Ц.Даваасүрэн: Нийт хохирлын хэмжээг тодорхойлоход бэрх

0
62

Нийслэл даяар цахилгаан тасарсан асуудалд салбарын сайд нь иргэдээсээ уучлал хүслээ. “ТЭЦ-IV”-т гарсан саатлын шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байгаа талаар ч тэрбээр энэ үеэр мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултал хариуллаа.

Тэц-4 дээр гарсан аваар, гэмтлийг бүрэн засч дууссан уу?

Аваараас үүдэлтэйгээр хоёр генераторт гэмтэл гарсан. Үүнийг нягтлах хэрэгтэй байна. Өнөөдөр гурван генератор ажиллаж байна. Орой гэхэд дөрөв дэх генератор нь ажиллаж эхэлнэ. Үлдсэн хоёр генераторыг бид дахин нягтлах шаардлага байгаа. Дахиад эрчим хүчний саатал гаргахгүйн төлөө бид ажиллана.

 ТЭЦ- IV хэдий хэмжээний хохирол амссан бэ?

Нэг их өндөр биш. Өөрөөр хэлбэл ямар нэг техник тоног төхөөрөмж эвдэрч, сүйдээгүй. Аваар осол болоогүй. Тиймээс энэ удаагийн хохирлыг бид өөрсдийн хөрөнгөөр зохицуулах боломжтой.

Эрчим хүчний саатлаас болж хэдий хэмжээний хохирол үүссэн бэ?

Нийт хохирлын хэмжээг тодорхойлоход бэрх. Жишээ нь талх үйлдвэрлэж байгаа аж ахуй нэгж хэдий хэмжээний хохирол амссаныг тэр бүр тодорхойлох боломжгүй.

Эрчим хүчний саатлаас болж дулаан саатал гарсан уу?

Үгүй. Харин завсар үйлчилгээтэй холбоотой дуусгаагүй ажил байгаа байх.

Өвлийн улирал хаяанд ирлээ. ТЭЦ-IV-т ахиж гэмтэл гарахгүй гэх баталгаа байна уу?

Техникийн хувьд хоцрогдсон зүйл бий. Тиймээс ОХУ-аас зээл аваад дөрвөн генераторын засварыг эхлүүлж байтал яг ийм асуудал боллоо. Өвлийн ачааллыг давахын тулд дөрвөн генераторыг шинэчлэлээ түр зогсоохоос өөр аргагүй боллоо. Өвлийн ачаалал дууссаны дараа шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлнэ. Цаг хугацаа яг тулчихлаа. Эрчим хүчний сүлжээнд ийм савалт үүсэх учраас би; нар, салхины эрчим хүчийг хязгаарлаж, Багануурын цахилгаан станцыг 150 мВт-тай байлгах шаардлага тавьсан. Наргүй болж, салхи зогсоход эрчим хүч дагаад унана. Багануур 350 мВт-аар баригдвал тэр станцад доголдол гарахад яг саяынх шиг бүх систем дагаад унах учраас эсэргүүцээд байгаа юм. Тиймээс яаралтай усан цахилгаан станцаа эрчимжүүлэх хэрэгтэй. Усан цахилгаан станцтай байсан бол бид товчлуур дараад л эрчим хүчээр хангах байсан. Гэтэл саяын ослоор 4 цагийн турш галлаж байж генераторыг дахин ажиллуулсан. УЦС-тай байсан бол товчлуур дараад л болох байсан. ОХУ-ын нөөц шугамтай тулдаа л хэрэглээг зохицуулж байна.

Шинэчлэлийг зун хийх боломжгүй байсан уу. Яг өвлийн ачаалал эхлэнгүүт давхцаад шинэчлэл хийнэ гэж байгаа нь ямар учиртай юм бэ?

ОХУ-аас авах зээлийн асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа. Зээл ирэх онд бүрэн шийдэгдэх байх гэж харж байгаа. Хөгжлийн банкнаас хөрөнгө гаргаад нэг генераторын шинэчлэлийг эхлүүлж байсан боловч хүйтний улирал эхэлж байгаа тул шинэчлэлийг хойшлуулахаас өөр аргагүй болж байна.

Эрчим хүчний сайдаар ажиллах хугацаандаа ямар, ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

Нар салхины цахилгаан станцын асуудлыг цэгцэлнэ. Нар салхины цахилгаан станцууд 100 МВт зайн үүсгүүртэй болох шаардлага байна. Ийм үүсгүүртэй болсон тохиолдолд нарны туяа бага байх үед зайн үүсгүүрт залгагдаад, 6-9 цагийн ачаалал даах боломжтой болно. Хоёрт, Төрийн өмчит компаниудыг яам өөрийн мэдэлд авах шаардлагатай байна. Эрчим хүчний доголдол гарахад бүх хүн яам руу ханддаг. Гэтэл тэр компанийн удирдлагыг томилдог, чөлөөлдөг, санхүү төсвийг баталдаг эрх мэдэл нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт байна.

Та салбарын сайдын энэ ажлуудыг хийх ёстой биш үү?

Бид яриад, хийгээд л явж байна. Жишээ нь, бид нарны эрчим хүчний 21 компанийн ажлыг зогсооход над руу дайрч байна шүү дээ. Би нэг ч ширхэг ч лиценз олгоогүй байгаа. Миний өмнөх хүмүүс 1500 мВт-ын зөвшөөрөл өгчихсөн байгаа юм. Нар, салхины эрчим хүч 300 мВт-аас дээш хэтэрч болохгүй учраас би зогсоосон. Багануурыг мөн зогсоосон. 350 мВт-ыг 150, 150 болго гэхэд эсэргүүцээд л байгаа. Тэгэхгүй бол эрчим хүчний системд савалгаа үүсэх байхгүй юу.

ТЭЦ-IV-ийн захирлын асуудал юу болсон бэ. С.Анхбаяр гэдэг хүн ажлаа хийж байгаа юу?

Удирдлагынх нь асуудал одоо болтол шийдэгдээгүй. С.Анхбаяр ажлаа хийгээгүй, шүүхийн маргаантай байгаа.

ТЭЦ-IV-н удирдлагыг яаралтай томилох шаардлага үүсч байна. Гэтэл шүүхийн асуудал нь хэзээ шийдвэрлэгдэх вэ?

Ер нь бид хууль хяналтын байгууллагатай яриад, “хүлээх боломж” алга гэдгээ илэрхийлнэ. С.Анхбаярын асуудлыг нэг тийш болгож, ял хариуцлага хүлээлгэхээр бол тэрийгээ хүлээлгээд яв. Бид Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай яриад, дараагийн арга хэмжээг авмаар байна гэдэг саналаа хэлнэ.

Эрчим хүчний саатал гарахын яг өмнөх өдөр та ТЭЦ-IV-н үйл ажиллагаатай танилцаад явж байсан. Гэтэл маргааш нь ийм асуудал үүслээ шүү дээ. Шалгалтыг дутуу хийсэн гэсэн үг үү?

Гэнэтийн саатлыг урьдчилж мэддэг байсан бол бид өнөөдөр асуудал үүсэхгүй шүү дээ. Энэ аваар бол хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байж болзошгүй гэж үзэж байгаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!