Р.ДОРЖДЭРЭМ: Сүрьеэг эмчлэхэд “Албадан эмчилгээний тухай хууль” зайлшгүй хэрэгтэй байна

0
64

Монгол Улсад сүрьеэ өвчний тархалт сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа билээ. Сүрьеэ нь нас баралтаараа дэлхийд тэргүүлдэг арван өвчний нэг бөгөөд манай улсад жилд дунджаар 4000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Түүнчлэн 18-35 насныхан ихээр өвчлөх болжээ. Тиймээс энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч Р.Дорждэрэмээс тодрууллаа.

Сүрьеэ өвчний талаар мэдээлэл өгөөч?

Энэ өвчин нь агаар дуслын замаар дамжин халдварладаг. Сүрьеэг дотор нь эмэнд тэсвэртэй болон эмэнд мэдрэг гэж хоёр ангилдаг. Эмэнд тэсвэртэй сүрьеэ нь олон эмэнд тэсвэртэй, маш олон эмэнд тэсвэртэй гэхчлэн хуваагддаг. Мөн аль эрхтнийг гэмтээж байгаагаас шалтгаалан уушигны болон бусад эрхтний хэлбэрийн сүрьеэ гэж хувааж авч үздэг. Бусад эрхтний гэдэг нь ясны,  гэдэсний, бөөрний гэх мэт олон эрхтний сүрьеэ байдаг л даа. Ер нь бол сүрьеэ өвчин нь хүний үс, хумснаас бусад бүх эрхтнийг өвчлүүлдэг өвчин . Сүрьеэтэй гэхлээр хүмүүс өөртөө халдварлана хэмээн үздэг нь ташаа ойлголт бөгөөд уушигны хэлбэрийн сүрьеэ л бусдад халдварлах эрсдэлтэй байдаг. Тиймээс сүрьеэтэй хүн бүр бусдад өвчнөө халдаадаг гэсэн үг биш юм. Манай улсад уушигны хэлбэрийн сүрьеэ нь нийт өвчлөгчдийн 70 орчим хувийг эзэлж байсан бол сүүлийн хоёр жилийн хугацаанд бусад эрхтний хэлбэрийн сүрьеэгийн тохиолдол өсч 45 хувийг эзлэх болсон байна. Өвчилсөн хүнд ихэвчлэх 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах, халуурах, ядрах, ялангуяа шөнө хөлрөх зэрэг түгээмэл шинж илэрдэг.

Энэ өвчнийг илрүүлэх ямар арга байдаг вэ?

Дээрх хэлсэн шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандан шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Цээжний гэрлийн шинжилгээ оношилгооны хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Иргэд  ихэвчлэн уушигны сүрьеэг оношлуулах зорилгоор  сүрьеэгийн диспансерт, ХӨСҮТ-д  ханддаг. Харин бусад эрхтний сүрьеэ нь оношлогдохгүй удах тохиолдол гардаг л даа. Жишээлбэл, арьсны сүрьеэгээр өвдсөн хүн хүн тэрийгээ мэдэхгүй арьсны эмчид ханддаг. Учир нь бусад арьсны өвчинтэй адил тууралт гардаг тул үүнийг нь арьсны эмч хараад сүрьеэ байна гэж хэлэх боломж бас байхгүй.  Иргэд өөрсдөө л эрүүл мэндээ хамгаалан сайн дурын шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй. Манай улсад энэ төрлийн шинжилгээ оношилгоо нь үнэ төлбөргүй бөгөөд харьяалал харгалзахгүй хийлгэх боломжтой. Уушигний хэлбэрийн сүрьеэг рентген туяагаар харж мэдэх боломжтой байдаг тул цэрэг татлагын үеэр цэргийн насны бүх залуусын уушгийг рентген туяагаар хардаг болмоор байна гэдэг хүсэлтийг гаргаснаар өнгөрөгч оноос цэргийн албанд дуудагдсан бүх эрчүүдэд цээжний гэрлийн шинжилгээ хийдэг болсон.

Энэ өвчнөөр ямар хүмүүс өвчлөх эрсдэл өндөртэй вэ?

Өвдсөн хүн болгон бусдад халдвар тараадаггүй. Зөвхөн уушигний хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүн л халдвар тараадаг. Сүрьеэгийн савханцар   нь ярих, ханиах, найтаалгах зэргээр агаарт цацагдаж бусдад  халдварладаг.  Тэр агаараар нь амьсгалсан хүн бүхэн халдвар авдаг ч тэдгээрээс 10 хувь нь л өвчлөх эрсдэлтэй байдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл дархлаа сайтай үед халдвар авсан бол өвчлөхгүй гэсэн үг юм. Хамгийн харамсалтай нь энэ өвчин жилээс жилд залуужиж байгаа явдал юм. Бусад улс оронд ихэвчлэн өндөр настай хүмүүс өвчилдөг бол манайд залуу хүмүүс өвчлөх нь ихсэж байна. Гол төлөв 18-35 насны эрэгтэйчүүд өвчилж байна. Монгол эрчүүдийн дунд тамхидалт их байдаг учраас ханиад болон бусад сүрьеэ өвчний зовиур илэрхэд тамхинаас л болсон байх гэж боддог учраас эрчүүд эмч үзүүлдэггүй гэдгийг тархалтын судалгаанаас харж болно. Ихэвчлэн агаар дуслаар дамждаг учраас хэн ч халдварлаж болно. Хамгийн гол нь ойр хавьд нь өвчтэй хүн байвал халдварлах эрсдэл илүү өндөр байна гэсэн үг. Тиймээс өвчилсөн хүнийг эрт илрүүлэх нь чухал.

