Замын хөдөлгөөний дүрмээр сургалт зохион байгууллаа

0
42

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “Нарны зам” сургалтын төв, Тээврийн цагдаагийн алба, НТГ-тай хамтран Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээр сургалт зохион байгууллаа. Сургалт нь Засгийн газрын 2018 оны 238 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг жолооч нарт сурталчлан таниулах, замын хөдөлгөөний эрх зүйн мэдлэгийг сайжруулах,шаардлагатай мэдлэг мэдээллээр хангах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль дүрмийг мөрдүүлэх зорилготой.

Сургалтын үеэр зам тээврийн осол гарсан үед жолооч нар хоёр машиныг оролцуулан осолд орсон нөхцөл байдал, үзэгдэх орчин, замын тэмдэг тэмдэглэгээний зургийг заавал баримтжуулан авах хэрэгтэй. Баримтгүйгээр машиныг хөдөлгөсөн тохиолдолд ослын нөхцлийг тогтооход хүндрэлтэй. Хоорондоо харилцан тохиролцсон тохиолдолд заавал цагдаа дуудахгүйгээр даатгалын байгууллагаар хохирлыг шийдвэрлүүлэх боломж замын хөдөлгөөний дүрэмд орсон шинэчилсэн заалтаар бүрдсэн. Мөнгөн дүн нь 300 мянгаас дотогш хохирол учирсан тохиолдолд даатгалын байгууллагууд хохирлыг шийдвэрлэж байгаа. Мөн жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байхдаа заавал жолоочийн даатгалын баталгааг авч явах заалт хуулинд орсон. Автобусаа бүрэн зогсоогоогүй байхдаа зорчигч суулгаж, буулган, сургуулийн орчинд 20 км цагаас илүү хурдтай явж, зам түгжирсэн тохиолдолд хорооллын замаар дамжин өнгөрч болохгүй. Мөн хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх,гүйцэж түрүүлэх, баруун гар тийш эргэх, уулзвар нэвтрэх, замын тэмдэг тэмдэглэгээний заалтын утга зөрж байвал аль заалтыг баримтлах гэх мэт шинэчилсэн дүрэмд орсон шинэ заалтуудын талаар нэгбүрчлэн тайлбарлаж өгсөн. Энэ үеэр жолооч нар сонирхсон асуултаа хариулт авч хамтран ярилцав.

Харин явган зорчигчид зам хөндлөн гарахдаа алгуурлан удах,эргэж буцах, утсаар ярих, ном сонин унших, чихэвчний хөгжим сонсох, тэшүүр , ролик унах, бусад зүйлээр оролдохыг хориглоно. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд орхих, замын хөдөлгөөнд оролцуулах, мотоциклын арын суудалд авч явах, унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцуулах, зориулалтын бус суудал дээр авч явахыг хориглосныг танилцууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!