МЭС ЗАСАЛЧИД 90 ЖИЛИЙН ОЙГОО АМЖИЛТ АРВИН УГТАЖ БАЙНА

0
75

Монгол Улсад мэс заслын алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Ууган мэс заслын алба нь өнөөдрийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг аж. Анх 1928 онд байгуулагдсан энэхүү тасаг түүхт 90 жилийн ойгоо томоохон амжилтуудаар угтаж байгаа юм байна. Энэ хүрээнд УНТЭ-ийн Мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаахын шинжлэх ухааны доктор профессор, Монгол Улсын хүний гавьяат эмч О.Сэргэлэнтэй уулзаж ярилцлаа.

УНТЭ-ийн Мэс заслын тасгийн түүхээс сонирхуулаач?

Анх 1925 оны аравдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо анхны улсын эмнэлэг болох “Ардын эмнэлэг”-ийг байгуулсан түүхтэй. Уг эмнэлэг нь нийт 15 ортой хоёр хэсэг байшингаас бүрдэж европ болон түвд, монгол эмчилгээтэй байсан. Энэ эмнэлгийг одоогийн УНТЭ-ийн үндэс суурь нь байсан гэж үздэг. БНМАУ-ын Засгийн газрын урилгаар ирж ажиллаж байсан ЗХУ-ын эмч нарын тусламжаар эмнэлгийн 10 гаруй барилгын зураг зурагдаж, баригдаж эхлээд 1928 оноос ашиглалтад орсон байгаа юм. Ингээд 1928 онд ашиглалтад орсон европ эмнэлгийн хэсэгт анхны мэс заслын тасаг байгуулагдаж ЗХУ-ын эмч Н.Н.Конопацкий тэргүүлж П.Н.Шастин ординатор эмчээр нь ажиллаж эхэлсэн түүхтэй. Ингэж Монгол Улсад мэс заслын алба үүссэн бөгөөд энэ нь одоогийн УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасаг юм. Өөрөөр хэлбэл УНТЭ-ийн Мэс заслын тасаг бол Монгол Улсад мэс заслын алба үүсч хөгжсөн уул уурхай нь л даа. Тасаг маань 90 жил хөгжих явцдаа маш их ололт амжилтад хүрсэн. Үе үеийн олон эрдэмтдийг төрүүлэн гаргасан байдаг. Тухайлбал, монголын анхны эмэгтэй мэс засалч АШУ-ы доктор, академич Ичинхорлоо багш, зүрхний Шагдарсүрэн багш, ард түмэнд Пэлжээгийн цагаан гэж алдаршсан АШУ-ы доктор, гавьяат багш П.Долгор, Хөдөлмөрийн баатар Нямхүү, Отгондалай багш зэрэг бүхий л хүмүүс энэ тасгаас төрөн гарсан юм. Тэд монголын анагаахын шинжлэх ухааныг тэр дундаа мэс заслын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс.

Тухайн үед ЗХУ-ын эмч нар л байсан хэрэг үү?

Ихэвчлэн ЗХУ-ын эмч нар байсан. Монголын анхны мэргэшсэн сувилагч нь Р.Бумаа бөгөөд 1926 онд сувилагчийн курсыг төгсөж ирсэн байдаг. Харин анхны эмч нь 1928 онд Эрхүү хотын анагаах ухааны дээд сургуулийг төгссөн Ц.Сэржмядаг эмч юм. Эдгээр хүмүүс орчин цагийн эмнэлгийн үндэс суурь болсон энэхүү эмнэлэгт ажиллаж байсан түүхтэй. Үүний дараа 1938 онд Б.Маань, В.Ичинхорлоо, Б.Гэпэлмаа, 1942 онд Т.Шагдарсүрэн зэрэг монголын анхны мэс заслын эмч нар ЗХУ-ын Анагаах ухааны их сургуулийг төгсөж ирсэн.

“Ардын эмнэлэгт” ямар мэс ажилбарууд хийгдэж байсан бол?

Анх хөл гар тайрах, хатиг буглаа нээх зэрэг жижиг ажилбарууд хийгдэж байсан гэдэг. Харин П.Н.Шастин ирснээр мухар олгой авах, гэдэсний түгжрэл зэрэг анхны томоохон бусад мэс заслуудыг хийж эхэлсэн.