Сүрьеэ өвчин бүрэн эдгэрдэг гэсэн. Манай улс дэлхийн стандартын дагуу эмчилгээ оношилгоо хийж чадаж байгаа юу?

Сүрьеэ эдгэнэ. Гэхдээ хэд хэдэн болзлыг биелүүлсэн байх учиртай. Эмчилгээг бүрэн төгс эмчийн зааврын дагуу эрүүл мэндийн ажилтаны хяналтанд өдөр бүр эмээ уух, тогтмол хяналтын шинжилгээнд хамрагдаж сүрьеэгийн савханцарт эм үйлчилж байгаа эсэхийг мэдэх, цээжний гэрлийн шинжилгээнд эдгэрэлт сайжрал байгаа эсэхийг мэдэх, эм уухтай холбоотой гарах зовиуруудыг даван туулж байж эдгэрнэ. 2006 оноос өмнө зөвхөн эмэнд мэдрэг сүрьеэгээр өвчилсөн хүн 100 хувь эдгэрдэг гэж үздэг байлаа. Өөрөөр хэлбэл олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн хүн эдгэхгүй бөгөөд хатуухан хэлэхэд үхлийн өвчин байсан. Харин 2006 онд Глобаль сангийн томоохон төсөлд манай улс нэгдэн орсон. Үүнээс хойш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг нэвтрүүлж эхэлсэн нь маш том давуу тал болсон юм. Энэ өвчнийг эмчлэхэд хамгийн гол нь цаг хугацаа их ордог. Түүнчлэн эмчилгээгээ таслахгүй байх нь чухал. Иргэд ихэвчлэн эхний эмчилгээ хийгдээд зовиур алга болох үед нь өөрийгөө эдгэчихлээ гэж бодоод эмчилгээгээ тасалдуулдаг. Энэ нь нөгөө өвчнөө дахиулах, түүнчлэн улам хүнд хэлбэрт шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Өвчин хүндрэх тусам эмчлэгдэх хугацаа нь уртасдаг. Тухайлбал, хөнгөн хэлбэрээр буюу эмэнд мэдрэг сүрьеэгээр  өвчилсөн хүн дунджаар зургаан сараас нэг жилийн хугацаа шаарддаг бол олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн хүнийг эмчлэхэд  хоёр болон түүнээс  дээш жил зарцуулдаг гэсэн үг. Мөн хөрөнгө мөнгө асар их шаардагддаг. Тухайлбал, манай улс зөвхөн 2018 онд сүрьеэ өвчинд зориулж 2.9 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа. Эмэнд мэдрэг сүрьеэ өвчтэй нэг хүнд 270-370 мянган төгрөгийн эм шаардлагатай байдаг. Харин олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнд 40 гаруй сая төгрөгийн эм шаардлагатай. Дээр нь ямар ч эм сөрөг нөлөөтэй байдаг тул  эмийн шалтгаантай зовиурууд илэрдэг. Хэрэв тийм тохиолдол гарвал энэ зардал маань бүр илүү өснө гэсэн үг юм. ДЭМБ-ын тооцооллоор Монгол улс дахь  өвчлөлийн түвшин 100000 хүн амд 183 байгаа нь дэлхийн дунджаас өндөр байгааг харуулж байгаа юм. Гэсэн ч манай улсад уушигны хэлбэрийн шинэ сүрьеэгийн эмчилгээний амжилт 84.8 хувь байна. Энэ нь Монгол улс дахь сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагаа нь дэлхийн түвшинтэй хөл нийлүүлэн алхаж буйг харуулж байгаа юм. Мөн манай улс сүрьеэгийн үндэсний лавлагаа лабораторитой. Энэ нь олон улсад албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн. Олон улсын байгууллагаас хянаж үзээд олон улсын лавлагаа лаборатори байх бүрэн боломжтой юм байна гэдэг. Энэ лабораторит орон нутаг болон нийслэлийн бүх тохиолдлуудыг нарийвчлан шинжилдэг.

Манай улсад сүрьеэгийн тохиолдол хэчнээн бүртгэгдээд байгаа вэ?

