О.Лхагвацэдэн: Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар бүртгэнэ

0
148

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж байгаа “Буянт ухаа-II” хорооллын хоёрдугаар ээлж буюу 972 айлын орон сууц 2018 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Уг сууцны барилгын явц болоод тус орон сууцад хамрагдах иргэдэд ямар шалгуур нөхцөл тавигдах, хэзээнээс иргэдийн материалыг авах талаар БХБЯ-ын Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэнгээс тодрууллаа.

Буянт ухаа-II хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууц барих ажил ямар шатандаа явж байна. Иргэдийн дунд барилгын явц удаашралтай байна гэсэн яриа байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юү. Товлосон хугацаандаа ашиглалтад орно биз дээ?

Буянт ухаа-II хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууц барих ажил төлөвлөсөн хугацаандаа явж байна. Одоогоор барилгын ажил 80 гаруй хувьтай явж байгаа. Гадна тохижилт, пассадын ажил хийгдэж байна. Тус хорооллын барилгын ажилтай өнгөрсөн долоо хоногт Барилга хот байгуулалтын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр очиж танилцсан.

Буянт ухаа-II хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууц барихтай холбоотой санхүүжилт нь Хөгжлийн банкнаас хамааралтай байгаа. Үүнтэй холбоотойгоор тухайн орон сууцад хамрагдах иргэдэд тавих шалгуурт өөрчлөлт орсон уу. Ер нь ямар шалгуур нөхцөл тавигдах юм бэ?

Улаанбаатараас гадна Орхон, Хөвсгөл, Дундговь, Говь-Алтай аймгийг хамарсан 1562 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа. Эдгээр орон сууцны барилгын ажил дуусахаар Засгийн газар түрээсийн орон сууцны санд авах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Одоогийн байдлаар түрээсийн орон сууц хөтөлбөрийн журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учраас Засгийн газар 1562 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны санд авахаар шийдвэл түрээсийн орон сууцны журмын дагуу шалгуур тавигдана. Үүнээс гадна Орон сууц үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналыг Засгийн газарт  оруулахаар бэлдэж байна. Уг хөтөлбөр батлагдвал түрээсийн орон сууц хөтөлбөрийг дотроо багтаана. Ингэснээр 972 айлын орон сууцад хамрагдах иргэдэд Орон сууц үндэсний хөтөлбөрийн дагуу шалгуур тавина.

Улаанбаатар хотод баригдаж байгаа 972 айлын орон сууц арваннэгдүгээр сардаа багтаад ашиглалтад орно гэж ойлгож байна. Уг орон сууцад хамрагдахыг хүсч байгаа иргэд хэзээ материалаа өгөх вэ. Хаана, хэнд өгөх ёстой юм бэ?

Одоогийн байдлаар ямар нэг бүртгэл хийгдээгүй байна. Түрээсийн орон сууцны хүртээмж муу  байгаагаас гадна бүртгэлийн талаар гомдол их гарч байсан. Тиймээс олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг баримталж, иргэдийг түрээсийн орон сууцны санд цахимаар бүртгэхээр болсон. Цахим бүртгэл хийх программ хангамжийн ажлыг хийж дууссан. Одоо туршилтын ажлуудыг хийж байна.

Түрээсийн үнэ ямар байхаар төлөвлөгдөж байна вэ?

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн дагуу нийслэлд байгаа орон сууц нэг ам метр нь 6500 төгрөг, хөдөө орон нутагт 4000 төгрөг байхаар тогтоосон байдаг. Түрээсийн орон сууц хөтөлбөр өөрчлөгдөөгүй тохиолдолд үнэ өөрчлөгдөхгүй.

Үүнээс гадна дундаж орлоготой иргэдэд зориулсан түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж байсан. Энэ ажил юу болж байна вэ?

БНСУ-ын Засгийн газраас олгох 500 сая долларын зээлээс Буянт ухаа-III, Эко яармаг-1,2 зэрэг 8000 айлын орон сууцны төсөлд зарцуулах саналыг Засгийн газарт хүргүүлээд дэмжсэн байгаа. Мөн БНСУ-ын Эксим банк ч төслийг хэрэгжих боломжтой төсөл гэж үзэж дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Одоо хоёр улсын Засгийн газрын комиссийн хурлаар зээлийн асуудал хэлэлцэгдэж, эцэслэн шийдвэрлэгдвэл энэ төсөл хэрэгжих нөхцөл бололцоо бүрдэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!