Отгонтэнгэрийн “Одтой жаалууд” алтан намраа үдлээ

0
858

Намрын нар зулай төөнөж тэнгэрт нэг ч үүлгүй цэлмэг өдөр өчигдөр буюу аравдугаар сарын 4-нд тохиов. Хэдийгээр ажлын өдөр ч гэлээ ээж ааваа дагуулсан бяцхан үрс Жаргалантын аманд “Алтан намар”-аа үдлээ.

 

Уулын бэлд үхэр тугал бэлчиж урин дулааны шувууд нутаг буцаж амжаагүй байх юм. Хангайн модод нүцгэрэх нь бүү хэл хаашаа л харна солонгын өнгөөр тунарч хараа булаана. Ийм л хөдөө хээрийн үзэсгэлэнг гайхан бүдрэх чулуугүй бүртийх ч үүлгүй аниргүй Жаргалантын хөндий балчир хүүхдүүдийн дуунд сэрж өвс ногооных нь сөл бяцхан үрсийн хөлийн гишгэцэд улам сэргэх шиг үе үе найгах нь намрын налгар шар өдрийг улам бүр тодотгож байв.

Цаст баруун алтайн өндөр хайрхан Отгонтэнгэр уулаар нэрлэгдсэн Отгонтэнгэр их сургуулийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Энэ сургуулийн дэргэдэх түшиц цэцэрлэг “Одтой жаалууд”-ын багш сурган хүмүүжүүлэгчид сурагчдадаа нэг өдрийг зориулж эцэг эхчүүдэд үр хүүхэдтэйгээ байгаль дэлхийн өнгийг таниулж хувирал өөрчлөлтийг харуулах, тэдний “яагаад” гэсэн олон асуултад хариулах, хүүхэддээ цаг гаргахын чухлыг мэдрүүлэхийн тулд жил бүр “Алтан намар” аялалыг зохион байгуулахаар зэхсэн нь энэ байв. Тус цэцэрлэгийн эрхлэгч Я.Баасанхүү “Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэстэй хамтарч энэ жилийн “Алтан намар” арга хэмжээг явуулж байна. Энэ хамт олон цэцэрлэгээс хөдөлж байгаа 40 гаруй машиныг замын хөдөлгөөнд аюулгүй, тасралтгүй цуваагаар оролцоход зохицуулалт хийж өгч байна. 140 гаруй эцэг эхээс гадна “Марал”, “Мичид”, “Гялбаа”, “Одхон” гэсэн дөрвөн бүлгийн хүүхдүүд оролцлоо. Эцэг эх хүүхдүүдийн харилцааг дэмжих, бяцхан хүүхдүүдийнхээ хичээл даалгаварт эцэг эх оролцоотой байх зэрэг ач холбогдлыг ойлгуулах зорилгоор эцэг эхийн дунд буухиа тэмцээн зохион байгуулж шилжин явах цомыг тэргүүн байрт шалгарсан н.Чулуундэлгэр багштай “Мичид” багийнханд гардууллаа” гэв.

 

Ус гол яагаад зайрмагтсаар хөлдөж эхэлдэг, яагаад урин шувууд тэнгэрт зэл татуулан буцдаг, униар суусан будант хангайд моддын навч шарлаж яагаад хангай дэлхий шаргалтан шаргалтсаар цасан дээл өмсдөг вэ гэх мэт түмэн асуултаар дүүрэн сониучхан зан хүүхдийнх. Харц нь гэрэлтэж хашгиран тоглох тэдний дуу ийн нэг өдөр Жаргалантын ам дахь жаврыг үргэтэл цангиналаа. Хүүхэд намар хоёр юутай адилхан бэ. Түмэн өнгөөр нүд сэтгэл баясгаж намар ирдэг бол түмэн зүйлийн авир аашаар гайхашруулж бяцхан үрс ертөнцтэй танилцаж өөрийгөө таниулах. Хайр татам хүүхэд намар хоёрын дунд хамаг бүхэн гэрэлтэн оршдог ажээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!