МАН-ын генсэк МАНАН-г устгах буюу ХҮК-ийн баг хөдөлгөөнд орсны дохио

0
73

“Хотын дарга нар хэрхэн томилогдсон бэ” хэмээн Нийслэлийн МАН-ын хорооны гишүүд С.Батболдоос асуух дуртай. Хариултаа авахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд жагсаал хүртэл зохион байгуулж байв. Харамсалтай нь, тэр хэдийнэ хотын дарга болсон тул жирийн гишүүдийг босгоороо давуулаагүй. Үүдэнд нь хурсан нийслэлийн намын хорооны гишүүд дэмий л “60 тэрбумаас намаа бүрэн цэвэрлэе” гэх лоозон барьж, өдөржин суусан. Хаврын хавсаргаар эхэлсэн нийслэлийн МАН-ын даргын марафон нөгөөдөр буюу энэ сарын 21-нд эцэслэгдэх нь.

Бага хурал угтсан улс төр хэдийнэ эхэлж, эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга МАНАН бүлэглэлийг устгахаа мэдэгдлээ. Тэрбээр “60 тэрбум”-ын асуудлаар гаршаад байгаа Л.Оюун-Эрдэнэтэй нийлж, МАНАН-г намнах ажиллагаа явуулахаар болж. Товчхондоо тэдний үйлдэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баг хөдөлгөөнд орсныг анхааруулсан дохио төдий. Түүнээс биш Төрийн тэргүүнтэй сүлбэлдэж, хүзүү сээрээрээ нийлчихээд байгаа “сайн ах”-аа алагчлах утга санаагүй гэсэн үг. Харин нийслэлийн МАН-ын хорооны даргын сэнтийг хотын мээрийнх бус ХҮК-ийн үнэнч дүү нарынх нь тухлах вип өрөө гэдгийг сануулж байгаа нь энэ.

2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан ч дотоод зөрчил нь гүнзгийрч, өдгөө ил цагаан хоол хүнсээ булаацалдах болсон. Томчуудын хагарал шат шатандаа нөлөөлж, гэр бүлийн хоёр нам бус фракциас болж муудалцдаг болсон гэж байгаа. Юутай ч Монгол Улсын хүн амын тал нь шахам амьдардаг Улаанбаатар хотыг хариуцан ажилладаг МАН-ын нэгж болох Нийслэлийн МАН-ын хороо гэхэд л даргагүй өдийг хүрлээ. “60 тэрбум”-ын асуудлаас үүдэлтэй өмнөх даргыг нь унагасан шигээ өнөөгийн үүрэг гүйцэтгэгчийг ч дэгээдэх гогцоог У.Хүрэлсүхийн дүү нар эмхэрдэн бэлтгэж байна.

Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр бага хурлаар тус намын хорооны болон хяналтын хорооны тайлан, зохион байгуулалтын асуудал буюу МАН-ын даргын асуудлыг хэлэлцэнэ. Энэ үеэр нийслэлээс 60 тэрбум босгохоор хэлэлцсэн гэх өнөөх схемийг дахин хөндөнө. Улмаар С.Батболд хэрхэн хотын дарга болсон үүх түүхийг ч хэлэлцэх шаардлага үүснэ. Мэдээж энэ бүхэнд хэлэх хариулт хотын мээрт бий биз. Гагцхүү нийслэлийг удирдсан өнгөрсөн гурван жилийн хугацаанд юу амжуулав гэх асуултад л бүдрэх бий вий. 2020 оны сонгууль хаяанд ирсэн энэ үед хийж хэрэгжүүлсэн гавьтай ажилгүй хотын даргаар нийслэлийн намын хороог удирдуулах нь зохисгүй гэх үгийг зүгээр ч нэг шидээгүй болов уу. Нийслэлийн иргэдийн дэмжлэгийг авч чадаагүй хотын даргад зүг чигийн цулбуур атгуулахыг МАН-ын лидерүүд төдийлөн дэмжихгүй байгаа. Түүнчлэн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хотын даргад хэд хэдэн удаа шүүмжлэлтэй хандаж, “Хотын засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар ямар ч судалгаагүй дугаарын хязгаарлалт, тэгш сондгойн хязгаарлалт гэдэг балай юмаа одоо боль. Хотын иргэдээр хангалттай тоглож байна, наад замын асуудал хариуцсан нөхөд чинь! Ядаж хийх гэж байгаа ажлаа хэдэн сарын өмнө ард иргэдэд мэдэгдээд амьдралаа зохицуулах боломжийг нь олгоод шийдэж байх хэрэгтэй” гэх маягаар эгдүүцлээ илэрхийлж, олон нийтийг ч өдөөж байв.

Хариуд нь нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа С.Батболдыг албан тушаалд нь баталгаажуулах нь чухал гэх мессежийг Спикерийн зүгээс шиддэг. Ингэхдээ нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байгаа Улаанбаатар хотод улс төрийн хөдөлгөөн хийхгүй байх нь чухал. Засгийн газар ч тогтвортой, хот ч тогтвортой байж МАН 2020 оны сонгуульд амжилттай оролцох магадлалтай гэж гишүүд, дэмжигчдээ аядуу зөөлнөөр ухуулах ажиллагааг сүүлийн хэдэн сар өрнүүлсөн.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!