Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл ашиглалтад орсоноор жилд 110 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ

2021-07-28
1 min read

Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг нь Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн 4 дүгээр шугамын өргөтгөл юм. Өнгөрсөн оны 6 сард эхэлсэн хүдэр боловсруулалтыг  жилд 6 сая тонноор нэмэгдүүлэх өргөтгөлийн 4 дүгээр шугамын бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байгааг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон онцоллоо. Энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор хүдэр боловсруулах хүчин чадлаа 6 сая тонноор нэмж, жилд 110 мянган тонн зэсийн баяжмал, 1100 тонн молибдены баяжмал үйлддвэрлэх боломж бүрдэх юм. Одоогийн байдлаар, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл бүрэн дуусаж, металл хийц угсралтын ажил эхэлжээ.  Мөн тус цехийн хам баяжуулалтын 5 дугаар секцийн шинэчлэл үргэлжилж, буулгалт, тоног төхөөрөмжийн технологи механик, автоматжуулалтын шийдэл, зураг төсөл, тоног төхөөрөмж үйлдвэрлэл 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоо суурь цутгалт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт зэрэг  ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж буйг ажлын хэсгийнхэн мэдээлэв.  

     Баяжуулах үйлдвэрийнхэн оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100.1-142.4 хувиар биелүүлжээ. Тухайлбал, хүдэр боловсруулалтыг төлөвлөгөөнөөс 98 мянган тонноор давуулж, нийт 16 сая 176 мянган тонн хүдэр боловсруулсан байна. Мөн зэсийн баяжмал дахь зэсийг төлөвлөгөөнөөс 1175 тонноор, молибдены баяжмал дахь молибденыг 486 тонноор тус тус илүү үйлдвэрлэсэн дүнтэй байна.  

Орчуулах »