Буруу хүрд

УИХ-ын гишүүн гэхээсээ “MCS”-ийн Л.Энх-Амгалан гэвэл олон нийт андахгүй. Ямартаа Оюутолгой, Тавантолгойн төсөлтэй ашиг сонирхлын зөрчилтэй гишүүнээр нэн тэргүүнд түүнийг нэрлэх нь бий. Улаан, бас цэнхэр батлахтай УИХ-ын дэд даргын жилийн орлого нь 2013 онд УИХ-ын гишүүнээр анх сонгогдож байхад нь 19776.13 мянган төгрөг байв. Түүнээс хойш тасралтгүй өсч 2016 онд 75924.55 мянгад хүрч байлаа.  Харин өнгөрсөн жил ялимгүй буурч 22919.47 болжээ.

Хоёр ч төрд нүүртэй хүн гэлтэй. Учир нь түүний халаасанд цэнхэр бас улаан батлах бий. Магадгүй бизнес эрхэлж явахад аль нам засгийн эрхийг барьж байгаагаас хамаарч ашигладаг байсан байж мэдэх юм. Ямартаа сэтгэл нь хөөрч ардчиллын баярын өдрөөр “Ардчилсан холбооны анхдугаар их хурлын төлөөлөгчийн мандат”-ыг өөрийн биеэр үзүүлж онгирч байх вэ дээ. Үүнээс үүдэлтэй АН-ын нарийн бичгийн дарга Д.Анхбаяр Л.Энх-Амгалан гишүүнийг “Манай намын гишүүн” гэчихэв. Хариуд нь Л.Энх-Амгалан “Намайг АН-ын гишүүн гэдгийг нотлох баримт, намын гишүүний үнэмлэх гаргаад ирвэл 1000 ам.доллар өгье”  хэмээн маргаад амжсан. Гэтэл Хөвсгөл аймгийн АН-аас Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт “Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн асан Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нь өнөөдрийг хүртэл аймгийн Ардчилсан намын үүр хороонд намаас гарах өргөдөл өгөөгүй, намын батлахаа буцааж өгөөгүй болно” гэх албан бичиг, татвар төлсөн баримтыг ирүүлж, нүүрийг нь түлэв. Сэтгэлийн хөөрлөөр үзүүлсэн мандат ингэж ар талыг нь илчлэх хэмжээнд хүрэх юм чинээ хэн санах билээ. Энэ нь Д.Анхбаярт 1000 ам.доллар өгөх хэмжээний факт мөнөөс мөн тул тэрбээр түмний өмнө амалсан мөрийгөө өгсөн гэдэгт найдъя.

Мань эр буруугаа үтэр түргэн ойлгож, алдаагаа засдаг сайн талтайг сошиал даяар мэднэ. Гарцгүй газраар зам гарч байгаа зургийг нь цахим орчинд постлонгуут “Торгуулиа төлснөө хэлж, дахин ийм үйлдэл гаргахгүй” хэмээн ам алдаж, амлаж байсан. Харин хөөрхий минь, өнгөрсөн зуныг Хөвсгөлийн Засаг дарга Л.Ганболдоос болж амар тайван өнгөрөөж чадаагүй гэхэд хилсдэхгүй. Түүний тойргийн Засаг ноён Л.Ганболдыг Засгийн газар хууль бусаар томилсон хэмээн  Цэц эцэслэн шийдвэрлэсэн тул өөр хүн томилох шаардлага тулгарсан юм. Эл үйл явдалтай Л.Энх-Амгалан тийм ч хялбархан эвлэрэхийг хүссэнгүй. Ямартаа Засаг ноёныг сэнтийд нь авч үлдэхийн тулд зуныг барсан.

Нөгөөтэйгүүр хөрөнгө мөнгө хуримтлуулдаггүй байсан дэд дарга 2016 оноос эхлэн хойш нь сэм хийх болжээ. 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлгээр тэрбээр хадгаламжиндаа 11780.95 мянган төгрөгтэй. Гэр бүлийнхэн нь 2016 онд л анх удаа бөгөөд эцсийн удаа 3901.91 мянган төгрөгийн орлого олсон гэж байгаа.

Тэр бүр үг дуугараад байдаггүй мань дарга хаяахан чанга гэгч нь под хийтэл хэдэн үг хэлчихдэг болоод байгаа. Жишээ нь, Ерөнхийлөгч Х.Баттулга тамгаа гардаад удаагүй хэд хэдэн асуудалд хориг тавих үеэр Л.Энх-Амгалан “Энэ хоригийг Монгол Улсын Ерөнхийлөгч тавиад байгаа юм уу, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тавиад байгаа юм уу. Ерөнхийлөгч ийм асуудлаар хориг тавихгүй. Ерөнхийлөгч та одоо “Женко” группийн тэргүүн биш бүх ард түмний Ерөнхийлөгч гэдгээ ойлгож ажиллаач. УИХ-ын микрофон ашиглаад УИХ-ын гишүүдийн нэр хүндэд халдаад сууж болохгүй. Яасан их өшөө, хорсол вэ. Үндэсний баялаг бүтээгчидтэй сүүлийн 10 жилд хийсэн дайн тулаанаа зогсоо! Одоо боль! Та бол Монгол Улсын Ерөнхийлөгч. Тулга тойрсон улстөр хийхээ больё. Хоолондоо хориг тавихаа боль” хэмээж байхав.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!