ЯДУУГИЙН ЗОВЛОН & ФРАКЦИУДЫН ЗОЛИОС

Хүүхнүүд сайн ахтай бол байр машин, утас, мөнгө гээд бэлэг өгнө. Харин залуусын сайн ах нар шоронд л явуулахын хэмээн цахим орчинд жиргэжээ. Үнэхээр ч дэд сайд асан Д.Ганбатын туслах бүсгүйгээс эхлээд дээшилж, дэвжсэн цөөнгүй бүсгүй бий. Үүнтэй ижил ах нарынхаа ар талыг даагаад аавын хаалга татсан нь олон. Жишээлбэл, УИХ-ын гишүүн асан Д.Дондог болон түүний туслах Д.Сайнбаяр, А.Батбилэг, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт холбогдох хэргийг шалгаж, улмаар хариуцлага тооцсон. УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг А.Батбилэг, Д.Сайнбаяр нартай бүлэглэн барилга барих газар олж өгнө гэж бусдыг залилсан хэмээн үзэж, хуулийн байгууллага шалгаж байв.

Мөн УИХ-ын гишүүн А.Телейханы туслах асан Ш.Айдос, түүний хамсаатан М.Алтанхуяг нарыг хуйвалдаж Ерөнхийлөгч, УИХ-ын даргын нэрийг барьж “Эм Си Эс”, “Жаст” зэрэг компаниас дөрвөн сая төгрөгийг хууран мэхэлж авсан хэргээр буруутгасан. Мөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нараас болж туслахууд нь мөнгө тараасан хэргээр хуулийн байгууллагад шалгагдав. МАН-аас Увс аймагт нэр дэвшин өрсөлдсөн эрхэм хоёр гишүүнийг сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан, гэрийг нь сурталчилгааны байр болгон ашиглах нэрээр сонгогчдод мөнгө төгрөг тараасан гэх үндэслэлээр сонгуулийн хороонд гомдол гаргасан байдаг. Эцэстээ асуудал шүүхийн байгууллагаар дамжиж, туслахууд нь ял үүрсэн юм. Ямартаа шүүгч шийдвэрээ уншсаны дараа өнөөх халдашгүй дархан эрхтэй гишүүд хоёул хоёулаа телевизэд яриа өгч Монгол Улсад шударга шүүх байгаад баярлаж талархаж байгаагаа нулимс дуслуулах шахан ярьж билээ. Харин тэр үед Увс фракцийнхны гар хөлийн үзүүрийн золиос болж залуус ял авлаа хэмээцгээж байсан юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр гишүүддээ мөнгө олж ирэх даалгавар өгсний дагуу Г.Шийлэгдамба хүчний байгууллагынханд гавлуулж байлаа. Авлигын хэргээр газар дээрээ баригдсан тэрбээр хорих ангиас үнэнээ илчилсэн захидал хүртэл илгээж байв. Мэдээж Н.Энхбаяр өөрийг нь гүтгэж байна гэх хариултыг олон нийтэд өгсөн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хуурай дүү С.Анхбаяр хоёр жилийн хорих ял сонсоод байна. Шүүхээс С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах, Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 жил хорих, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах ял оноосон байна. С.Анхбаяр нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллаж байсан бөгөөд авлигын хэргээр саатуулагдсан юм.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөг зарцуулсан тухай мэдээллийг цагдаагийн байгууллагаас олон нийтэд мэдээлсэн. Төрийн тэргүүний эзэмшлийн “Баянгол” зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” гэх хоёр компанид ЦЕГ-ын газраас санхүүгийн шалгалт хийж, дээрх мөнгийг илрүүлсэн байдаг.

Тухайн үед мөрдөн байцаагч Б.Оргил “Түмэн хишигтэн”, “Баялгийн сан” хоёр компанид УИХ-ын гишүүн Х.Баттулга хувь эзэмшдэг болох нь тогтоогдсон. Шалгалтын явцад эдгээр аж ахуйн нэгжийн захирал, нягтлан бодогчийн нэрээр эх үүсвэр нь тодорхойгүй 10 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь тогтоогдлоо. Гишүүний туслахаар ажиллаж байсан хүмүүс хууль бус шийдвэр гаргахад нөлөөлөх хэмжээний албан тушаалд ажиллаж байсан” гэж байв.

Түүнчлэн улсын нууц задруулсан хэргээр УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн туслах найман жилийн ял сонсоод байна. Тэрбээр УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажилладаг байх үеэс эхлэн зөвлөхөөр нь ажилладаг байсан нэгэн. Өнгөрөгч хугацаанд З.Пагмажав нь Тайвань улс руу Монгол Улстай холбоотой нууцын зэрэглэлтэй мэдээ, мэдээллийг гаргадаг байсан нь тогтоогдсон бололтой. Харин эрхэм гишүүн “Юу болоод байгааг сайн мэдэхгүй байна” гэх маягаар буюу мэдэхгүй гэдэг үг мянган асуултын таглаа байдлаар хэвлэлийнхэнд хариулт өгч байсан юм. Гэхдээ дийлэнх хүн түүнийг туслахдаа ял үүрүүллээ хэмээн буруутгасан хэвээр байна.

Хардах үндэслэл нь М.Батчимэг гишүүн Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан. 1991-1995 оны хооронд Бээжингийн хэл соёлын их сургуулийг Хятад хэл, түүх судлаач мэргэжлээр, 1999-1997 онд Тайванийн төрийн их сургуульд улс төр судлалын магистрантаар суралцаж төгссөн нэгэн юм. Гэхдээ үүнээс илүүтэй түүний нөхөр Ц.Эрдэнэбаяр ч мөн адил Тайвань улстай ямар нэгэн байдлаар холбоотой гэдэг. Учир нь тэрбээр Тайванийн 100 хувийн хөрөнгө оруулалттай  “Кэй энд Ти” констракшны захирлаар ажилладаг аж. Компанийн тухайд өнгөрсөн хугацаанд Аман хуур цогцолбор хотхоныг иж бүрнээр нь барьж байгуулсан байна.

Товчхондоо том фракциуд ямар нэг зүйл дээр, хувь урамшуулал дээрээ  тохиролцохгүй бол хэн нэгнийхээ ах дүү, төрөл саданд ямар нэг зохиомол хэрэг үүрүүлж ялладаг явдал гэм биш зан боллоо гэдгийг төрийн хүрээнийхэн ярьж байна. Энэ талаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч хэлж байсан удаатай. Түүний хүргэн Г.Дэнзэн хэцүү нэртийнд ачигдахад ийм зүйл тохиолдсон хэмээн жишээ болгон буруутгасныг эргэн саная. 26-хан насандаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болсон түүний хүргэн дүү “Эрдэнэс МГЛ”, Төрийн банк, “Эрдэнэс Тавантолгой”, ШУТИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр давхар ажиллаж байсан юм. Тэгэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын алба хашдаг байв. Гэвч нэг л өглөө 17 тэрбумын тендерт нэр нь холбогдож, дээлээ нөмөрсөн.

Ямартай ч мэдлэгтэй, боловсролтой олон олон сэхээтэн залуус энэ мэтчилэн сайн ах, эгч нарын хөлд чирэгдэж, хэцүү нэртийнд хүргэгдсээр байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!