“Бүх амьтан тэгш эрхтэй, гахай бүр илүү тэгш эрхтэй”

Жорж орвэллийн “Амьтны ферм” номонд “Бүх амьтан тэгш эрхтэй, гахай бүр илүү тэгш эрхтэй” гэж гардаг. Ардчилал, Хүний эрх чөлөөг хэрхэн гуйвуулж болдгийг харуулж, сэрэмжлүүлсэн эл сонгодог зохиолыг дэлхийн олон оронд хүүхдүүддээ дунд сургуулиас нь уншуулж, судлуулдаг юм.

Зохиолд эзнийхээ эсрэг босож, эрх чөлөөг олсон хэмээн баярлан бахдах фермийн амьтдын амьдралын тухай өгүүлэх боловч бодит байдал дээр нэг талаас тэр нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэн, амьтдын тархийг угааж буй гахайнууд, нөгөө талаас үргэлж удирдагчдадаа итгэж, яаж ч худал ярьж, тархийг нь угаасан хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрч, дарлагдан байгаа амьтдын тухай өгүүлнэ.

 АНай энэ зохиолыг уншиж байхдаа өөрсдийнхөө дүр төрхийг, өнөөгийн улс төрийн байдал болон ард түмнийхээ муйхар хүлцэнгүй байдлыг харах шиг болов.

Гахайнуудын дунд байсан тэр эрх мэдлийн төлөөх тэмцэл, хүссэндээ хүрэхийн тулд хэнийг ч яаж ч золиосолж, бас худал ярьж чадах ичгүүр сонжуургүй, ёс суртахуунгүй байдал өнөөдрийн улс төрд бэлхнээ харагдаж байна.

Эрх мэдэлд хүрснийхээ дараа төрөл арилжих мэт өөрчлөгдөж, тэнгэрийн амьтад болж буй гахайнууд. Идэхээ ихэсгэн, амьтдынхыг танаж, өөрсдөө амарч, жарган зугаацаж, доороо буй амьтдыг хүнд хөдөлмөрөөр дарж, идэх хоолыг нь багасган, нөгөө сайхан амлалтуудаа умартдаг Гахайнууд !!! 

Өнөөдөр амандаа багтсан зүйлийг амлаж, дээр гарч аваад ард түмнээ мартдаг, өөрсдөө идээд ард түмнээ бүсээ чангал гэдэг, өөрсдөө амарч зугаацаж төсвийн мөнгө дуусгачихаад ард түмнийхээ нуруун дээр торгуулийн хүнд ачааг тавьдаг манай дээдэстэй агаар нэг.
Зохиолын хамгийн эмзэглэм хэсэг буюу амьтдын бурангуй, хүлцэнгүй, номхон дөлгөөн байдал… Ямар ч тархиа угаалгаж ханадаггүй юм бэ дээ. Эвий хөөрхий бид ч ялгаагүй, гадны нөхдүүд сүүний үнэ нь тавьхан центээр өсөхөд жагсаад болиулдаг юм билээ. Юмны үнэ өсөөд л байдаг, амьдралын чанар муудаад л байдаг энэ амьтадтай адил дээдэстээ итгэн, өөр хоорондоо ярин, тархиа угаалгасаар, зохицон амьдарсаар …
Бас нэгэн зүйл гахайнууд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө амьтдын фермийн хууль дүрмийг хичнээн ч өөрчилж, үг үсэг нэмж, арилгав даа.

  МАНай гахайнууд ч гэсэн өөрсөддөө зориулсан, өөрсдийгөө хамгаалсан, өөрсөддөө ашигтай хуулийг баталж, шинэчилж, бий болгох юм даа.
Магадгүй бичсэн үзэл бодол минь танд таалагдахгүй байж болно. Миний л үзэл, бас энэ номыг уншаад ухаарсан зүйлс минь юм.

Орчуулах »