Зөвхөн өнгөрөгч оны хувьд  3779 хүн шинээр сүрьеэгээр өвчилснөөс 89 хувь нь насанд хүрэгсэд, 55 хувь нь эрэгтэй, 0.2 хувь нь ХДХВ-ийн хавсарсан халдвартай байна. Эдгээрийн 2211 буюу 58.5 хувь нь нийслэлд, 1518 буюу 40.2 хувь нь аймаг орон нутагт, үлдсэн 50 тохиолдол буюу 1.3 хувь нь хорих байгууллагад илэрсэн байгаа. Үүнээс 219 хүн  нас барсан гэсэн судалгаа бий. Нийт өвчилсөн хүмүүсийн 246 нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсний 63.5 хувь нь бүрэн эдгэрээд байгаа. Мөн 0-14 насны 424 хүүхэд өвчилснөөс 3 хүүхэд нас барсан байна. Энэ бол зөвхөн 2017 оны дүн мэдээ юм. Ер нь бол уушигны хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн нэг хүн жилд дунджаар 15 хүнийг өвчлүүлдэг гэж үздэг. Тэгэж бодохоор их өндөр тоо гарна аа даа.

-Халдвартын эмнэлэг нийслэлийн төвд байрладаг. Энэ нь өвчин дахин дэгдэх эрсдэл болдог уу?

Сүрьеэгийн өвчлөлд халдвартын эмнэлгийн байрлал нөлөөлөхгүй. Анх халдвартын эмнэлэг баригдахдаа хотын захад байсан шүү дээ. Одоо л хүн ам ихээр төвлөрч, хот маань тэлсээр төв болчихоод байна. Манай ХӨСҮТ нь 26 барилга байгууламжтай. Би хэдийгээр шийдвэр гаргадаг эрх бүхий хүн биш ч гэлээ энэ бүхнийг байгаа хэвээр нь нүүлгэнэ гэдэг хөрөнгө мөнгө талаасаа ихээхэн бэрхшээлтэй гэж боддог. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг нарын дэмжлэгтэйгээр  сүрьеэгийн салбар эмнэлэг байгуулахаар шийдвэрлэсэн. 2019 оны төсөвт хөрөнгө мөнгө нь тусгагдаад газрын асуудлаа шийдсэн. Барилгын зураг төсөл яригдаж байгаа юм билээ. Ямартай ч 2020 онд хотын захад шинэ эмнэлэг байгуулагдаж ашиглалтад орвол халдварын эмнэлгийн ачаалал буурч ард иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирна гэж бодож байна.

Цаашид сүрьеэ өвчинтэй тэмцэхэд бэрхшээлтэй зүйл юу байна вэ?

Манай улсад хэдийгээр сүрьеэгийн эмчилгээ оношилгоо дэлхийн жишгээр сайн байгаа ч нэг эмчид оногдож байгаа өвчтөний тоо маш их. Бид одоо 84.8 хувь байгаа эмчилгээний чанарыг 100 болгохын тулд эмчийн ачааллыг бууруулах хэрэгтэй байгаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн хэмжээнд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн нэг эмч, нэг сувилагч байдаг. Гэтэл тус дүүрэгт эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн олон хүн бий. Уг нь эмч тухайн хүмүүстэй өдөр тутам уулзаж эмчилгээнд нь хяналт тавьж байх ёстой. Гэвч ачааллаа дийлэхгүйн улмаас чадахгүй байна. Мөн дээр сүрьеэгээр өвчилсөн хүн ялангуяа уушигний хэлбэрийн сүрьеэтэй хүнийг ажил хийж олон нийтийн дунд орохгүй байхыг зөвлөдөг. Учир нь халдварлах эрсдэл өндөр гэж үздэг. Гэтэл гэр орноо тэжээдэг, хүүхдээ  хардаг хүн байлаа гэж бодоход тэд эмчилгээгээ таслах, ажил төрөл хийх зэрэг хүндрэл гардаг. Тиймээс эдгээр хүмүүсийн тухай судалгаа хийдэг, ахуй амьдралыг нь зохицуулахад туслах эрүүл мэндийн нийгмийн ажилтан гэдэг хүн зайлшгүй хэрэгтэй. Гэтэл манайд тийм орон тоо нь байдаг ч хүнийг нь авч ажиллуухгүй байна.  Түүнчлэн орон гэргүй тэнэмэл хүмүүс өндөр эрсдэлтэй бүлэгт тооцогддог. Тэд оношлогдоод эмчлэгддэг ч дундаас нь хаяж алга болох, эмчилгээнээс зугтах, эмчилгээ хийлгэхээс татгалзах асуудлууд гарсаар байна. Энэ  хүмүүст зориулсан “Албадан эмчилгээний тухай хууль” зайлшгүй хэрэгтэй гэж бодож байна. Эцсийн бүлэгт энэ өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга бол өвчилсөн хүн бүрийг бүрэн илрүүлж гүйцэд эмчлэх явдал шүү дээ.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!