Д.Баяраа: Энхийн цагт ийм эмгэнэлтэй дүр зургийг харах гэж…

Ерөнхий боловсролын “Үй-Цай” бүрэн, дунд сургуулийн захирал Д.Баяраагаас дээрх нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Танай сургууль руу ирэхийн тулд багагүй хүнд замыг тууллаа шүү?

Манай сургууль хос хэл дээр сургалтын хөтөлбөрөөр хичээллээд 22 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Урьдчилсан статистик тоогоор 1000 гаруй сурагч суралцдаг. Өнгөрөгч тавдугаар сарын сүүлчээр Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулиас манай сургуульд албан бичиг ирүүлсэн. Албан бичгийн агуулга нь нэгдүгээрт, кадастрын зураглалаараа манай сургуулийн сууринд тулахаар байгааг дурьдсан байсан.

Өөрөөр хэлбэл, танай сургуульд тулталх бүх зай Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн эзэмшлийн газар байх нь тийм үү?

Шинээр гаргасан кадастрын зураглалаараа тийм гэсэн. Ингэснээр баруун болон зүүн талаасаа зорчих явган хүний гарц, тэр чигээрээ хаагдаж байгаа юм. 30 гаруй жил хүүхэд, багачууд хэнбугай ч явган зорчиж байсан хэсэг, мөн тээврийн хэрэгсэл, тэр дотроо хүүхдийн автобус зогсдог зогсоол хэсгийг хязгаарлачихсан байсан. Өөрөөр хэлбэл, явган хүний зорчих хэсэг, зогсоол хэсэг байхгүй болчихсон. Өнөөх кадастрын зураг, хязгаарлалтын хэсгээрээ төмөр хашаа хүрээлүүлэхээ мэдэгдсэн утгатай.

Албан бичгийг авсныхаа дараа М.Должин захиралтай уулзсан уу?

Албан бичигтэй танилцсаныхаа дараа уулзсан. М.Должин захирал дээр албан бичгээ бариад хүртэл орсон. Би тэр хүнд хоёр зүйл санал болгосон. Нэгдүгээрт,  Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль төмөр хашаа барьснаар баруун, зүүн талаасаа хүүхэд, эцэг, эх, багш, иргэн, танай сургуулийн оюутан ч гэсэн зорчих хэсэггүй болж байна. Манай сургууль руу нэвтрэх гэсэн хүмүүс дүүжин гүүрээр орох хэмжээний асуудал үүснэ. Ийм байж болмооргүй байна. Бид нар XXI зуунд ажиллаж, амьдарч байна. Бид нийслэл хотын Сүхбаатарын талбайгаас 700-хан метрт, ижил төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа эрхэлдэг. Ямар нэгэн бизнес үйлчилгээгээрээ хэн хэндээ хортой зүйл байхгүй. Харин дэвшиж, хөгжиж, стратегиа зөв төлөвлөөд хамтарвал бие биендээ илүү их зөв нөлөөлөлтэй. Тийм учраас шинэчлэн гаргасан кадастрын зургийн дагуу хашаа барих гэж байгаа энэ ажлаа зогсоогоочээ. Харин үүний оронд баруун талаасаа орж байгаа шалбаагтай нарийхан гудамж, явган хүний зорчих хэсгийг тохижуулья. Явган хүний зам гаргая, сайхан засмал зам тавья, одоо зогсоол байгаа хэсгийг тохижуулах зардал мөнгийг манай тал боломжоороо гаргах санал тавьсан. Тохижилтын хөтөлбөр, төлөвлөгөө хамтран гаргая гэсэн.

Ямар хариу өгсөн бэ?

Үгүй, таны саналыг хүлээж авахгүй гэсэн. Манайх өөрөө хөгжлийн хөтөлбөр гаргачихсан гэсэн. Хөтөлбөр, төлөвлөгөөтэй нь танилцах санал тавьтал татгалзсан. “Үй цай” сургуульд 1000 гаруй хүүхэд суралцдаг. Тэдний эрүүл, аюулгүй, тухтай, тайван орчинд сурч, амьдрах зорчих эрхийг нь хасаж хязгаарлаж болох уу гэхчлэн сүүлдээ ширүүхэн үгээр хоорондоо ярилцсан. Хүсэлт, саналаа бичсэн албан бичгээ ширээн дээр нь тавиад гарсан.

Хэзээнээс эхэлж гинжээр хаасан юм бэ?

Наймдугаар сарын 19-нд ажил дээрээ иртэл баруун талын хэсгийг гинж зүүгээд хаачихсан байсан. Зүүн талын хэсэг буюу хүмүүсийн шургадаг хэсгийг төмрөөр гагнаад битүүлчихсэн байсан. Ингэснээр баруун, зүүн талаасаа явган хүн зорчих боломжгүй болсон. Мөн галын аюул, байгалийн гэнэтийн гамшгийн үед дэмжлэг туслалцаа авах, гал командын болон түргэн тусламжийн автомашин орох боломжгүй болж байгаа юм.

