Польшийн зарим иргэдийг төрийн дээд одон, медалиар шагнав

2021-07-28
1 min read

Варшавын Их сургуулийн (ВИС) доктор, монгол судлаач, эрдэмтэн Агата Барэя-Стажынскаг Монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнав. Доктор Агата Барэя-Стажынска нь эдүгээ БНПУ-ын Варшавын Их сургуулийн Дорно дахины Судлалын сургуулийн Түрэг судлал, төв Азийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Тэрээр Польш дахь Монгол судлалын түүхэн уламжлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж байгаагаас гадна олон тооны судалгааны ном, эрдэм шинжилгээний товхимол, өгүүлэл бичиж нийтлүүлжээ. Тэрээр 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Монгол судлаач гадаадын шилдэг эрдэмтэн шагнал”, 2010 онд “Найрамдал” медалиар шагнуулж байжээ.

Түүнчлэн Монголын соёл, уламжлалыг сурталчлан түгээх, Монгол, Польшийн парламент хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гаргасан идэвх чармайлт, хувь нэмрийг нь үнэлэн Бүгд Найрамдах Польш Улсын Сейм дэх Польш-Монголын парламентын бүлгийн дарга Марк Жонсаг “Найрамдал” медалиар, Монгол, Польшийн харилцааг өргөжүүлэх, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үзүүлж буй дэмжлэг, идэвх чармайлт, хувь нэмрийг нь үнэлэн БНПУ-ын эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслэлийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга, Польш, Монголын холбооны тэргүүн Г. Цессакыг “Найрамдал” медалиар тус тус шагнажээ. Эдгээр шагналыг Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж 2021 оны 7 дугаар сарын 21-нд Варшавт дахь ЭСЯ-нд гардуулан өгөв.

Орчуулах »