Ванкуверын архитектор Монголын анхны “Мөсөн өргөө”-ний зураг төслийг бүтээлцжээ

0
56

Монголын анхны битүү “Мөсөн өргөө”-ний  зураг төслийн багийн гишүүн Марк Хенц (Зургийг ЛисаКинг, НорфШоор мэдээ)

Хоккейн спортыг хөгжүүлэхэд шаардлагатай бүхий л нөхцөл Монголд бүрдсэн байдаг. Учир юун хэмээвээс: Монголын уур амьсгал Канадын Саскатчеван мужийн хойд нутгийнхтай төстэй; Монголын ард түмэн спортод, тэр дундаа мөсөн спортод элэгтэй юм. Монголчууд уг давуу талаа ашиглан хоккейн ертөнцөд нэрээ гаргахыг хүсвэл олон улсын түвшинд өөрсдийгөө батлан харуулах хэрэгтэй.

Монгол Улс 1999 онд Олон улсын хоккейн холбоонд гишүүнээр элссэн. Монголын үндэсний шигшээ баг дэлхийн шилдэг 50 багт багтдаггүй ч энэ жил анх удаагаа Азийн хэмжээний тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. Энэ бол бодит амжилт юм.

Монголын хоккейн багууд битүү мөсөн талбайд бэлтгэл сургуулилалт хийх боломж хомс, ер нь байхгүй гэж хэлж болно. Хойд Ванкуверийн архитектор Марк Хенц:“Хоккейд үнэн голоосоо дуртай хүмүүс Монголд олон байна. Гэвч байнга задгай талбайд тоглодогт нь итгэхийн аргагүй” хэмээн өгүүлжээ. Тэр бол Монголын Анаграм ХХК-ийнхны “Мөсөн өргөө”-ний зураг төслийг боловсруулж буй архитекторуудын нэг. Монголд анхных болох энэхүү битүү мөсөн талбайд Монголын үндэсний шигшээ баг бэлтгэл, сургуулилтаа хийх юм.

Улаанбаатар дахь Канадын Консулын газар битүү мөсөн талбай барих төсөл хэрэгжиж эхэлснийг дуулаад Канадын мэргэжилтнүүдтэй хамтран төслийг хэрэгжүүлж буй Монголын “СтеппеАрена” ХХК-ийнхантай уулзаж, зөвлөгөө өгсөн байна. Улмаар төслийн удирдагчид Канадын Викториа мужид үйл ажиллагаа явуулдаг “VDA Architecture” компанийн Кевин Клиппенстейнтэй холбогдсон бөгөөд тэрээр Хенцийн “HDR CRI” компанид санал тавьж, зураг төслийн өвөрмөц шийдэл, спорт, үндэсний бахархлыг нэг дор цогцлоосон энэхүү төсөлд хамтран ажиллахаар тохирчээ.

Монгол дахь хоккейн спортын түүх

            Монголчуудын хоккейн сонирхол  хүйтэн дайны үеэс улбаатай. XX зууны дийлэнх хугацаанд Монгол Улс ЗХУ-ын нөлөөлөл дэх улс байсан бөгөөд худалдаа, эдийн засгийн хувьд ч хамааралтай байв.

1970-аад оны эхээр ЗХУ болон Канад улсын хооронд зохион байгуулагддаг байсан “Саммит” цуврал тэмцээнд Монголын залуучууд Оросын үндэсний баг, тамирчдыг, тэр дундаа Александр Якушёв, Валерий Харламов, Владислав Третьяк нарыг бишрэн шүтэж, дэмждэг байв.

1972 онд Канадын Паул Хендерсон өрсөлдөгчийнхөө хаалганд хийсэн алдарт гоолыг тухайн үед 1-р ангид сурч байсан Хенц найзуудынхаа хамт үзэж байх тэр мөчид Хенцийн одоогийн Монголын хамтрагч “Мөсөн өргөө” төслийн удирдагчид Оросын үндэсний багийг уухайлан дэмжиж байсан нь сонирхолтой.

Хенц хамтрагчтайгаа ярилцах явцдаа дээр дурдсанаас гадна өөр нэгэн хүчин зүйл байгааг олж харжээ. Тэрбээр “Дэлхийн түүхнээ хамгийн уудам их гүрнийг байгуулсан өвөг дээдсээсээ өвлөн авсан хүч тэнхээ, тал нутгийн амьдралын хэв маяг нь монголчуудыг хоккейн спортод дуртай болгосон болов уу. Бид бол монголчууд. Хатуу ширүүн спортод дуртай ард түмэн. Тиймдээ ч хоккей таалагддаг юм” гэж хэлэх хүнтэй таарснаа өгүүлээд Монголоос чөлөөт бөх, сумо, бокс, жүдо, хүндийн өргөлтөөр чансаатай сайн тамирчид олон төрсөн нь үүнтэй холбоотой байх хэмээжээ.

Хэдий 1989 онд ЗХУ задарч, оросууд Монголоос гаран одсон ч монголчууд хоккейн спортод дуртай хэвээр байна.