Та холбогдох газруудад энэ талаар мэдэгдсэн гэж байсан?

Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг дарга, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Адьяасүрэн, Нийслэлийн Боловсролын газрын дарга Гантулга, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газрын албанд албан бичиг хүргүүлсэн. Мөн нийслэлийн тээвэр, зам хөгжлийн газарт, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ч дээрх нөхцөл байдлаа бичиж, баримтжуулж гэрэл зургийн хамт илгээсэн. Хүмүүс яаж тэр хашаан дээгүүр нь давж, төмрөнд сүлбүүлчих шахан хэрхэн шургаж орж байгааг баримтжуулж гэрэл зураг хавсаргасан. Мөн баруун талаасаа шалбааг туучиж, жижигхэн боржин чулуун дээгүүр, эсвэл хашаанаас нь тэврээд зүүгдээд явж байгаа оюутан сурагчид, багш нарынх нь зургийг авч наймдугаар сард дээрх нэр бүхий албан байгууллагуудад илгээсэн.

Ц.Цогзолмаа сайдад илгээсэн албан бичгийн нэг хувь таны ширээн дээр харагдаж байсан?

Хамгийн сүүлд Ц.Цогзолмаа сайдын нэр дээр албан бичиг хаяглаж хүргүүлсэн. Энэ албан бичгийг нэлээн хожуу илгээсэн. Учир нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн төрийн захиргааны байгууллагуудад эхлээд асуудлыг тавьж, холбогдох газрууд нь шийдвэрлэж өгөхийг хүссэн. Харамсалтай нь бодитой арга хэмжээ аваагүй. Тэгэхээр нь салбарын сайдад асуудлыг явуулсан.

Тэднээс хариу ирсэн үү?

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс 4 хүний бүрэлдэхүүнтэй баг хамгийн түрүүнд ирсэн. Нөхцөл байдалтай танилцаад үнэхээр асуудал хүнд байна. Сурагчдын аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлсэн энэ асуудлыг холбогдох газруудад нь бид хэлье гэсэн. Сүхбаатар дүүргийн VIII хорооны Засаг даргад цагдаагийн хэлтсээс мэдэгдсэн юм билээ.

Түүнээс хойш үр дүн гарав уу?

Байхгүй. Ашгүй сурагчдын эцэг, эх сургуулийн Удирдах зөвлөлтэй хамтран зохих газруудад нь мэдээлэл хүргэсний хүчинд төмөр гинжийг авсан. Зүүн талаа онгойлгож өгөөгүй. Ээж, аав нар нэлээн хөөцөлдөж байж зүүн талын орох гарах гарцыг төмрөөр хаасан байсныг газрын албаныхнаар авхуулсан. Гэвч хоёр хоноод буцаагаад гагначихсан.

Одоо гарах боломжгүй юу?

Өмнөх шигээ дээгүүр, доогуур нь ч шургах зайгүй болсон. Өнөөдөр өглөөхөн би харж байлаа. Хичээл орох, тарах үед хүүхдүүд хашааны наана, цаана нь аав, ээж нь зогсчихсон. Эхлээд хүүхдийнхээ цүнхийг авч, дараа нь хүүхдээ өргөж авч байх жишээний. Хүүхдээ энхрийлсэн ээж охиноо дуудангуутаа төмөр сараалжин хашааны дундуур нүүрээ оруулж хошуугаа цорвойлгоод хүүхдээ үнсэж байгаа юм. Тэр дүр зургийг хальсанд буулгавал их хөгийн зүйл гарахаар.

Хөгийн гэнэ ээ?

Ийм сайхан энх амгалан цагт кинон дээр гардаг шиг хоригдсон хүнтэй гэр бүлийнх нь хамгийн дотны хүмүүс уулзаж байхад тиймэрхүү дүр зураг харагддаг шиг муухай зүйл санаанд буусан. Иймэрхүү нөхцөл байдал үргэлжилж байна.

Боловсролын хэлтсээс ямар нэгэн хариу өгсөн үү?

Боловсролын хэлтсийн дарга С.Адьяасүрэнтэй цуглаан дээр таараад нөхцөл байдлаа танилцуултал “Өө туслалгүй яах вэ. Маргааш өглөө та 9 цагт албан бичгээ аваад ирээрэй” гэсэн. Маргааш нь яг цагт нь яваад очсон чинь “Би Засаг даргад маргааш цаг аваад энэ бичгийг танилцуулаад өгье, та битгий санаа зов” гэсэн. Есдүгээр сарын 1-н болж хичээлийн нээлт болох гээд цаг тулчихсан удаашруулаад байхаар нь ажил ихтэй юм болов уу гээд Засаг дарга дээр яваад очсон юм. Нэлээн юм болж байж Засаг даргатай ч уулзсан. Энэ хэсгийн нутаг дэвсгэрт манай сургуулийн гурван хүүхэд, нэг эмээ машинд шүргүүлсэн, хөлөө дайруулсан. Энэ байдал улам даамжирч мэдэх нь гэдгийг хэлсэн. “Одоо шуурхайтай байна. Шуурхай дуусаад цагийн дараа дуудья” гэсэн. Тэгээд таг. Утас руу нь залгаад авдаггүй.

