Тахал тээсэн тэсрэх бөмбөг шиг шийдвэрүүд эрсдэл дагуулж байна

-49-ийнхэн хоёр хуваагдаж Д.Сумъяабазар нь цасан бөмбөг болох нь-

Монгол Улс шинэ коронавирусын халдварыг дотооддоо алдаж, цар тахлаар өвдсөн хүмүүсийн тоо өдөр бүр арав, арваараа нэмэгдэж байна. Цар тахал нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж, аюул нөмөрсөн байхад Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар хотынхоо иргэдийн амь насаар дэнчин тавьсан хэд хэдэн алдаатай шийдвэрийг гаргалаа.

Бүх нийтээр хорио цээрийн дэглэм үйлчилж эхэлсэн өдрүүдэд НЗДТГ хотын 15-хан цэг дээр улсын нөөцийн мах борлуулж, иргэдээ зодолдуулснаар тархалтыг хумих биш гааруулсан эхлэл болов. Хоёр метрийн зай барих учиртай иргэд үмх махны төлөө аюулгүйн санамжаа мартаад, бие биесээ тас тэвэрчихээд дугаарласан. Маргааш нь Хотын дарга нийслэлчүүдээ дахин бужигнуулж, сайн дураараа санаачилсан замын хөдөлгөөнд оролцох “Тусгай зөвшөөрөл” гээчийг Хангарьд ордонд тараан дахиад л зохиомол бөөгнөрөл үүсгэн, эмх замбараагүй байдал дэгдээв.

Өнөөдөр ч Д.Сумъяабазарын балаг дуусаагүй байна. Нийтийг хамарсан хөл хорионы үед иргэд 17-20 цагт гэртээ харих, дэлгүүрүүд 21.00 цагт хаах, хүнс түгээх автомашин 22.00 цагаас эхлэн замын хөдөлгөөнд орох гэхчлэн толгой эргэм тонгоруу шийдвэр мөрдөгдөж, мөн л бөөгнөрөл бужигнааны шалтгаан боллоо.

Яг одоо цар тахал Улаанбаатарчуудаас илүүтэй, УИХ-ын сэнтийгээс Хотын мээрийн суудалд заларсан Д.Сумьяабазарын хүн чанар, мөн чанар, ой санамж, шийдвэр гаргах чадвар, бусдын төлөө цохилох зүрх, ажил албаны мэдлэг туршлага, өвчин зовлонг гэтэлгэх амьдралын наад захын нь дадал зуршлийг шалгаж, түүний дулимаг боловсролын шанг нийслэлээрээ хүртэж байгаа нь үнэн юм.

УОК-ын хурал дээр хувцасны захаа босгосон балмаддуу дүртэй орж ирээд “Нойр хоолгүй зүтгэж, олон хүнийг удирдан зүдэрч байна” хэмээн аашилсан энэ бөх залуу эл байдлаараа монголчуудын эрүүл мэндийг тахлын өмнө тавиад тууж мэдэхээр байна. Эцэстээ цахим орчинд залуучууд “Нийслэлийн Засаг даргыг амраая, Хотын даргын ажлыг чадах хүнд нь өгье” гэх шүүмлэлт санаачлага өрнүүлээд эхэлжээ. Энэ нь ч зөв юм. Цар тахлын аюул нөмөрчихөөд байхад ард иргэдээ бодох сэтгэлгүй, хөл хорио тогтоочихоод байхад бөөн бөөнөөр нь зориудын мэт бөөгнөрөл үүсгэж, тахал үржих аюултай нөхцөл бий болгосоор буй даргад хэн итгэх билээ!

