Т.Ууганбаяр: Дэлхийд танигдах шинэ зууны Монгол иргэнийг бэлтгэнэ

БСШУСЯ-наас боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөөг боловсруулах сургалт семинарыг ЮНЕСКО-тай хамтан энэ сарын 20-25-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Шинэ зууны мэдлэгтэй, ухамсартай, дэлхийд үнэлэгдсэн монгол иргэдийг бүтээх зорилготой энэхүү сургалтын талаар  БСШУСЯ-ны Олон улсын төсөл хөтөлбөр , гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий ажлын хэсгийн нарийн бичгийн дарга,доктор Т.Ууганбаяраас тодрууллаа.

Энэ удаагийн боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах сургалт ямар онцлогтой болж байна вэ?

Энэхүү сургалтаар бид Монгол улс боловсролын салбарт ирэх арван жилд төрөөс ямар бодлого баримтлах вэ гэсэн төрийн бодлогын бичиг баримт дээр ажиллаж байна. Дөрөв дэх удаагаа зохиогдож буй уг семинар өмнө зохиогдож байсан сургалтуудаас нэлээд онцлогтой. Тухайлбал, шинэ зуунд дэлхий даяарчлагдаж байна. Тэр дундаа хөдөлмөрийн зах зээл их даяарчлагдаж байгаа. Суралцагчид дижитал болсон ийм цаг үед болж буйгаараа онцлогтой юм.

Тиймээс шинэ зуунд монгол иргэд ямар байх ёстой, мөн монгол хүн, монгол төрийн дүр төрх  дэлхийд хэрхэн харагдах вэ гэдэг талаар бодлогын бичиг баримтуудыг боловсруулах хэрэгтэй. Орчин үед ямар улс орон хөгжиж байна вэ гэхээр дэлхийн бүтээлч эдийн засагт нэгдэж чадсан тийм л улс орон хөгжиж байна. Тэгэхээр үүнийг хэн бүтээх вэ гэхээр бүтээлч сэтгэлгээтэй, иновацлаг мэдлэгтэй тийм иргэд бүтээж чадна. Тийм иргэдийг бэлтгэх хамгийн том үе шат бол сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, дээд боловсрол.

Бүхэл бүтэн салбарын ирээдүйн төлөвлөгөө гэдэг нүсэр их ажил. Үүнийг хэрхэн яаж хийж байна вэ?

Тэгэлгүй яахав. Энэ бол асар их цаг хугацаа зарцуулах, багаар нэг сэтгэлтэй нэг санаатай ажиллаж байж гарах зүйл. Бид СӨБ, ЕБ, Дээд боловсролын салбаруудын шилдгүүдийг урьж оролцуулж байна. Мөн дээр нь манай шинжлэх ухаан салбарын эрдэмтэд оролцож байна. Технологи хөгжиж буй энэ үед хөдөлмөрийн зах зээл нь ирээдүйд ямар боловсролтой, ямар мэдлэгтэй хүн үнэлэгдэх вэ гэдгийг тодорхойлоход хэцүү болсон байна. Зарим мэргэжил ирэх арван жил битгий хэл ойрын таван жилд устаж үгүй болж байна. Тэгэхээр их уян, дасан зохицох чадвартай тийм иргэдийг бэлтгэх шаардлага гарч байгаа юм. Боловсролын салбар дан ганц математик, анги хэл дээр голлон анхаардаг байсан бол одоо хоцрогдож байна. Одоо байгалийн ухаан, нийгмийн ухаан, уран зохиолын гэх мэт мэдлэгтэй өөрөөр хэлбэл аливаа нийгмийн асуудлыг цогцоор нь харж чаддаг, хувьсах чадвартай тийм монгол хүнийг бий болгох хэрэгтэй. Мөн Монгол нэрээрээ бахархдаг, Монголын нийгэмдээ хайртай хүнийг бий болгоход чиглэгдэж байна. Тиймээс эхний ээлжинд боловсролын салбарт байгаа асуудлуудыг илрүүлнэ. Дараа нь тэдгээрээс гарах бодлогын шийдлээ тавих юм. Улмаар бидний тавьсан шийдэл жилийн дараа батлагдан хэрэгжинэ. Тэгээд арван жилийн дараа бид дахин алдаа оноогоо хэлэлцэх ёстой.

Шинэ зууны боловсролтой, ухамсартай иргэдийг төлөвшүүлэхийн тулд цэцэрлэгээс нь эхлээд бэлтгэнэ гэлээ. Одоогийн монгол хүний чиг хандлага ямар байна вэ?

Өнөөдөр монгол хүний нэр төр үнэ цэнэ дэлхийд нэлээд унасан байна. Энэ нь нөгөө 90-ээд оны замбараагүйдэлтэй холбоотой. Одоогийн залуусыг харвал соёлын олон буруу хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, хар тамхи хэрэглэж байна, хүнтэй нийцэхгүй байна, сошиал медиа дээр байгаа хуурамч мэдээллүүдэд автаж юманд өөрийнхөөрөө хандаж дүгнэлт хийж чадахаа байсан. Өөрөөр хэлбэл дүгнэж цэгнэхдээ муудаж алсыг харж чадахгүй зөвхөн өнөөдрөө харж байна. Хоёрдугаарт дэндүү хувиа хичээж амиа бодсон, надад бүх юм таалагдах ёстой гэсэн хандлагатай болж. Угтаа би хүнд хэрэгтэй хүн болох ёстой, би нийгэмдээ хэрэгтэй хүн болох ёстой гэсэн зөв бодолтой байх хэрэгтэй. Тиймээс СӨБ, ЕБ, дээд боловсролоор дамжуулан энэ бодлыг төлөвшүүлэх хэрэгтэй юм. Мөн дээр нь эрдэм боловсролтой, бүтээлч монгол хүнийг бий болгох нь боловсрол салбарын эрхэм зорилго юм.

 

 

 

 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!