Ц.Нямдорж: Б.Пүрэвдорж оо, чам шиг юмыг би 300, 400-аар нь үзсэн

Хэнтийн нөхөн сонгууль хэзээ болох вэ. Энэ асуултыг Н.Энхбаяр тэргүүтэй хашааны гаднах улс төрийн намуудын төлөөлөл зунжин асуусан гэхэд хилсдэхгүй. Гэсэн ч байнгын ажиллагаатай парламент хаалгаа хаасан байсан тул хариулт олдоогүй. Хүчингийн хэргээр халдашгүй дархан эрхээсээ татгалзсан Д.Гантулгын суудлыг эрх баригчид хэдий болтол хадгалж үлдэхийг санаархаж байгааг зарим улстөрч лавлах нь бий.

Гүйцэтгэх засаглалын тэргүүний жолоочийн хадам ээжийн гаргасан өргөдлөөс болж нөхөн сонгууль хойшилсон хэмээн МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэгдэж байсан. Намрын чуулган нээлтээ хийж, эхний асуудлаараа УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дээрх дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авах боломжгүй хэмээн гишүүд санал нэгдэв.

Байнгын хорооны хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр МАН, АН болж цэц булаалдав. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нөхөн сонгуультай холбоотой асуудал хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэц үзсэн. Энэ бол МАН-ын хийж байгаа ажил. МАН-ынхан нөхөн сонгуулиар ялагдана гэхээс айсандаа Цэцээр ийм шийдвэр гаргуулсан. Хэнтий аймгаас удаа дараа сонгогдсон МАН-ын дарга У.Хүрэлсүх чинь ичих нүүрээ элгэндээ наагаад тэнд очиж чадахгүй байгаа учраас та нар Үндсэн хуулийн Цэцтэй нийлээд аргацааж байж магадгүй” гэв. Түүний үг танхимд суусан эрх баригчдын дургүйцлийг хүргэж, маргаан дэгдээсэн юм. Тухайлбал, гишүүн Ц.Нямдорж “Бид нөхөн сонгууль явуулахаар тов зарлачихсан. Энэ шийдвэрийг санал нэгтэйгээр гаргасан. Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гээд өчигдөр хоёр бүлэг мэдээлэл хийж байх шиг байна лээ. Өнөөдөр яагаад цэцийн гишүүд  МАН-д үйлчилдэг болчих воо. Өнөөдөр айх айхгүй тухай яриад сууж байна. Б.Пүрэвдорж чи хэн болоод, юу болоод ийм юм яриад байгаа юм. Цадигтай бай, баримттай ярь. Хоёрдугаарт, 2012 оны Сонгуулийн хуулийг “Бурмаагийн хууль” гэж нэрлэдэг. Наад хуулийг чинь баталж байхад би телевизээр яриа өгөөд сууж байсан юм. Гурван хуулийг нэг болгосон нь буруу. Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Өөрсдөдөө улс төрийн давуу байдал олгох гэж үүнийг хийсэн. Үндсэн хуулийн Цэцэд МАН захиалчихлаа гээд гүтгэхээ боль. Б.Пүрэвдорж оо, чи жаахан даруухан байж үз, чам шиг юмыг би 300, 400-гаар нь үзсэн. Би чамд хоёр дахь удаагаа хэлж байна. Чи хэн болоод УИХ-д орж ирээд бүхнийг мэдээд, бүхнийг шүүмжлээд байгаа юм. Цэцийн гишүүдийг МАН томилсон юм уу. Хамгийн сүүлийн гурван хүнийг хэн оруулж ирлээ. Та нар дэмжээд явсан биз дээ. Ер нь энэ сонгуулийн хуулийг засах тал дээр онцгой анхаарахгүй бол болохгүй” хэмээн бухимдав.

Сайдын үгэн дээр гишүүн С.Бямбацогт хүч нэмж “Дэгийн тухай хуулиар бол гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж үг хэлэх ёстой. Хэрэв тэгээгүй тохиолдолд хурлаас гаргах, сануулга өгөх эрх нь хурал даргалагчид бий. Ц.Нямдорж сайдын хэлж байгаа нь үнэн. Ерөнхийлөгчийн, орон нутгийн, УИХ-ын сонгуулийг тусдаа хуульчлах ёстой. Бид хэн нэгнээс айж ичээд байх юм байхгүй. Тиймээс цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүйгээр нөхөн сонгуулийг явуулах саналтай байна” гэв.

Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхэд УИХ-ыг төлөөлж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан оролцсон билээ. Тэрбээр “Би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд УИХ-ыг төлөөлж Цэцийн хуралдаанд оролцсон. Бид гаргасан хуулийнхаа хүрээнд  УИХ-ынхаа тогтоолыг баталсан. 14 хоногийн дотор сонгуулийг зарлана гэж Сонгуулийн хуульд заасан байсан. МАН Цэцэд очоод нөлөөлсөн зүйл байхгүй. Манай тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй. Харин Үндсэн хуульд заасан асуудлыг барья гэж хэлсэн. Айж, эмээсэн гэдэг нь улстөржилтийн уянгын халилтай үг байх. Хэн ялж гарч ирэхийг хэн мэдлээ” хэмээсэн юм. Эцэст нь байнгын хорооны гишүүд Цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсанаар асуудал өндөрлөлөө.

Мөн өдрийн хуралдаанаар гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн өнгөрөгч есдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Монгол Улсад 1990-ээд оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харвал эрүүгийн хууль тогтоомжид заасан 200 гаруй гэмт хэргээс 6-7 төрлийн гэмт хэрэг их үйлдэгддэг гэнэ. Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг нийт бүртгэгдэж буй гэмт хэргийн 30, бусдын бие махбодид гэмтэл учруулах төрлийн гэмт хэрэг 30, мөн залилан мэхлэх гэмт хэрэг 10 орчим хувийг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн ойролцоо хувийг эзэлдэг аж. Гэмт хэрэг гаралтын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол өсөлттэй байгаа бөгөөд 2017 онд улсын хэмжээнд 32,2 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5,0 мянга буюу 18.7 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас 37,2 мянган хүн хохирсноос 4,7 хувийг нь хүүхэд, 48,8 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж, гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо өмнөх оноос 500 орчмоор нэмэгдсэн байна.

1997 онд батлагдсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зөвхөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хамаарч байсан бол төслөөр зөрчлөөс урьдчилан сэргийлэх болгон өргөжүүлсэн байна. Хуулийн төслөөр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн таван чиглэл байхаар тусгаж, уламжлалт чиглэлүүд буюу ерөнхий, тусгай, нэг бүрчилсэн чиглэлээс гадна, эдгээр дээр нэмж анх удаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэл болон гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх чиглэлийг нэмж тусгаж, чиглэл бүрийг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой тусгажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!