Монголчууд хоккейд хорхойтойг өөрийн нүдээр үзсэн хүмүүсийн нэг бол Хойд Ванкуверын чөлөөт гэрэл зурагчин Пат Белл юм. Белл 2015 оны өвөл Монгол орон даяар ес хоног аялж, хоккейн спортын талаар баримтат кино хийжээ. Түүний “Итгэл найдварын мөсөн талбай: Монгол дахь төсөл” баримтат кинонд Канадаас Монголд сайн дураар ирж, монголчуудад хоккейн боловсрол олгож буй ах дүү хоккейчин Бое Лесли, Нате Лесли нарын тухай гардаг.

“Монголын өвлийн хөх тэнгэр нь үнэхээр үзэсгэлэнтэй. Гэхдээ бүх мөсөн талбай нь задгай. Хотод байх талбай нь ч задгай. Монголчууд хоккейд үнэхээр дуртай” хэмээн Белл онцолсон байдаг.

Хоккейн баг Зүүнхараа дахь задгай мөсөн талбайд тоглож байгаа нь.

Монгол дахь хоккейн тоглолтыг ажихад Канад улсад харагддагаас өөр дүр зураг үзэгдэнэ. Мөсөн талбайд хадаж, эвлүүлсэн цохиураар тоглох хүүхэд, залуучуудыг тэшүүрээ тайлж өгөхийг дараагийн ээлжийнхэн хүлээн зогсоно. “Хашааны мод, хэлтэрхийгээр хашлага хийсэн, орж гарах хаалгагүй тийм л талбайд хүмүүс тоглодог. Тоглолт бүрийн дараа бүлээн хувинтай ус, алчуураар мөсний гадаргууг тэгшлэх нь энгийн үзэгдэл. Тэд хоккей тоглохын тулд өмсгөлөө өмсөөд морь унаад ирэх нь бий” хэмээн Белл ярьж байна.

“Мөс хатуурмагц тоглолт ширүүсэж, хуучны хоккейн тоглолтуудыг үзэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Хүн бүр цохиураараа шайб цохихоор тэмүүлнэ шүү дээ” хэмээн Белл нэмж хэлэв.

Хенцийн мэргэжлийн ур чадвар нь зөвхөн түүний архитектурын боловсролоос улбаатай биш юм. Тэрээр залуудаа мэргэжлийн түвшинд хоккей тоглодог байв. 1987-1988 онд “UBC Thunderbirds” багт 24 удаа тоглохдоо дөрвөн гоол хийж, гурван удаа гоолын дамжуулалт өгөөд зогсохгүй торгуулийн 54 минутыг багтаа цуглуулж байжээ. Мөн хоёр жил Германы2-р лигийн “HC Zweibrucken” багт тоглож байв.

Хенцийн Европт хоккей тоглож байсан туршлага нь түүнийг архитекторын мэргэжлийг сонгоход нөлөөлжээ. Тэрээр хэлэхдээ “Би Герман, Чехословак, Итали болон Швейцар зэрэг олон оронд хоккей тоглож, эдгээр улс Канадаас юугаараа ялгарч байгааг ажигласаар ирсэн” гэв.

Гэрэл гэгээ түгээе

             “Канадчуудын хувьд хоккейн спортыг шашинтай зүйрлэж болох ч өөрийн сүмээ барьж, байгуулахад бусдаас суралцах зүйлс олон байдаг. Хоккейг зөвхөн битүү, цонхгүй байшин дотор тоглодог гэсэн төсөөлөл канадчуудад бий. Би өөрийн зурж буй битүү мөсөн талбайг аль болох байгалийн гэрлийг оруулахуйц дизайнтай болгохыг зорьж байгаа юм. Гэхдээ энэ бол Канадад болон бусад оронд түгээмэл биш” хэмээн Хенц цааш өгүүлжээ.

Хенц Канад даяар олон нийтэд зориулсан байгууламж, төвүүдийн зураг төслийг боловсруулж байсан туршлагатай нэгэн. Монголын “Мөсөн өргөө” төслийн удирдлагууд Канадын Британийн Колумб мужид зочлохдоо тус муж дахь Хоккейн олон байгууламжтай танилцаж, туршлага хуримтлуулсан аж. Тэдгээр байгууламжийн нэг болох шинээр баригдсан “Дэлбрүүк” спорт амралтын байгууламжийн зургаар Хенц болон түүний компани шагнал хүртэж байжээ.

“Дан шилээр бүрсэн гадаргаас доторх нь ил харагддаг, дотоод болон гадаад орчны уялдааг харуулсан Дэлбрүүкийн зураг төслийн шийдэл Монголын архитекторуудын сэтгэлд ихэд нийцсэн. Тус спорт амралтын газрын зураг төслийг гаргахдаа Хойд Ванкувер дүүрэг, амралтын газрын захиргаа болон манай архитекторын баг нэг л зүйлийг зорьсон. Тэр бол ил тод байдал юм” хэмээн Хенц ярьж байна.

