Г.Ёндонгомбо: Үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбар удирдлагагүй байж болохгүй

0
2259

-Том төслөө хөдөлгөхгүй булаацалдаад байх юм-

Өнгөрөгч амралтын өдөр ДЦС-IV ТӨХК-д гэмтэл гарч хот болон зарим аймгийн нутаг дэвсгэрт цахилгаан хязгаарласан. Хэдийгээр энэ гэмтэл нь 3-4 цаг үргэлжилсэн хэдий ч улс орны аюулгүй байдалд ноцтой хохирол учирсан гэсэн дүгнэлтийг зарим мэргэжлийн хүмүүс өгөөд байна. Тиймээс энэ талаар Монголын үндэсний эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Г.Ёндонгомботой ярилцлаа.

Өнгөрөгч амралтын өдөр  ДЦС-IV ТӨХК-д гэмтэл гарч, тэг зогсолт хийснээс үүдээд улс орон даяар цахилгаан хязгаарлагдсан. Гэтэл энэ бол системийн хувьд байж боломгүй, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байгаа аваар юм гэсэн дүгнэлтийг зарим мэргэжлийн хүмүүс өгч байна. Таны хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

Эрчим хүч бол үндэсний аюулгүй байдалд хамгийн их нөлөөлдөг салбар.  Тиймээс эрчим хүчний бүхэл бүтэн системийг хамарсан томоохон зогсолт, аваарыг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний үйл явдал боллоо гэсэн дүгнэлтийг өгөх нь зөв юм.

Ийм хэмжээний гэмтэл  өвөл болсон бол ямар гамшгийн хэмжээнд хүрэх байсан бол. Нийслэл бүхэлдээ хөлдөх эрсдэлтэй юу?

1990-ээд оны үеэр ДЦС-д зогсолт хийгдэж  байсан. Гэхдээ саяных шиг дулааны шугам сүлжээнд нацосууд нь эргэхгүй болсон тохиолдол бараг гараагүй. Энэ бол тун аюултай.  Хүйтэн ч гэсэн ус эргэж байвал гайгүй. Харин өвлийн улиралд саяны гарсан шиг ийм гэмтэл гарч, 20 мянган тонн ус эргэлдэхгүй болвол шугамууд хөлдөх эрсдэлтэй. Нэлээн хэдэн жилийн өмнө ОХУ-ын Улаан-Үд хотод станцууд нь тэг зогссоноос үүдээд хот бүхэлдээ хөлдсөн байдаг. Орос том улс тулдаа эрсдлийг даван туулсан. Харин манай улс нийслэлээ хөлдөөчих юм бол босож ирнэ гэдэг хэцүү л байх.

Өмнө нь бас иймэрхүү тэг зогсолт болж байсан биз дээ. Яагаад ойр ойрхон давтамжтай гэмтлүүд гараад байна вэ. Тоног төхөөрөмж муудсан гэсэн үг үү?

2015 оны дөрөвдүгээр сарын 24-нд тэг зогсолт болж байсан. Нөхцөл байдлыг судлаад үзэхэд энэ хоёр тэг зогсолт маш төстэй. Дамжуулах сүлжээнд тодорхой хэмжээний асуудал үүсээд, төвийн эрчим хүчний системийн  хамгаалалт нь хангалтгүй ажилласнаас үүдэж гарч байсан. Дулааны цахилгаан станцыг 25, 45 жилийн настай байдаг гэсэн яриа байдаг. Үнэндээ станц дээр огт солигдодгүй зүйл бол барилга байшин юм.  Түүнээс бус дотор байгаа тоног төхөөрөмжийг сольж сэлбэдэг. Тухайлбал, өндөр даралтын уурын шугам гэхэд үзүүлэлтээсээ хамаараад сольж байх ёстой. Сая гэхэд ОХУ-аас авсан зээлээр 1-4 дүгээр турбиныг шинэчилж байна гэж байна. Харин зуух бол явсаар байгаад бүрэн солигддог. Тиймээс цахилгаан станцад нас гэж байхгүй. Мөн анхаарах ёстой нэг асуудал бол дэлхийн хөгжлийн түвшинд байна уу үгүй юу гэдэг нөлөөлж байгаа юм. Өнөөдөр цахилгаан дамжуулах сүлжээ нэлээн хоцрогдолтой яваа. “ДЦС-4” бол зуух турбин талдаа Японы хөнгөлөлттэй зээлээр хоёр ч удаагийн төслөөр шинэчлэгдсэн. Харин цахилгаан талдаа шинэчлэл хийгдээгүй. Гэхдээ дэлхийн банкны тусламжтайгаар Дархан, Эрдэнэтийн шугам сүлжээнд ухаалаг тоолуур тавих тендэр зарлагдах гэж байна. Ингэснээр ухаалаг удирдлагад орох эхний алхам хийгдэж байгаа юм.

