У.Хүрэлсүхийн Засгийн газар Тавантолгойн ордоор залилан хийж байна уу?!

0
89

-Л.Оюун-Эрдэнийн дүрт алиа салбадайн тоглолт, ногдол ашиг хуваарилах нэрт төөрөгдүүлэлтийн цаадах жинхэнэ үнэн юу вэ-

Иргэн бүрийн халаасан дахь амьгүй хувьцаа ашгаа өгч эхлэхээр болсон талаар “Эрдэнэс Тавантолгой”-н захирал сонордуулав. Сонгуулийн жилийн өмнөх мэдээ ч гэлээ чихэнд чимэгтэй гэж. Юутай ч оны эцэст хэдэн төгрөг халаасанд орж шинэ оноо шижгэр угтах нь. Гэхдээ сайхан мэдээний цаана башир арга нуугдаж байгаа юм биш биз. Ингэж хардах хэд хэдэн үндэслэл байна.

Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй юү гэвэл зүйтэй. Гэхдээ Оюутолгойтой адил Монголд ашиггүй болох вий гэх болгоомжлол бий. Тиймдээ ч үе үеийн УИХ болоод Засгийн газрыг дамжин нухлагдаж, өнгө төрх нь өөрчлөгдсөөр өнөөдөртэй золгосон юм. Аз уу, эз үү гэгчээр Тавантолгойн орд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед, тэр дундаа Д.Сумъяабазарыг салбарын сайдаар ажиллах ахуйд эдийн засгийн эргэлтэд орж, олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдах хувьтай байж. Мэдээж энэ нь 65-ын бүлгийнхэн төрийн эрхийг барьж байгаатай холбоотой. Нөгөөтэйгүүр, М.Энхболд, У.Хүрэлсүх нарын ханцуй доторх наймааны хэсэг гэж тодотгож болно.

Шулуухан хэлэхэд, 60 тэрбумын асуудлыг таг мартъя, нэгдэж, нийлээд олуулаа дээрээ Тавантолгойгоо урагшлуулъя хэмээх У.Хүрэлсүхийн үгэнд итгэсэн М.Энхболд хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дундуур “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг чихэж, тэр чигт нь батлуулсан. Харамсалтай нь, У.Хүрэлсүх үгэндээ хүрэлгүй маргааш нь Л.Оюун-Эрдэнийг сумлачихсан хэмээн намынхан нь дургүйцлээ илэрхийлж байгаа. Үнэхээр дээрх тогтоолын төсөл батлагдаад удалгүй Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлыг сэвж, М.Энхболдыг эргэж шахах болсон юм. ХҮК ч “Өө тэр миний үгэнд орохоо больсон. Би боль гэж хэлээд л байгаа. Гэтэл намайг ч шүүмжлээд, хүчрэгдэхээ больсон” гэх маягаар ам тагласан бололтой.

Ийнхүү “60 тэрбум”-ын асуудлаар хавх хийсэн У.Хүрэлсүхийн бяцхан залийн хариуд Тавантолгой эргэлтэд орох үүд хаалга нээгдэж буй нь энэ. Товчхондоо наадмын өмнөхөн УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах шийдвэр гаргаж, тогтоолын төслийг баталсан. Ингэхдээ 180 хоногийн дотор бэлтгэл ажил дуусгах үүргийг сайд Д.Сумъяабазарт үүрэгдсэн нь анхаарал татна.  Ажил тун түргэцтэй, шуурхай яваа. Засгийн газрын наймдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсад арилжаалахтай холбогдуулан хийж байгаа бэлтгэл ажлын талаар сайд Д.Сумъяабазар танилцуулав. Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал байна. Иймээс санхүү, хууль, техник болон бусад нарийвчилсан үнэлгээний зөвлөх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх ур чадвартай хуулийн этгээдийг яаралтай сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн байдаг. Үүнээс долоо хоногийн дараах Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжихтай холбоотой асуудлыг хэлэлцэж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг томилов. Мөн шуурхай ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох сайд болон компанийн удирдлагуудад даалгав.

УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд Монгол Улсын эрх ашигт нийцээгүй Тавантолгойн гэрээг зогсоосон хэмээн цээжээ дэлддэг. Үүний нэг нь Өмнөговь аймгийн нутгийн иргэдийг харангадах явдлаас аварсан явдал. Засгийн газрын 2011 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 257 дугаар тогтоолын 3.3-т Балга усны улаан нуурыг “Эрдэнэс Тавантолгой”-д 150 литр.секундээр ашиглуулахаар тусгасан байдаг. Энэ тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нь улстөрчдийн хувьд олз, нутгийн иргэдийн хувьд гамшиг болчихоод байгаа нь энэ. Тиймдээ ч 2015 оны тавдугаар сард Тавантолгойн төсөлд Балга усны улаан нуурыг ашиглахаар тусгаж УИХ-ын чуулганд оруулж ирсэн.

Ханхонгор сумын иргэд Тавантолгойг ухуулахгүй, Балгасын улаан нуурыг сүйтгүүлэхгүй хэмээн М.Энхсайханы Тавантолгойн төслийг эсэргүүцэж байсан юм. Ийнхүү эсэргүүцэл зарласан нутгийн иргэдийг тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд өрөөндөө хүлээн авч уулзсан. Иргэд Балгасын улаан нуурыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглуулахгүй байх асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлүүлэх хүсэлтэй ирснээ УИХ-ын даргад танилцууллаа. Хэдийгээр нутгийн иргэд тайван аж төрж байгаа хэдий ч ус ундныхаа асуудалд байнга санаа зовж, Балгасын улаан нуурыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглах вий гэсэн түгшүүртэй байдаг. Энэ нуурыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглавал нуур орчмын айл өрхүүдийн аж амьдрал доройтох төдийгүй Өмнөговь аймгийн экосистемд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг тайлбарласан.