Хенцийн энэхүү хүсэл Монголын архитекторуудын гараар “Мөсөн өргөө”-д дахин хэрэгжиж, барилгын хойд талыг бүхэлд нь шилээр бүрэхээр зураг төсөлдөө тусгасан байна Хенц хэлэхдээ “Монгол орны зун нарлаг байдаг учраас +30 градус хүртэл халдаг. Иймд барилгын урд талыг битүүлж, нарны хурц туяанаас мөсөн талбайг хамгаалах нь зүйтэй гэж тэд зөв шийджээ” гэв.

“Мөсөн өргөө” нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас 3 км хүрэхгүй зайд баригдах бөгөөд тус онгоцны буудлын загвартай ч ижил гэлтэй. Барилгын дээвэр нь онгоцны далавчтай төстэй. Мөн дээвэр дээр байрлах нарны халаалтын батарейг цэнэглэх зорилгоор дээврийг урд тал руугаа хэлбийлгэн, налуу байдлаар “Анаграм” ХХК-ийн архитекторууд зуржээ. “Мөсөн өргөө”-ний байрлах газрын гадаргуу нь налуу тул “Дэлбрүүк”спорт амралтын газрын адил барилгын нэлээдхэсэг нь газар доор байрлах аж. Канадын баруун эрэгт түгээмэл байдаг холимог, шилэндизайн“Мөсөн өргөө”-ний зураг төслөөс харагдах агаад Монголын зургийн баг монгол ахуй, хийд эсвэл Оросын архитектурын загвараас санаа авахаас татгалзсан аж.

Энэ тухай Хенц хэлэхдээ “Барилгын зураг төслийг хамтдаа боловсруулах явцад манай хамтрагчид хуучинсаг загвараас аль болох зайлсхийж, Монголыг өөдрөг, орчин цагийн улс гэдгээр нь илэрхийлэхийг зорьж байсан юм” гэв.

Битүү мөсөн талбайн харагдах төлөв. (Зураг төслийн Анаграм ХХК-ийн загвар)

“Мөсөн өргөө”-ний үзэгчдийн хэсэг нь 2600 суудалтай, тойрог хэлбэрийн зохион байгуулалттай байх юм. Түүнчлэн тус барилга нь Сокуйтлам хот дахь Хенцийн бүтээсэн Пойриэр спорт, амралтын төвийн нэгэн адил спорт, соёлын өөр бусад арга хэмжээ зохион байгуулдаг, олон зорилтот байгууламж болох аж.

“Мөсөн өргөө”-ний загвар зураг төсөл үндсэндээ дууссан бөгөөд дараагийн алхам нь Хенцийн хэлснээр Канадад ижил төстэй төсөлд тулгарч байдаг санхүүжилтийн бэрхшээл энэ төсөлд ч гэсэн тулгарч байгаа аж. Төслийн удирдагчид хувийн хэвшлээс санхүүжилт босгохоор амжилттай ажиллаж байгаа юм.

Ирэх жилүүдийн төлөв

            Монголын үндэсний шигшээ баг болон Хенцийн зорьсон үйл хэрэг биелж, “Мөсөн өргөө” баригдвал Монголын хоккейд маш том үсрэлт болох нь дамжиггүй. Ийм учраас тэдэнд энэ төсөл маш ач холбогдолтой байгаа юм. Цаг агаарын хүчин зүйлд хязгаарлагдахгүй, хоккейн хөтөлбөрүүдийг илүү цэгцтэй, зохион байгуулалттай хөгжүүлэх боломж нээгдэнэ” хэмээн Хенц тэмдэглэн хэлэв.

Беллийн хувьд Монголын хоккейн ирээдүйг тун өөдрөгөөр төсөөлж буй аж. Түүний дурссанаар,тэрээр баримтат киноны “Монгол дахь хоккейн шөнө” гэх хэсгийг хальсанд буулгах зорилгоор бэлтгэлийн зар тавив.  Түүнийг мөсөн талбайд 22 цагийн алдад ирэхэд гадаа -37 градус хүйтэн байжээ.“Намайг очиход 80 орчим хүүхэд хоккей тоглохоор ирчихсэн байсан. Ихэнх нь бээлий, малгайгүй байсан. Хэрэв тэд энэ спортын арга, техникийг сайн эзэмшвэл, тун ч гайхалтай, уул хад мэт тоглогчид болно доо” хэмээн тэрээр догдлонгуй хэлсэн юм.

Хэрэв бүх зүйл төлөвлөсний дагуу өрнөвөл “СтеппеАрена” ХХК нь 2019 оны хавар “Мөсөн өргөө”-ний барилгын ажлаа эхлүүлнэ. Тэр үед задгай мөсөн талбайнууд ч хайлж, талын хөрсөнд шингэсэн байх болно.

            Орчуулан нийтлэв.

Эх сурвалж: North Shore News. 2018 оны 8 дугаар сарын 17

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!