Ногоочид дундын зуучлалгүйгээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

88
716

Манай улс жилд 130 мянга орчим тонн төмс тариалж дотоодын хэрэгцээг  100 хувь хангаж байна гэсэн судалгаа бий. Харин бусад хүнсний ногооны 60 гаруй хувийг дотооддоо нийлүүлж байгаа юм. Тэгвэл эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх зорилгоор өчигдөр Мишээл экспо төвд “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатай “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ эхэллээ.

ХХААХҮЯ-наас 13 дахь жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээнд 180 гаруй ААН, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, 250 гаруй тариаланч, ногоочид оролцож байна. 


 “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нээж хэлэхдээ, “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг 2006 оноос хойш тасралтгүй зохион байгууллаа. ХХАА-н салбарын хөгжил, дэвшлийг илтгэх тус арга хэмжээ бидний хувьд хүсэн хүлээдэг хамгийн том үзэсгэлэн худалдаа юм. Засгийн газраас “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын хүрээнд ХАА-н салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж аюулгүй хүнсээр иргэдээ хангах, боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болох зорилт дэвшүүлсэн. Монгол Улс 66,2 сая толгой малтай, нэг сая гаруй га тариалангийн талбайтай. Энэ онд Засгийн газрын 131 дүгээр тогтоолоор Монгол Улсын 7 аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоолоо. Энэ нь газар тариалангийн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, байгаль цаг уурын эрсдлээс хамгаалах нөхцлийг бүрдүүлэх түүхэн чухал шийдвэр болсон. Мөн Засгийн газраас “Мах сүүний анхдугаар аян”, “Атрын III аян”, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” зэрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн салбарын яам “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг боловсруулж дуусгалаа. Хүнсний салбарт дэвшүүлсэн эдгээр бодлого, зорилтыг  бүрэн хэрэгжүүлж, бодитой үр дүнд хүрэхэд төрийн болон ТББ, мэргэжлийн холбоод, хүнсний салбарынхны уялдаа холбоо, хамтын ажиллагаа  чухал” хэмээв.


Ногоочдын гараас ченжүүд төмс, хүнсний ногоог хямд үнээр бөөндөж аваад нугалж зардаг жишиг  манайд байсаар л байгаа. Салхинд гандаж, халуунд халж эцсийн бүтээгдэхүүнийг бий болгосон ногоочид ашиг багатай байдаг нь нууц биш. Харин “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ шууд хүргэх боломж бүрдэж бага үнээр ченжүүдэд борлуулдаг үе ард хоцорч байна хэмээн ногоочид олзуурхаж байв. Түүнчлэн тэд энэ жилийн хувьд хавартаа гандуу, зун нь хур бороо ихтэй байснаас үүдэн ургацын гарц буурсан хэдий ч чанартай ногоогоор үйлчилж байгаагаа дуулгасан юм.

 ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Т.Гантогтох  ярихдаа,“Энэ удаагийн “Намрын ногоон өдрүүд”-ийн хувьд үзэсгэлэн худалдаа гаргахын зэрэгцээ танин мэдэхүйн арга хэмжээг зохион байгуулж буйгаараа онцлогтой. Тухайлбал ЕБС-ийн хүүхдүүдийг үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцуулж тэдний иддэг хүнс хэрхэн бүтдэг талаар мэдлэг ойлголт өгнө. Мөн “Хэрэглэгч танаа” өдөрлөгөөр  хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн  зөв сонгох вэ, хуванцар сав баглаа боодлоос татгалзах зэрэг хэрэглэгчдэд чухал  мэдээллийг хүргэх юм.Улмаар Монгол Улс  хүүхдэд  зориулсан бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад анхаарах нь чухал байгаа. Тиймээс хүүхдүүдэд зориулсан  өдөрлөг зохион байгуулж хэлэлцүүлэг өрнүүлнэ. “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ нь энэ сарын 18-24-н хүртэл үргэлжлэхээр товлосон ч тариаланчдын хүсэлтээр Циркийн орчимд сарын хугацаатай худалдааг өрнүүлэхээр өнөөдөр ХХААХҮЯ, НЗДТГ-тай зөвшилцөж шийдлээ. Ингэснээр дундын зуучлалгүйгээр тариаланчид бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүрдэж байна” гэв.

 “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд хүнсний ногоо,нарийн ногоо, жимс жимсгэнэ ямар үнэтэй байгааг танилцуулья.

Улаан лооль                                          1 кг     4000-5000 төгрөг

Өргөст хэмх                                           1 кг    3000-3500 төгрөг

Лууван                                                    1 кг   1000 төгрөг

Манжин /шар, улаан/                            1 кг  1000 төгрөг

Төмс                                                       1 кг  600 төгрөг

Байцаа                                                   1 кг  600 төгрөг

Шийгуа                                                    1 кг   800-1000 төгрөг

Сонгино                                                   1 кг  1500 төгрөг

Сармис                                                    1 сүлжээ 35 мянган төгрөг

Аньс                                                          1 кг   10 мянган төгрөг

Нэрс                                                           1 кг   10 мянган төгрөг

Чонын хэл жимс                                        1 кг   12 мянган төгрөг

Зөгийн бал                                                 1 шил  20-30 мянган төгрөг

Чацаргана                                                  1 кг   6000 төгрөг