УИХ-ын дарга З.Энхболд “2014 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд Өмнөговь аймагт ажиллах үеэр Балгасын улаан нуурыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглуулахгүй байх шийдвэр гарсан талаар аймгийн удирдлагууд танилцуулсан. Аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэртэй Ханхонгор сумын иргэд санал нэг байгаа гэж ойлгож болох уу” хэмээн тодруулан асууж билээ. Дээрх шийдвэрийг Ханхонгор сумын иргэд бүрэн дэмжиж байгааг УИХ-ын даргатай уулзаж буй иргэд баталсан. Түүнчлэн Тавантолгойн ордыг ашиглах асуудал улс орны хувьд чухал хэдий ч байгаль орчин, тухайн бүс нутгийнхаа экосистемийн аюулгүй байдал, нутгийн ард иргэдийн аж төрлийг анхаарч, тус ордыг ашиглах тохиолдолд Балгасын улаан нуурыг үйлдвэрлэлд ашиглуулахгүй байх тал дээр ажиллаж өгнө үү гэдэг Ханхонгор сумын нийт иргэдийн хүсэлтийг уламжилсны зэрэгцээ улс орон ард түмэнд алдагдалтай Тавантолгойн гэрээг зогсоосонд Монгол Улсын иргэний хувьд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Тухайн үед УИХ-ын дарга З.Энхболд нүүрсийг усаар биш элсээр угаадаг технологи байдаг хэмээн танилцуулж билээ.

Тэгвэл өдгөө Тавантолгойг ашиглах өнөөх гэрээнд Өмнийн говьд авто зам, төмөр зам, цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, гадаргын усны бүтээн байгуулалтын ажил гэсэн томоохон төслүүд хэрэгжихээр тусгагдсан. Үүний нэг нь өнөөх нүүрс угаах үйлдвэр төдийгүй Балгасын улаан нуур тусгагдсан нь нутгийн иргэдийг эмзэглүүлэв. Тиймдээ ч намрын чуулгантай зэрэгцэн жагсаал зохион байгуулахаар болсон гэх мэдээлэл байна.

Мэдээж говьд ус бий. Оюутолгой гэхэд гүний хоолойгоор ус татан, хэрэглэж байна. Гэхдээ Балгасын улаан нуурыг ашиглавал 30 мянган хүн амтай Даланзадгад, түүнийг тойрсон баг, сумд ундны усгүй болох эрсдэлтэй хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Тавантолгойн IPO хийхийн тулд 30 сая тонн нүүрсийг угааж гаргахаар тусгасан. Мэдээж нүүрсээ угааж нэмүү өртөг шингээх нь ашигтай. Гэхдээ экологийн өндөр эрсдэлтэй. Урд хөрш заавал угаасан нүүрс авахаар зэхэж байгаа нь ч шалтгаантай.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хэлснээр Хонконг, Шанхайн болон Нью-Йоркийн хөрөнгийн биржүүдийг судлаж байгаа. Магадгүй бүртгүүлэхээс нь өмнө 30 сая тонн нүүрсийг угаах боломжгүй гэдгийг учирлаж, энэхүү дэд төслийг хасах байдлаар бүртгүүлж болох талтай. Гэвч үүнийг нөгөө тал зөвшөөрөх үү гэдэг асуудал. Шулуухан хэлэхэд, төслийн гол утга нь 30 сая тонн нүүрсийг угаах захиалга хэмээн цөөнгүй хүн хардаж байгаа. Тиймээс  энэ хэсгийг хасах, эсвэл хэрэгжих боломжгүй хэмээн хүсэлт гаргавал Тавантолгойг бүртгэж авах хөрөнгийн бирж олдохгүй ч байж мэднэ. Ингэснээр Д.Сумъяабазарын яриад байгаа сайхан үлгэр жаргана.

Магадгүй улс төр талаас нь харвал М.Энхболд У.Хүрэлсүхийн амыг таглах сайхан мэх болж мэдэх юм. Хөрөнгийн биржүүд рүү Монгол Улс 30 сая тонн нүүрс угаах асуудлаа шийдээгүй болно. Монголын нийгэм том зөвшилцлийн хүрээнд энэ асуудал шийдэгдсэний дараа 30 сая тонн нүүрс угаах асуудал тодорхой болно. Тиймээс нүүрс угаах дэд төслийг нь хас. Энэ бол худлаа гээд ойлгуулчихвал У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нарын яриад байгаа сайхан бүхэн тоос болон замхарч, цаасан дээрх мөрөөдөл төдий хэвээр үлдэнэ. Түүнчлэн иргэдийг залилан мэхлэж, нэг аймгийг хэд хэдэн сумыг усгүй болгож, харангадуулж алах шахсан У.Хүрэлсүхийн үйлдэл ч ил болж болох юм. Энэ нь М.Энхболдын хувьд З.Энхболдтой адил Тавантолгойг, цаашлаад Монгол Улсын эрх ашгаа хамгаалсан том үйлдэл болж үлдэж ч болох талтай. Шулуухан хэлэхэд, 2020 оны улс төрөө хийсэн ч болох сэдэв.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!