Улсын хэмжээнд өнгөрсөн онд 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал, жуулчлалын яамтай хамтран “Усны хөгжил ба сайн засаглал” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгууллаа.

Усны салбарын засаглал болоод бодлогын хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлаар ярилцаж уриалга, зөвлөмж гаргах энэхүү хэлэлцүүлэгт эрдэмтэн, докторууд оролцож, усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулахыг судлан шийдвэрлэх ёстой гэж үзсэн юм. Мөн Усны үндэсний зөвлөл байгуулан ажиллуулах, эрх зүйн орчныг бий болгох зэрэг асуудлыг судалж, усны салбарт бодлогын шинэчлэл хийх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар онцгой анхаарал хандуулж тууштай ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт чиглэл болгоод байгаа юм.

Хэлэлцүүлгийг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үг хэллээ. Тэрбээр, “Монгол Улсын иргэн Үндсэн хуулиараа эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Эдгээр эрхийг хангах нэг орчин бол ус юм. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүн амыг ундны усаар хүртээмжтэй хангах, чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг өндөржүүлэх арга хэмжээ авахаар заасан. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг зүй зохисгүй ашигласан хүний буруутай үйл ажиллагааны улмаас Монгол орны өндөр уулын мөнх цас, мөсөн голын усны нөөц багасаж, 2017 оны байдлаар 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэж, цөлжилт нэмэгдэх, томоохон төв суурин газруудын ундны усны нөөц шавхагдах зэрэг бодит аюултай манай улс тулгарчээ. Монгол Улсын усны салбарын чиг үүргийн хуваарилалт Ерөнхий сайдын болон 10 яам, хоёр агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд хуваагдсан байдалтай байгаа нь усаа хамгаалах, нөөцлөх, дахин ашиглах, говийн бүс нутгийг усжуулах, уул уурхайн салбарт ашиглаж буй усны зохистой хэрэглээг хангах, хянах зэрэг ажилд ихээхэн хүндрэл учруулж, уг асуудлыг цогцоор нь хариуцаж, төрөөс усны талаар баримтлах нэгдсэн бодлогыг зөв оновчтойгоор төлөвлөн хэрэгжүүлэх, шинэчлэл өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлага үүсээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс уг асуудалд анхаарал хандуулан, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан хэд хэдэн удаагийн уулзалт ярилцлагыг зохион байгуулж, гаргасан чиглэл шийдлийн хүрээнд, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.1-д заасан Усны нөөцийн хомсдолоос сэргийлэхэд чиглэсэн гадаргын усыг хуримтлуулж ашиглах, газрын доорх усны нөөцийг хамгаалах, зохистой хэрэглээг бий болгох, усны хомсдол бүхий нутаг, говийн бүсийг усжуулах, усны сав газрын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хот суурин газрын усан хангамжийг сайжруулах зэрэг эрх зүйн орчны шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар тодорхой санал санаачилга гарган ажиллаж байна. Иймд усны салбарын бүтэц, зохион байгуулалт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, төрөөс усны талаар баримтлах нэгдсэн бодлогыг улсын хэмжээнд цогцоор нь хариуцан хэрэгжүүлэх усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Усны агентлагийг Засгийн газрын зохистой бүтцэд тулгуурлан байгуулах болон судлаач, мэргэжилтнүүдээс бүрдсэн Усны үндэсний зөвлөл байгуулан ажиллуулах, эрх зүйн орчныг бий болгох зэрэг асуудлыг судлан үзэж, холбогдох хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийг боловсруулан батлуулах, усны салбарт бодлогын шинэчлэл хийх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар онцгой анхаарал хандуулж тууштай ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт чиглэл болгоод байна” гэлээ.

Манай орон 564.8 сая шоо метр усны нөөцтэйгөөс ердөө 10.5 сая шоо метрийг ашиглах боломжтой аж. Учир нь нийт энэхүү нөөцийн дийлэнх буюу 80 орчим хувь нь хангайн бүсэд, томоохон голуудын хөндийд бүрэлдэн бий болдог бөгөөд 70 хувь нь оёр хөрш орон руу урсан гардаг байна. Мөн баталгаат ундны усаар хангагдсан хүн амын эзлэх хувь аймаг, нийслэлд ихээхэн ялгаатай байна. Улсын хэмжээнд нийт хүн амын 80.4 хувь, Улаанбаатарт 99.5 хувь баталгаат ундны усаар хангагдаж байна. Гэвч, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Сүхбаатар, Говь-Алтай, Хэнтий зэрэг долоон аймгийн 20 гаруй сумын хүн ам эрдэсжилт, хатуулаг ихтэй ус хэрэглэсээр байгаа аж. Түүнчлэн улсын хэмжээнд нийт хүн амын 41.1 хувь шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдаж байгаагаас 26.4 хувь нь ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд холбогдсон байна. Шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламжийн 40 хувь нь энгийн нүхэн жорлон эзэлж байгаа бөгөөд хүн амын 18.8 хувь нь ариун цэврийн байгууламжгүй хэвээр байгаа юм. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал усны нөлөөгөөр Туул голын ус Сонгины гүүрнээс Төв аймгийн Алтанбулаг сум хүртлэх хэсэгт “Маш бохир” гэж үнэлэгдэн, усан дахь органик бодисын агууламж усны чанарын стандартаас 2-120 дахин, азот стандартаас 1,4-42 дахин давж бохирдсон байдалтай хэвээр байгаа юм байна. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу усны салбарын бүтэц, зохион байгуулалт, хяналтын механизмыг боловсронгуй болгож, ашиглагч нь хамгаалах, бохирдуулагч нь төлдөг хариуцлагын механизмыг бий болгох шаардлагатай гэж зөвлөгөөнд оролцогчид үзсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!