Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий хаусыг “”УБТЗ” ХНН-д шилжүүллээ

Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа Зайсанд 370 м2 талбай бүхий 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй  таун хаусыг 2014 онд УБТЗ ХНН-ын хөрөнгөөр бариулсан. Үүнийг “”УБТЗ” ХНН хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд хандсан юм.

Тухайн үед энэ асуудал олон нийтийн анхааралд өртөхөд Л.Пүрэвбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надаас одоо энэ орон сууцыг авъя гэвэл эхлээд надад өгсөн Ерөнхий хорооны шийдвэрээ цуцлаад хамтарсан үйлдвэрийнхээ дотоод асуудлаа дотроо шийдээд ир! Оросын талаас В.Н.Морозов удирдаж, Ерөнхий хорооны шийдвэр, түүний надтай байгуулсан хүчин төгөлдөр контрактыг яахаа дэд сайд Б.Цогтгэрэл, шинээр томилогдсон дарга Д.Жигжиднямаа нар хуулийн дагуу шударгаар өөрсдөө хариуцаад шийдчих. Монголын шүүхийг Орос, Монголын хоорондын асуудалд оролцуулахаа болих хэрэгтэй” гэж мэдэгдэж байсан удаатай.

Тэгвэл “”УБТЗ” ХНН-ийн нэхэмжлэлтэй энэ хэргийг Улсын дээд шүүх өчигдөр эцэслэн хэлэлцлээ.  Тодруулбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын нэхэмжлэлтэй, Л.Пүрэвбаатарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь хариуцагч Л.Пүрэвбаатарт холбогдуулан, Замын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээр ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь эзэмшүүлж байсан нийгэмлэгийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргаж, хариуцагч Л.Пүрэвбаатар нь маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг мөн шүүхэд гаргасан аж.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Л.Пүрэвбаатарын өмчлөлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд орших орон сууцыг шилжүүлэхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  мөн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд  байрлах орон сууцыг хариуцагч Л.Пүрэвбаатарын эзэмшлээс чөлөөлж, орон сууцыг нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д шилжүүлэхийг даалгаж,  Л.Пүрэвбаатарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч Л.Пүрэвбаатарын эзэмшлээс чөлөөлж,  нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д шилжүүлэхийг даалгасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эх сурвалж:tac.mn tac.mn


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!