Авлигатай тэмцэх газарт Э.Анар, Ш.Уртнасан нарыг шалгуулъя

0
74

-Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрынхан Лүндээ гишүүний халаасанд орчихов уу-

АТГ-ынхаан Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, дэд дарга, нэр бүхий хурган дарга нарыг шалгаад өгөөч. Ингэж хэлэхийн учир нь Нийслэлийн хот байгуулалт ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Ш.Уртнасан /НХБЕТГ/ Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн эзэмшлийн “Шихихутаг” дээд сургуулийн барилга барих зөвшөөрлийг олгохдоо Монгол Улсын Барилгын тухай болон Орон сууцны тухай хуульд заасан “2-4 давхар барилга хоорондын зай хамгийн багадаа 15 метр байх ёстой” гэсэн зүйл заалт, дүрэм журмыг зөрчөөд зогсохгүй хүний эрхийн түгээмэл тунхаглалын тодорхой зүйл заалтыг ч ноцтойгоор зөрчөөд байна. Хэрвээ уншигчид санаж буй бол Нийслэлийн Засаг дарга, НИТХ-аас нэгэн журам боловсруулсан байдаг. Уг журамд барилга барихаар бол барилгын ойролцоох 15-45 метрт байгаа оршин суугчдаас саналыг нь авна гэсэн журамтай. Өөрөөр хэлбэл, тухайн барилгаас 15-45 метрийн радиус дотор барилга барилаа гэхэд өндөр, сүүдэрлэх байдал зэргээс нь хамаарч иргэдийн саналыг авах ёстой гэсэн үг. Гэтэл Ш.Уртнасан энэхүү дүрэм журмаа огоорч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд ямар ашиг сонирхлын улмаас дээрх барилга барих зөвшөөрлийг олгох болов гэдэг нь эрхгүй анхаарал татаж байна.

УИХ-ын гишүүнд хууль үйлчилдэггүй юм бол тэрийгээ олон нийтэд ил зарлах хэрэгтэй

Ингээд эрх нь зөрчигдөөд буй Сүхбаатар дүүргийн 5дугаар хорооны 52б байрны оршин суугчдын төлөөлөл У.Наранцацралтай уулзаж болсон явдлыг тодруулсан юм. Тэрбээр “УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн эзэмшлийн Шихихутаг дээд сургуулийн долоон давхар барилга 52б байрны оршин суугчдын эрхийг ноцтойгоор зөрчиж эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн заалтыг зөрчөөд хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Мэдээж бид энэ хугацаанд НХТЕГ-т олон ч өргөдөл, гомдол өгсөн ч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авсангүй. Гомдол гаргасан оршин суугчдын байр 6 давхар, 12 айл нь урагшаа харсан өрөөнүүдтэй. Гэтэл НХБЕТГ-ын дэд дарга Ш.Уртнасангийн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн “Шихихутаг” дээд сургуульд олгосон барилга барих зөвшөөрөл нь 7 давхар сургуулийн цогцолбор гэж байгаа. Тус барилга нь спорт болон хурлын заалтай. Тухайлбал, спорт заалны стандарт өндөр 6 метр байдаг. Тэгэхээр Ш.Уртнасан энэхүү стандарт нормоо мэддэг байж яагаад энэхүү зөвшөөрлийг олгов. Түүний олгосон 7 давхрын барилга нь спорт заал нэмэгдсэнээр 9 давхар барилгатай тэнцэж байгаа гэдгийг жирийн иргэн бид ч хараад ойлгож байна шүү дээ. Түүнчлэн барилга хоорондын зайн стандартаар барилгуудын тууш талуудын хоорондох зай 9 давхар бол 32 метр байхаар заасан, мөн эрүүл ахуйн стандарт нормд айлуудын нарны тусгалын доод хэмжээг заахдаа шууд тусах нарны тусгалыг өдөрт 3-4 цаг гэж заасан байдаг. Бодит байдалд манай байртай уртаараа яг тэнцүү 9 давхар байшин 6 давхар барилгын аль хэсэгт нар тусгах вэ, огт тусахгүй вэ гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Ер нь бол ямар ч тохиолдолд хажуу талын барилгынх нь цонхыг хааж байшин барихаар төлөвлөх ёсгүй. Түүнээс гадна оршин суугчдын зам талбай, ногоон байгууламж газрын 30 хувийг эзэлнэ гэсэн норм ч бий. Энэ бүхнийг тодорхой хэмжээнд мөрдүүлж ажиллах байгууллагын дарга нь өөрөө хууль зөрчиж эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний талд шийдвэр гаргаж иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчиж болохгүй биз дээ.

Тиймээс бид Хотын дарга С.Батболд, НХБЕТГ-ын дарга Э.Анар нарт хандаж Ш.Уртнасангийн “Шихихутаг” дээд сургуульд олгосон барилгын зөвшөөрлийг нь цуцалж хүчингүй болгож өгөөчээ гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан ч тоож хэлэлцсэнгүй. Нөхцөл байдал ийм учраас тус сургуульд зөвшөөрөл олгосон Ш.Уртнасан болон холбогдох албан тушаалтнуудыг АТГ-т өгөхөө мэдэгдэж байна. Хот төлөвлөлтийн тухай хуульд зааснаар барилга барихтай холбоотой маш олон норм, стандартууд батлагдсан байдаг. Гэтэл тус газрын дарга Э.Анар болон түүний албатууд цагаан дээр хараар бичсэн бүх стандартуудаа зөрчсөн. Эсвэл энэхүү дүрэм журам нь УИХ-ын гишүүн, эрхтэн дархтнуудад үйлчилдэггүй юм бол тэрийгээ олон нийтэд ил зарлах хэрэгтэй” хэмээсэн юм. Ямартай ч дээрх иргэн бидэнд Ш.Уртнасангийн “Шихихутаг” дээд сургуульд олгосон зөвшөөрөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Барилгын тухай, Хот байгуулалтын, Газрын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай, Зөрчлийн тухай хуулиуд, тэдгээртэй холбогдон гарсан эрх зүйн актуудыг хэрхэн яаж зөрчсөн тухайг баримттайгаар өгсөн юм.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!