1667-хон халдварыг 166700 болгож өсгөсөн Ерөнхий сайд олимпоос огцрох өргөдөлтэй ирнэ

“Өсөхийн өлсгөлөн арилдаггүй, сумын төвийн сэтгэлгээнээс салаагүй Ерөнхий сайд экспортоос бүрэн хамааралтай, эдийн засаг нь элгээрээ хэвтсэн улсаа орхиод улсын зардлаар олимпийн нээлт үзэхээр арилаад өглөө” гэх зэрэг маш хатуу зэмлэлийг олон нийтийн зүгээс Л.Оюун-Эрдэнэ рүү шидэлж байна.

Эрч хүчтэй, эрдэм боловсролтой залуу үе Засаг төр удирдаад үзэг гэж уухайлан дэмжсэн түмнээ айлын илүү гэр дэх илүү дутуу эрээвэр хураавар бараа шиг нөхдөөс бүрдсэн танхим байгуулан урмыг нь хугалсан тэрбээр урагшгүй албатуудаар хүрээлүүлж, ончгүй, хариуцлагагүй шийдвэрүүд гарган цар тахлын эсрэг дорвитой хариу арга хэмжээ авалгүй байсаар 800 шахам иргэнээ үхэлд хүргэж, ард олноо тахлын голомтод авралгүй хаяснаас эрүүл мэндийн эргэшгүй хохиролд учруулаад байгаа…

Үхэл зовлон, өвчин шаналлын зэрэгцээ эдийн засгийн уналтад хоосон хэтэвчээ бариад өлөн зэлмэн өдөр хоногийг өнгөрөөж буй монголчууд онгоц дүүртэл инээж, олимп үзэхээр хөөрч яваа Ерөнхий сайдаа үзэн ядахаас ч яалтай.

Өдөр өдрийн үй олон өвчлөл, үхлийн мэдээн дээр жишим ч үгүй инээж одсон түүний эл үйлдэл ирүүтээ уучлал гуйгаад огцрох хангалттай шалтгаан!!!

Ер нь ч түүний тэргүүлсэн Засгийн газрын хуанлийн хуудас дуусах дөхсөн. Ахынхаа бэлтгэж өгсөн ширээний хойморт заларсан Л.Оюун-Эрдэнийг аравдугаар сар хүртэл оролдохгүй байх хэлэлцээртэй. Тэр дагуу бүх зүйлийг намрын чуулганы нээлт хүртэл төлөвлөөд ажлаа амжуулж амарч зугаалан яваа нь энэ байх. Гэхдээ энэ улс орон “херо” Б.Баатар, Л.Оюун-Эрдэнэ нарын гэр бүлийн асуудал төдий биш.

Тэдний намын Их хурлаар бус Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг намын даргад батламжлуулсан эрх дарх нь МАН доторх фракциудад таалагдаагүй.

Бага хурлаас сонгогдсон анхны дарга Л.Оюун-Эрдэнэ биш ч тэр хэтэрхий хурднаар өгсч байгаа. Түүний өмнө Сү.Батболд, Ө.Энхтүвшин нар ийм зарчмаар намын даргын тамгыг авч байсан ч удаан хадгалсан түүхгүй.

Намын даргын суудалд тухалсан хугацаа богино, гишүүдээ бүхэлд нь базах хүчгүй, нэр сүргүй өлбөгөр байсаар бууцгаасан. Л.Оюун-Эрдэнэ ч өнгө ижил харагдаж байна. Бусдаар бэлдүүлсэн зууш амттай ч гүн хордлогод оруулж мэдэх орц найрлагатай байдаг гэдэг дээ.

Эрх баригчид өнгөн дээрээ эвтэй, эетэй, энхийн цагаан тагтаа шиг харагдавч ачиртаа алалцаж, хэзээ мөдгүй дэлбэрэхэд бэлэн уугиж байгаа улс төрийн хүчин.

Сүүлийн үест нам доторх фракциуд идэвхжиж, Тусгаар тогтнолын ордон хөл хөдөлгөөнтэй байна.

Нэг хэсэг 100 жилийн ой, сонгуулийн сурталчилгаа, одон медаль нэрийн дор олноор цугларч, намын байраар шагайсан бүхэн тахлын халдвар авч байсан гэхэд хилсдэхгүй.

Цар тахлын хүрээг хумиж чадаагүй хэрнээ элдэв шалтгаант бөөгнөрлөөр тахлын тархалтыг өдөөсөн гэм Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, түүний тэргүүлж буй намын нэр дээр бичигдэх нь зайлбаргүй юм.

Түүнийг Ерөнхий сайдаар томилогдон тамгаа гардаж авдаг өдөр буюу 2021.01.27-нд коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо ердөө 1667 байв. Гэтэл өнөөдөр 100 дахин өсч 166700 иргэн өвчилж, 800 шахам хүн хорвоог орхиод байна.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө боловсруулсан ч үр дүн нь салхинд хийсэв.

Ажлын байр нэмэгдүүлэх сайхан нэрт 3 их наяд төгрөгийн зээл гаргасан ч эздэдээ хүрэлгүй ажилгүйчүүдийн тоо 100 дахин нэмэгдэж, албан байгууллага аж ахуйн нэгжүүд хаалгаа барилаа.

Ажилгүйдлийн даатгалын сангаас 2021 оны эхний хагас жилд 12216 хүнд 27.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 1594 (15.0%), олгосон тэтгэмжийн хэмжээ 1221.6 (4.7%) тэрбум төгрөгөөр өссөн байхад Сангийн сайд Б.Жавхлан нь эдийн засаг сэргэж, иргэдийн амьжиргаа дээшиллээ хэмээн далийрав.

Эрхэм Сангийн сайдтан намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийнхээ гэр бүлийн орлогоор л энэ улсын хөгжилтийг хэмжиж, цар тахлын хүнд үед мэргэшсэн туршлагатай сайдуудтай танхим үгүйлэгдэж байгааг батлан харуулав.

Тиймээс намрын чуулганы нээлтийг хүлээлгүй гишүүд хөдөлгөөнд орж, Засгийн газрыг огцруулах акц өрнүүлэхээр бужигнаж байна.

Жинтэй, даацтай фракциуд ч уурын зууханд нүүрс нэмж явсан галчийн ухаанаас хэтрэлгүй гацчихсан залуугаар нам удирдуулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж, энэ нь эрхэм генсэкт ч таалагдаж байгаа бололтой.

Угаасаа хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй гэдэг дээ…

Орчуулах »