Ямартай ч засвар шинэчлэлээ хийгээд  байгаа юм байна. Гэтэл иргэдийн дунд тоног төхөөрөмж муудсанаас болоод гэмтэл гарч, түүнийгээ ОХУ-аас зээл авч янзалж байна гэсэн ойлголт байна?

2000 он хүртэл социализмын үеийн загвараар явлаа. Энэ үед хөрөнгө мөнгөний дутагдал их байсан. Цахилгааны үнэ гэхэд хуучны л тогтоосон үнээр явж байсан. 2000 онд эрчим хүчний шинэ хууль батлагдаж, мөн 1996 оноос хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Үүнд эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийх, арилжааны хэлбэрт шилжүүлэх, хувьчлах гэж заасан байдаг. Үүний санхүүжилт нь АНУ-ын олон улсын хөгжлийн сангийн шугамаар хийгдэж байсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд бүтцийн өөрчлөлтөө хийсэн, арилжааны хэлбэрт шилжээд явж байна. Харин хувьчлал бараг хийгдээгүй. Миний хувьд хувьчлалыг хийх ёстой, цахилгааны тарифыг чөлөөлөх ёстой гэж үздэг.

Монгол Улс засвар шинэчлэлээ хийхийн тулд ОХУ-аас зээл авлаа гэх юм. Энэ зээлээ хэзээ төлж барагдуулах боломжтой бэ?

ОХУ-аас авсан зээлийг төлнө гэхээр өнөөдрийн ийм үнэ тарифтай байгаа үед хүндрэлтэй. Эрчим хүчний зохицуулах хороо тооцоо судалгаа хийж байгаа байх.

Зарим мэргэжлийн хүмүүс энэ зогсолтыг V цахилгаан станц, таван толгойн станцууд бусад төслүүдийг унагасны гор гарч байна гэсэн дүгнэлтийг өгөөд байна?

Монгол Улс улс улстөрийн тогтолцооноосоо болоод томоохон төслүүдээ хоорондоо булаацалдаад  урагш нь явуулахгүй зогсоочихоод  байна. Нэг улс төрийн хүчин нь гараад ирэхээрээ хэчнээн сайхан төсөл байсан ч яаж ийгээд унагаах юм.

V цахилгаан станц барих тухай яригдаад маш олон жил болж байна. Ашиглалтад орчихвол иймэрхүү асуудал гарах нь бага байх даа?

Миний мэдэхээр V цахилгаан станц барих тухай яригдаад 20 гаруй жил болж байна. Үнэндээ манай улс чадлын дутагдалд ороод байна. Дутагдалтай байгаа учраас гарцаагүй ОХУ-аас эрчим хүч авч байгаа юм. Ер нь чадлын дутагдалтай байх ёсгүй. Чадлын дутагдлаа нөхөх бэлтгэл хүчин чадал аль ч улсын эрчим хүчний системд байх ёстой. Манай бэлтгэл хилийн цаана оршдог учраас энэ бол үндэсний аюулгүй байдалд тохирохгүй. Мөн тусгаар улс ийм байх ёсгүй гэж үзэж байгаа болохоор  усан цахилгаан станц зэргийг ярьдаг. Цахилгааны ачааллын жилийн графикт үндэслэж тооцоо судалгаагаа хийдэг. Ер нь цахилгааны ачааллыг гурав хуваадаг. Суурь ачаалалд дулаан, атомын болоод томоохон усан цахилгаан станцууд ордог. Ачааллууд 24 цагийн турш яг ижил тогтвортой байх ёстой. Мөн хагас оргил ачаалал гэж байдаг. Манай улсын хэрэглээ тэмээний бөх шиг л хэлбэлзэж байдаг. Хэлбэлзээд байгаа шовгор ачааллыг тэнцвэржүүлэх ёстой. Усан цахилгаан станцын тодорхой хэсэг нь хагас оргил ачааллаа хаадаг. Түүнчлэн бүр оргил ачаалал гэж байдаг. Энэ нь маш бага цаг байдаг. Тэр үед усан цахилгаан станцын тодорхой хэсэг, байгалийн хийтэй орнуудад бол хийн турбин ажилладаг. Гэтэл оргил ачааллын үед ДЦС дангаараа хаана гэхээр хүч хүрдэггүй. Тиймээс бүтцийн асуудал маш чухал.

Ачаалалтай үед усан цахилгаан станц л ажиллах нь ээ?

Усан цахилгаан станц ажиллуулах бас хэцүү байна. Тухайлбал, Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц ажиллуулна гэхээр оросууд янз бүрийн шалтгаанаар саад болоод байна. Гэхдээ инженерүүд ус хуримтлуулах цахилгаан станцын судалгааны ажлууд хийж байна. Эрчим хүчний инженерүүд байдлаас яаж гарах вэ гээд толгойгоо гашилгаад ажиллаад явж байна. Хамгийн гол нь төр засаг маань дэмжих үгүй дээр л тулдаг. Тэгээд хөрөнгө оруулалт олдоод том төсөл хийхээр булаацалдаад эхэлдэг.

 

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!