Газрын наймаанд хутгалдсан байж болзошгүй мээр Хотын намын хорооны даргад өрсөлдөнө

1
60

Нийслэлийг Сингапур шиг болгох гэнэ. Сайхан мөрөөдөл. Хотын дарга сэтгүүлчидтэй уулзах үеэрээ нийслэлийг ямар ч өр төлбөргүй болгосон төдийгүй дүүрэг, агентлагуудын дансыг хааж, хотын бүх гүйлгээг нэг дансаар хийдэг болсныг дуулгасан. Өргүй бол баян гэж юутай сайхан.

Гэхдээ хотын даргын мөрөөдөл МАН-ын нийслэлийн намын хорооны хурлын өнгө аястай давхцсан нь түүний үг, амлалт хийрхэл төдий сонсогдов. Учир нь улиг болсон өнөөх асуудлуудыг удахгүй шийдвэрлэхээ урьдын адил амласан боллоо. Түүний хэлснээр ажлаа аваад 800 хонож байгаа хотын дарга тамгаа гардаад удаагүй байхдаа нийслэлийн захиргааг Яармаг руу нүүлгэж, хотын түгжрэлийг багасгах ажиллагаа эхлүүлэхээр болсноо дуулгаж байв. Тэр 800 хоногийн дараа ч өнөөх шийдвэрээ шинэ юм шиг олон нийтэд сонордуулж попрох нь дэндүү дорой. Сонгинохайрхан дүүрэг дэх газраа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазарт алдчихсан хойно, өөр яалтай.

Мэдээж өвөл хаяанд ирсэн тул өнөөх утааны асуулт хотын даргыг ээрэв. Хариултад нь түүхий нүүрсийг хориглож, шахмал нүүрс шахах гаргалгаагаа дахин танилцууллаа. Цэцэрлэгийн хүртээмж боломжийн түвшинд буюу 77 хувь гэнэ. Олон улсад цэцэрлэгт хамрагдалтын хувь 85 хувь байдаг бол манайх 77 гэдэг дажгүй үзүүлэлт маягаар тайлбарлав. Гэхдээ ирэх жил гэхэд олон улсын түвшинд хүргэж, 85 хувь болгох гэнэ. Өөрөөр хэлбэл, өвөлжингөө цэцэрлэг барьчих юм байх. Түүнчлэн газрын наймаанд нэр хутгалдсан байж болзошгүй хотын даргын маань анхааралд дэд бүтэц сайтар хөгжсөн Яармаг аль эртнээс өртөж аазгайг нь хөдөлгөж байсан байж мэдэх өнгө үе үе цухалзаж байсныг нуух юун. Тиймдээ ч Д.Сумъяабазарт алдсан Ханын материалын эцэс дэх газрыг тоогоогүй биз.

Хотын даргыг газар наймаалцсан байж болзошгүй гэх үндэслэлээр хуульч Г.Нацагдорж Авлигатай тэмцэх газарт өгснийг өмнө мэдээлсэн. Сануулахад, уг газар нь Хан-Уул дүүргийн газар нутаг, Яармагийн V хороонд байрлалтай, нийт 70 га газар байдаг. “Макс групп”-ийн хувьцаа эзэмшигч, Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын эзэмшлийнх байсан ч эзэмшиж байх хугацаандаа газрын төлбөрөө төлж байгаагүй, улмаар эзэмших эрхийн хугацаа нь дууссан төдийгүй гурван шатны шүүхээр ороод ялагдаж байсан макс Ганбаа хотын даргын ганц захирамжаар газраа өөрийн болгосон гэдгийг өмгөөлөгч Г.Нацагдорж мэдэгдсэн. Д.Ганбаатарт газрыг нь буцааж олгохдоо өөрийн туслахууддаа хэд хэдэн га-г тасалж өгсөн байсан нь өмгөөлөгчийн хардлагад онцгойлон өртсөн байсныг уншигчид санаж буй биз ээ.
Яармаг руу яаран дааран нүүхээр бэлтгэж буй мээр маань хотын захиргааны одоогийн барилгыг хувьчилж, дуудлага худалдаагаар оруулна гэдгээ сэтгүүлчидтэй уулзах үеэрээ дуулгав. Ах намынхан төрийн толгойд заларч, нийслэлийг захирсан он жилүүдэд өнгөтэй, өөдтэй газар үгүй болж, хэн нэгний өмч болдог бичигдээгүй хууль байдаг хойно, дуудлага худалдаа нэрийн цаана өдгөө эзэн нь хэдийнэ тодорчихсон байгаа биз.

Улиг болсон эдгээр хариултын хажуугаар С.Батболд нийслэлийн намын хорооны даргад өрсөлдөх болсноо дуулгасан юм. Дээрх нуршаа тайлбарын эцэст хотын даргын хэлэх гэсэн санаа ил гарч буй нь энэ. Одоогоор мань хүн үүрэг гүйцэтгэгч төдий. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн МАН-ын хороог С.Батболд үүрэг гүйцэтгэгч байдлаар удирдах боломжгүй. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Манай намын дүрэмд маш тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, намын дүрэмд нэг ч даргыг үүрэг гүйцэтгэгчээр удирдана гэсэн үг, өгүүлбэр байхгүй” хэмээж байсан удаатай.

Үнэндээ УИХ-д ч, НИТХ-д ч нэр дэвшээгүй Су.Батболд өнөөгийн хотын даргын суудалд М.Энхболдын фракциас шууд томилогдож ирсэн нэгэн. Энэ томилгоо намынханд нь, тэр дундаа ХҮК-ийн фракцийнханд төдийлөн таалагддаггүй. Ямартаа 60 тэрбумын томилгооны нэг хэсэг гэж бухимдлаа илэрхийлж байхав.

М.Энхболдын парламент дахь хүч суларч байгаа энэ үед нийслэлд дэх гар хөлийг нь цөөлөхгүй байх хариуцлагатай үүрэг Су-гийн гарт бий нь бий.

1 COMMENT

  1. Яг үнэнийг бичсэн байна. Юутай үнэн бэ? Удахгүй гэхдээ энэ бичлэгийг гомо даргын цэргүүд сүрдүүлээд авахуулах байх даа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!