Гинжийг авсан ч хашаагаа барихаа мэдэгдсэн гэл үү?

Гинж авсан ч гэсэн хашаагаа барина гэсэн. Кадастрын зургийн дагуу сургуулийн сууринд тулгаанд төмөр хашаагаа барина гэж.

Ц.Мөнх-Оргил гишүүн авто замыг засаж байна. Тэдэнтэй уулзаж, учир байдлаа хэлсэн үү?

Манай сургуулийн гурван хүүхэд, нэг эмээ авто тээврийн осолд орсон өнөөх авто замыг засаж байна. Сайн хэрэг. Гэтэл Худалдаа үйлдвэрлэлийнхэн зөвхөн авто зам тавиулна. Явган хүний гарц гаргуулахгүй гэж мэдэгдсэн байсан. Учир нь манай эзэмшлийн газар гээд авто зогсоолын хэсэг рүү зам тавиулаагүй. Сураг сонсох нь ээ Ц.Мөнх-Оргил гишүүн холбогдох хүмүүстэй ярьж, М.Должин захиралтай уулзаж байж авто зам тавьж байгаа хэсгийн хойд тал дахь төмөр хашааг 1 метр татуулж хоёрхон хүн чихэлдээд гарах гарц гаргуулж байгаа. Гэхдээ ганцхан талд.

Уг нь авто зам нааш тавигдсан бол манай сургуулийн хүүхдийн машины зогсоол сургуулийн урдуур, зүүн талаар багшийн сургуулийн дотуур байр, боловсролын их сургуулийн оюутан, багш хэнбуйгай ч явах нийтийн зорчих хэсгийг сайхан болгочих байлаа. Гэвч Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн удирдлага эсэргүүцсэнээс сурагчдын машин зогсох зогсоолын хэсэггүй болсон. Харин ч бүр контейнер тавина гэсэн.

Холбогдох газруудаас гарцыг хаахыг хориглосон албан бичиг сургуулийн захиргаанд өгсөн гэж байсан?

Ядаж нийгмийн хүлээсэн үүрэг гэж баймаар юм. Хоёрдугаарт, сургуульд суралцаж байгаа 1-12 дугаар ангийн сурагчид, өөрийнх нь сургуулийн оюутнуудын зорчих хэсгийг хааснаар тэдний эрүүл, аюулгүй, тайван тухтай байх нөхцөлийг ноцтой зөрчсөн үйлдэл.

Эцэг, эхчүүд гарын үсэг цуглуулчихсан барьж явсан?

750 эцэг эх гарын үсэг зурж, өөрсдийнхөө санаа бодлыг тусгаад бичиг өгсөн. Энэ бичгийг салбарын Төрийн нарийн бичгийн дарга болон Ц.Цогзолмаа сайдад явуулна. Хэрэв асуудлыг нааштайгаар шийдэж өгөхгүй бол Төрийн тэргүүнд ил захидал бичнэ дээ.

Ц.Цогзолмаа сайд албан бичгийн хариуг өгсөн үү?

Ц.Цогзолмаа сайдад явуулсан бичиг эзэндээ хүрээгүй. Дундаас нь “хулгайлсан” бололтой. Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн нь  Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт шинжилгээний газрын дарга Л.Энхболд гэж хүн байгаа юм. Манай сургуулийг их даварчихсан сургууль гэж хэлж байна гэсэн.

Даварчихсан гэдэг нь юу гэсэн үг вэ?

Би энэ үгний утгыг ойлгохгүй байгаа юм. Манай сургууль өргөтгөл барьж байгаа нь үнэн. Хуримтлагдсан санхүүгийн дэмжлэг, мөн зээл аваад барьж байгаа. Өргөтгөлийг хууль ёсны зохих байгууллагуудаас зөвшөөрлийг авч, ажлаа эхлүүлсэн. Эрт эхлэх байсан ч эрх бүхий хүмүүсээ томилох гэх мэт олон асуудлаас болж хойшилсон. Энэ барилга Монгол Улсын боловсролын салбарт, Монгол Улсад хөрөнгө болж үлдэнэ. Харин жишиж харьцуулвал даварсан гэж хэлж байгаа боловсролын яамны түшмэл, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн захирал М.Должин нарын дэргэд Монгол Улсын боловсролын салбарын хөгжилд өөрийнхөө ажил үйлчилгээгээр хөрөнгө оруулалт хийж байна, би. Тэр ярьж байгаа түшмэл, контейнер, 60-аад оны төмөр хашааг тойруулж барьж, зорчих хэсгийг хааж, хүүхэд, сурагчдын эрхийг ноцтой зөрчиж байгаа хүмүүс  ажил хөдөлмөр эрхэлж бий болгосон татварын мөнгөөр ажиллаж амьдарч байна. Бид хөдөлмөрлөж татварыг бий болгож, тэд цалинждаг шүү дээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!