замхарсан гэхэд хилсдэхгүй. Тиймээс өөр хувилбар дэвшүүлж, Я.Содбаатараас хүнээ дээрдүүлсэн нь Б.Энх-Амгалан. Гэхдээ наанаа Я.Содбаатар, Б.Энх-Амгалан гэж хоёр өөр хүн яригдаж буй ч мөн чанартаа хоёулаа MCS-ийнх гэх нэг малгайтай нөхөд. Өөрөөр хэлбэл, тэр хоёрын хэн ч болсон бай чанарын ялгаа үгүй. Л.Энх-Амгалан нь MCS-ийн нэн тод од бол нөгөөдүүл нь далд, бүрхэг хувилбарууд нь гэдэг. Товчхондоо, MCS-т Зам тээвэр хөгжлийн яам нэн чухал байгаагийн илэрхийлэл гэж харагдаж байна.

Б.Энх-Амгалангийн хувьд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг тонгорох албан тоотод гарын үсэг зурж, Шадар сайд У.Хүрэлсүхийг чагнасан асуудлаар хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлж байсан. Мөн нийслэлийн намын хорооны хурлын үеэр Д.Сумъяабазарыг заалнаас нэрийг нь дэвшүүлсэн нэгэн  тэрбээр Нийслэлийн ИТХ-д найман жил суусан туршлагатан. Гэхдээ мань эр хийсэн ажлаараа бус МИАТ-ийн онгоцыг гурван цаг саатуулснаараа алдаршиж, олонд танигдсан нэгэн. Тодруулбал, Э.Бат-Үүлийг хотын даргаар ажиллаж байхад Нийслэлийн иргэдийн хурлын 12 төлөөлөгч ОХУ-ын Москва хот ороод Новосибирск ниссэн. Харин “Мишээл” группийн захирал, иргэдийн хурлын төлөөлөгч Б.Энх-Амгалан өөрийн ажилтнуудтайгаа Новосибирскт МИАТ-ийн онгоцоор газардсан гэх мэдээлэл тухайн үеийн Зам тээврийн сайдад иржээ. Энэ дагуу сайд М.Зоригт дээрх мэдээллийн үнэн эсэхийг шалгаж, дээр дурьдагдсан мэдээлэл үнэн бол худал мэдээлэл өгсөн МИАТ-ийн захиралд хариуцлага тооцохыг холбогдох хүмүүстээ даалгасан байдаг. Улмаар төлөөлөгч Б.Энх-Амгалан нь МИАТ-ийн онгоцыг ОХУ-ын Новосибирскт гурван цаг саатуулсан болох нь тогтоогдож байв. Харин энэ талаар хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон Б.Энх-Амгалан “Ажлаа мэдэхгүй хүмүүсийн хар гай гэх юм уу даа. Сайд нь хүртэл нэг дураараа НИТХ-ын төлөөлөгч хэдэн ажилчдаа аваад тэнд буучихсан тухай ярьж, твиттерт жиргэснээс болоод онгоц буулгадаг, суулгадаг асуудал гарсан. Нэг зүйлд харамсаж байгаа. Тэр үед аавыгаа би их айлгасан юм билээ. Хүүгийнх нь зураг телевизээр мэлийтэл гараад энэ хүн дураараа бараг л МИАТ-ийн онгоцыг хулгайлж авч яваад, буу тулгаж байгаад буулгачихсан юм шиг ойлголт ард түмэнд өгчихсөн. Аав маань их сандарсан, даралт нь ихэссэн “юу дутлаа гэж ийм юм хийв” гэж манай гэр рүү утастсан байдаг юм. Гэтэл тэрний ард болсон арга хэмжээг хүмүүс мэдээгүй. Маршрутын дагуу л явж байсан юмыг намайг буулгасан асуудалд оруулсан” хэмээсэн юм.

Тэр бүү хэл, энэ үйл явдал өөрт нь сайнаар нөлөөлсөн тухай ч тэр орхигдуулаагүй. Тэрбээр “Намайг харин “онгоц” Энх-Амгалан гэдэг болсноос хойш би жаахан алдартай болсон юм шиг байна лээ. Юу хийсэн нь сонин биш, онгоц буулгасан нь сонин байсан шиг билээ” хэмээсэн юм.

Тавилгын захын менежментийг гарамгай хийчихдэг “Мишээл экспо”-гийн захирал сайн гэхээсээ саар нэр олонтаа. Жишээ нь, түүнд залилангийн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан тохиолдол бий. “Мишээл экспо” төвийн залилуулж, дарамт, сүрдүүлэгт орсон  гэх түрээслэгч нар нэгдэн гарын үсэг цуглуулан материал бүрдүүлж Б.Энх-Амгаланг цагдаагийн газарт өгсөн байдаг. Улмаар энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байв.

Үргэлжлэлийг

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!