МОНГОЛЫН ТӨР 31 МЯНГА ГАРУЙ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАЖЭЭ

0
76
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна.  Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Нийслэлийн удирдлагууд, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн “Хэлмэгдэсдийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн төр засгаас тэднийг цагаатгах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа хангалтгүй байгааг дурьдаад, нөхөх олговор болон бусад тусламжийг нэмэх шаардлагатай гэж байв. Их хэлмэгдэлтийн үед хэлмэгдэгсдийн гэрийнхнийг ажлаас халж, хүүхдүүдийг нь сургуульд сурах эрхийг нь хязгаарлаж байснаас өнөөдрийг хүртэл үр удам нь ядуу амьдралыг туулж яваа гэлээ.
Тухайлбал иргэн Б.Гантөмөр,“Миний аав Ж.Батаа 1938 онд хэлмэгдсэн.1931-1938 онд Монголын радиогийн анхны орчуулагч, уран сайхны нэвтрүүлэгчээр ажиллаж байсан юм. Миний эцэг буриад хүн. ОХУ-д гарсан Октябрийн хувьсгалаас оргож, Монголд ирсэн оргодол гэж хэлмэгдүүлсэн байдаг. Тухайн үед хэлмэгдэгсдийн үр хүүхдийг сургуульд сургадаггүй байсан зэргээс болоод амьдралд минь маш олон асуудал тулгардаг байсан” гэлээ.

Мөн өнөөдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд уламжлал ёсоор улс төрийн хэлмэгдэлтэд өртсөн лам хуврагууд, төр нийгмийн зүтгэлтнүүдийн хойтын буянд зориулан ном хурлаа. Уг үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссын комиссын дарга Я.Санжмятав, Ерөнхийлөгчийн шашин, соёлын зөвлөх Ц.Хулан, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн  хамба лам, Гавж Д.Чойжамц нар оролцов.

1922-1937 оны хооронд болсон их хэлмэгдүүлэлтэд Монголын 36 мянга гаруй сэхээтэн өртсөн гэсэн судалгаа бий. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн дагуу 1990 онд байгуулагдсан Цагаатгах ажлыг зохион байгуулах комисс 28 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд дээрх комисс нийт 31 мянга 200 гаруй хүн буюу нийт хэлмэгдэгсдийн 90.6 хувийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээжээ.
Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ 18 мянга гаруй иргэнд 16 тэрбум 300 гаруй сая төгрөгийн нөхөн олговор олгожээ. Мөн амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барагсдын эхнэр, нөхөр болох 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууцтай дүйцэхүйц мөнгөн олговор олгосон байна. Тус комиссоос хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор 40 гаруй судалгааны ном, 30 мянга 370 хэлмэгдэгчийн мэдээллийг багтаасан “Цагаан ном” хэвлүүлж, Улаанбаатар хот, орон нутаг, ОХУ-ын Москва хотноо нийт 262 суварга, хөшөө, гэрэлт самбар босгожээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ оны 1 дүгээр сард батлагдсан. Уг хуулиар 2020 оны 12 дугаар сарын 31-нээс хойш хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах талаар болон бусад өргөдөл, гомдол, материал хүлээж авахгүй байх, цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгсдийн төрсөн хүүхдэд 80 сая, хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгсдийн үр хүүхдэд 40 сая төгрөг олгохоор тусгажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!