Д.Сумъяабазарыг суудлаасаа буухыг хотын иргэд нийтээрээ шаардаж мэдэх нөхцөл ийнхүү бүрдлээ. Харин харуусан эсэргүүцэх бүлэглэл нь Эрдэнэтийн 49 хувийнхан. Д.Сумьяабазарыг МАН-ынхан хүссэндээ хотын дарга болгочихоогүй байх. “Би нүх болгонд шургадаг хулгана биш” гэсээр УИХ-ын танхимын хаалгыг хаасан түүний ард 49 хувийнхан зогсож байсан нь үнэн. Д.Сумъяабазар Монголын банк, санхүүгийн салбарт ноёлсон нөхдийн нэг. Төрсөн дүү Асашёрюү Дагвадоржтойгоо хамтран эзэмшдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь хөл дээрээ зогсохын тулд Худалдаа хөгжлийн банк тэргүүтэй улстөр бизнесийнхний бүлэглэлээс дэмжлэг авч байсан гэгддэг. Монгол Улсын Засгийн газар 2009 онд төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байв. Энэ үед байгуулагдаад дөнгөж гуравхан жил болж байсан Үндэсний хөрөнгө оруулалтын банк Төрийн орон сууцны корпорацийн мэдэлд байсан 4000 айлын орон сууцны зээлийг шилжүүлэн авч байсан тэр үеэс Эрдэнэтийн 49 хувийнхны хэтэвч одоогийн хотын мээрийн хэтэвчтэй нийлсэн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.

Гадны хөрөнгө оруулалттай, хувь нийлүүлсэн, хязгаарлагдмал хариуцлагатай компаниар анх улсын бүртгэлд бүртгүүлж байсан банкны хувийг Д.Сумьяабазар нар луйвардчихлаа хэмээн нэг хэсэг “Live energy” компанийн захирал А.Эрдэнэбат гэгч гомдоллож байсан юм. Энэ хүн бол одоогийн УИХ-ын гишүүн П.Анужингийн нөхөр байв. Д.Сумьяабазар болон түүний дүү Д.Дагвадоржийг хуйвалдаан, залилан хийсэн гэж үзэж байсан А.Эрдэнэбат Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд “Худалдаа хөгжлийн банк” гэх халхавчтай улстөр, бизнесийнхний нөлөө орсныг гадарлаад сураг тасарсан гэдэг юм билээ. Гэр бүл, хөрөнгө зоорио алдсан гэдэг түүнийг чимээгүй байлгах жинтэйхэн бодлогын нухацтайхан хариу дээрх бүлэглэлийнхний халаасанд бий ч гэх шуум сонсогдсоор ирсэн.

Ямартай ч цар тахал дэгдсэн өдрүүдэд өөдтэй, өнгөтэй шийдвэр гаргаж дөнгөхгүй, бүр эсрэгээрээ нийслэлчүүдийн эрүүл мэндийг улам л аюулд ойртуулаад байгаа Нийслэлийн захирагчийн эл унхиагүйтлийг намынхан нь хоёр янзаар дүгнэж байна. Өөрийн нь мэдлэг боловсролын хэм хэмжээ ердөө энэ, үүн дээр нь нэмээд өнөөг хүртэл арын хүч нь болж ирсэн 49-ийнхөн дотроо улстөр, бизнесийн бүлэглэлээрээ талцан хуваагдсан юм байх. Нүүр түлсэн шийдвэр, алхмуудыг нь улстөрийн бүлэглэлээс өлгөн авч, суудлаас нь буулга хэмээн гогцоодон савж буй бол бизнесийн хэсэг нь өнөөх саваадалт, бухимдалтын эрчийг сулруулж намжаах гэж энэ хэд хоногт таван цаас урсган, тархиа гашилгаж суугаа гэх мессэж тодорхой эх сурвалжуудын дунд нисч эхлэв.

Эрдэнэтийн 49 хувийнхан үнэхээр хоёр талцаж, түүнийхээ байнд Д.Сумъяабазарын суудлаар цасан бөмбөг хийж буй бол нээх удалгүй бөх мээр маань гишүүн ч үгүй, захирагч ч үгүй болж банкныхаа баруун буланд очих биз.

Нийслэлийн иргэдийн хувьд ч тахал тээсэн тэсрэх бөмбөгөн дээр гишгэж буй мэт эрсдэл дагуулсан элдэв шийдвэрийн дунд удаан тэсэхгүй тэрсэж босох нь цаг хугацааны л асуудал болчихоод байна.  

Орчуулах »