УНТЭ-ийн мэс заслын тасгийг бусад салбрынхаа анхдагч гэж ярьдаг?

Нэгт анхны мэс заслын тасаг. Хоёрт энэ л тасгаас одоогийн бүх мэс заслын салбарууд хөгжиж гарсан. Тухайлбал, хүүхдийн мэс засал, чих хамар хоолой, эрүү нүүр, хавдар, гэмтэл гэх мэт мэс заслын салбарууд хөгжиж тусгаар айл болсон. Тиймээс бусад мэс заслын салбаруудынхаа үндэс суурь гэж ярьдаг юм шүү дээ.

Тэртээ 1928 оноос хойш одоо ямар амжилтаар 90 жилийн ойтойгоо золгож байна вэ?

Монгол улсын мэс заслын албаны олон улсын хэмжээнд байгуулсан амжилтууд нэлээд бий. Жишээлбэл, бэтэг судлал байна. Ичинхорлоо, Нямхүү, Гоош багш, Отгондалай эмч зэрэг олон эрдэмтэн энэ чиглэлээр ажиллаж монголд бэтэг гэдэг өвчинг бараг үгүй болгож дэлхийн бэтэг судлал гэдэг үйл ажиллагаанд маш том хувь нэмэр оруулсан.

Мөн манай ууган тасаг дээр олон жил хөгжиж ирсэн бас нэг салбар бол булчирхайн мэс заслын салбар байдаг. Үүнийг гавьяат эмч Х.Аюуш эхлүүлэн одоо түүний шавь нар амжилттай үргэлжлүүлэн авч явж байна. Бас цээжний мэс заслын хэсгийг Цогтоо эмч маань үүсгээд одоо мөн шавь нар нь үргэлжлүүлж байгаа. УНТЭ-ийн мэс заслын тасаг нэгдүгээрт, монголын анхны дурангийн мэс засал хөгжсөн тасаг юм. АНУ-ын эмч А.Х.Рашер гэж хүн сайхан сэтгэлээр манай улсад 1996 онд анхны дурангийн мэс заслын багажийг бэлэглэж байв. Ингээд Хөдөлмөрийн баатар Отгондалай багш, Нямхүү багш, Ганболд багш, Сонин зэрэг хүмүүс явж суралцаад дурангийн мэс заслыг Монголд хөгжүүлсэн. Цаашлаад 2005 оноос АНУ-ын Юта их сургуулийн профессор Рай Прайс, “Swanson-ны гэр бүлийн сан”-тай хамтарч хот хөдөөгүй дурангийн мэс заслыг хөгжүүлсэн. Одоо бол хоёрхон аймагт л дурангийн мэс засал хийдэггүй. Бусад аймагт нь хэвлийн хөндийн мэс засал гэлтгүй цээжний хөндий, булчирхайн, бүдүүн шулуун гэдэс тайрах зэрэг дурангийн мэс заслуудыг амжилттай хийж байна. Дурангийн мэс засал эдгэрэлт түргэнтэй, өвдөлт багатай тул дэлхийд дээгүүрт яригддаг. Урьд нь бид цөсний хүүдий авах мэс заслыг нээлттэй ажилбараар хийдэг байсан. Энэ нь өвдөлт ихтэй, хагалгааны дараа 7-10 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг байсан бол одоо дурангийн хагалгаанд орсноор мэс засал хийлгээд маргааш нь эмнэлгээс гарах боломжтой болсон. Ер нь тухайн улсын анагаахын шинжлэх ухааны хөгжлийг дурангийн мэс заслын чадамжаар нь тодорхойлдог гэхүү дээ.

Хоёрдугаарт, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг анх амжилттай хийж гүйцэтгэсэн тасаг юм. Одоо УНТЭ нь элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгаж байна. Бид элэг шилжүүлэн суулгах мэс заслыг УНТЭ-ийнхээ Ерөнхий мэс заслын тасагт нутагшуулсан гэж хэлэхэд болно. Өнөөдрийн байдлаар 50 гаруй хүнд хийсэн, үр дүн ч гайгүй байгаа. Энэ мэтчилэн 90 жилийн хугацаанд дэлхийн анагаах ухаантай хөл нийлүүлэн алхаж чадаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!