Оросоос байнга гуйдаг 100 тэрбум рубль

0
40

Оросууд бидэнд 100 тэрбум рубль зайлшгүй өгөх шаардлагатай бололтой. Эсвэл хүссэн үедээ царайчилж гуйдаг мөнгөний гахай ч юм уу. Ингэж хэлэхийн учир нь саяхан Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-д очиж, 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл хүсчээ. Үүнээс өмнө өнгөрсөн 06 дугаар сард УИХ-ын дарга М.Энхболд 100 тэрбум рублийн зээл хүсэх тухай яриа гаргаж байсан бол 2016 оны 12 дугаар сард ч төрийнхөн мөн л хэмжээний зээл хүсч, царайчилсан сурагтай.

Монгол Улсын Шадар сайд, Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга А.В.Гордеевтэй энэ сарын 4-ний өдөр ОХУ-ын Засгийн газрын ордонд ажлын уулзалт хийсэн.

Шадар сайд Ө.Энхтүвшин энэ үеэрээ ТЭЦ-3, ТЭЦ-4 станцуудаа шинэчлэх зорилгоор 100 тэрбум рублийн зээлийн санхүүжилт ОХУ-аас хүсчээ. Энэ тухай ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Гордеев “Өлзийсайханы Энхтүвшин эрчим хүчний салбар дахь хамтарсан төслийг цаашид хэрэгжүүлэхэд зориулж, 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргаж хандсан. Ингэхдээ Улаанбаатарт байрлах ТЭЦ-3, ТЭЦ-4 станцуудыг шинэчилж, хөгжүүлэх зорилготой” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгджээ.

Сонирхолтой нь үүнээс гуравхан сарын өмнө Монгол Улс Оросоос мөн л 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл олгох хүсэлт гаргах гэж байжээ. Уг мөнгийг Улаанбаатар төмөр замын цаашдын хөгжилд зарцуулах зорилготой байсан тухай тухайн үед УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэж байв.

Үүнээс гадна 2016 оны 12 дугаар сард Монгол Улс Оросын талд 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл олгох тухай асуудлыг авч хэлэлцэх хүсэлт гаргаж байж. Энэ тухай “Интерфакс” агентлаг мэдээлж байв. Гэхдээ энэ мөнгийг ямар зорилгоор авах гэж байгаагаа тодруулаагүй байна. Тиймээс Москвагаас зээлийн зорилготой холбоотой мэдээлэл байхгүй гэж үзэн зээл олгохоос татгалзаж байж.
Сонирхолтой нь энэ гурван тохиолдолд дандаа 100 тэрбум рублийн зээл хүсч байгаа нь анхаарал татаж байна. 2016 оны 02 дугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Орост төлөх ёстой өрийг хүчингүй болгож байсан билээ. Гэрээ ёсоор 174,2 сая ам.долларын хугацаа хэтэрсэн өрийн 97 хувийг чөлөөлж, 3,8 сая ам.долларын өрийг л үлдээсэн байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!