БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа их, дээд сургуулиудыг “Оюутан мобилити” тогтолцоонд хамтран ажиллахыг уриаллаа

“Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030”-д тусгасан мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг биелүүлэх зорилгоор “Судалгаанд суурилсан их сургуулийн үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар баталсан. Хөтөлбөрийн нэг хэсэг болох “Оюутан Мобилити” буюу Монголын их дээд сургуулиуд кредит харилцан зөвшөөрөх санаачлагыг эхлүүлэхээр болж, гэрээнд гарын үсэг зарлаа. Тодруулбал, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн байранд энэхүү үйл ажиллагаа өрнөсөн бөгөөд тус зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариуболд, Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн захирал, Профессор Ч.Ганзориг, Монгол Германы хамтарсан технологийн их сургуулийн захирал, Доктор Н.Дорждэрэм нар дээрх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

“Оюутан мобилити” тогтолцоо хэрэгжсэнээр оюутан залуус өөрийн хүссэн мэргэжил, чиглэлээр хэрхэн, хэзээ, яаж суралцаж үр дүнд хүрэх хариуцлагатай сонголт хийх эрх чөлөөг нь олгох юм байна. Өмнө нь, дээрх маягаар суралцагчдад багш, хичээл сонгох эрх байгаагүй бол ийнхүү сургууль хооронд гэрээ байгуулснаар оюутнууд өөрийн сурч боловсрох чиглэлээ сонгох бүрэн боломж нээгдлээ.

Энэхүү үйл ажиллагааг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа цаашид дэмжин ажиллахаа илэрхийлж, бусад их дээд сургуулиудыг “Оюутан мобилити” тогтолцоонд хамтран ажиллахыг уриалж байгаагаа зөвлөх Б.Ганбатаар уламжлуулсан юм.

Гэрээнд гарын үсэг зурсан талууд “Уламжлалт оюутныг” бие даан насан туршид суралцах чадвартай “Чөлөөт оюутанг” бий болгоход оршиж байгааг онцоллоо.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариунболд “Боловсролын байгууллагын эцсийн гол зорилго бол чанартай боловсролоор дамжуулан сайн мэргэжилтнийг бэлтгэх байдаг. Бидний баталж буй хөтөлбөрөөр дамжуулан их, дээд сургуулиудын оюутнууд зөвхөн өөрийн сургууль дээрээ хичээлээ үзэж, кредитээ цуглуулаад явдаг байсан бол өнөөдрөөс эхлэн гэрээнд гарын үсэг зурсан сургуулиуд кредитээ харилцан зөвшөөрснөөр, оюутнууд өөрсдөө хамгийн чанартай гэж үзэж буй сургалтын хөтөлбөрийг, сургууль хамаарахгүй сонгон хичээлээ үзэх боломж бүрдэж байна” гэж хэлэв.

Харин Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг “Дэлхийн ихэнх улсуудад “Академик мобилити” гэх хөтөлбөр хэрэгждэг. Үүний нэг нь оюутны шилжилт хөдөлгөөнийг дэмждэг “Студент Мобилити” хөтөлбөр юм. Эдгээр хөтөлбөрт мөн багш солилцооны хөтөлбөр багтдаг. Монгол Улсын дээд боловсролын салбарт багш нарын хүрэлцээ дутмаг байгаа гэж хэлж болно. Тийм учраас сайн багш нарын нөөц боломжийг их дээд сургуулиудын салбар дунд ашиглах боломж үүсэж байна” гэж мэдээлсэн юм.

Өнөөдөр ижил чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг “Шинэ Монгол” Технологийн дээд сургууль болон Монгол Германы хамтарсан Технологийн их сургуулийн хооронд хэрэгжиж эхэлж байгаа ч цаашид Улсын их, дээд сургуулиуд нэгдэж, саналаа гаргавал хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг ярьж байлаа.

Иймд удахгүй БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн уриалснаар бусад их, дээд сургуулиуд ч энэхүү үйл ажиллагаанд нэгдэн орох биз ээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!