Он гарсаар 279 цахим гэмт хэрэг бүртгэгджээ

0
158

Цагдаагийн байгууллагаас насанд хүрээгүй хүмүүсийн холбогдсон гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа болон цахим гэмт хэргийн эсрэг эхлүүлж байгаа “UNFRIEND хөдөлгөөн”-ий талаар мэдээлэл хийлээ.

Өсвөр насны хүүхэд, залуусыг цахим гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчин дахь зүй зохистой хэрэглээг бий болгох, эцэг эх, ар гэр асран хамгаалагчаас нь цахим хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх “UNFRIEND ХӨДӨЛГӨӨН” ухуулга нөлөөллийн арга хэмжээг Цагдаагийн Ерөнхий газраас эхлүүлж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “Монгол Улсад интернэт хэрэглээ нэмэгдэхийн хэрээр гэмт хэргийн тоо өсөж байна. Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэргийн гаралт 2017 онд улсын хэмжээнд 299 бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 хэрэг бүртгэгджээ.

Тухайлбал, “ЭМО” нэртэй фэйсбүүк группууд нээгдэж олон тооны, ихэвчлэн насанд хүрээгүй хүүхэд, залуучуудыг гишүүн болгон элсүүлэн амиа хорлох тоглоом тоглуулсан, иргэн Б бага насны хүүхдүүдтэй чаатаар уулзаж үерхээд тэдний 200 гаруй зургийг авсан байдаг.

Мөн “Санхүү өгнө авна”, “Сайн ахтай болъё”, “Хөөрхөн дүүтэй болж, санхүүгээр дэмжинэ” нэртэй зарын цаана биеэ үнэлэх хэрэг гарч байна.

Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч болчихоод хаана хандахаа мэдэхгүй, эцэг эхээсээ нуугаад хэлдэггүй. Иймээс цагдаагийн байгууллагад хандвал, хэргийг шалгаад таслан зогсоох боломжтой. Цахим гэмт хэргээс сэргийлэх үүднээс дуучин А cool, МЗХ-той хамтраад unfriend хөдөлгөөнийг эхлүүлж байна. Энэ хөдөлгөөн маргаашаас эхлээд 22 хоног үргэлжилнэ. 700 орчим ЕБС-д энэ талаарх мэдээлэл хүргэгдэнэ. Арга хэмжээний хүрээнд Төрийн ордонд томоохон хэлэлцүүлэг зохион байгуулна” гэв.

Кибер гэмт хэрэг нь дэлхий дахинд учруулж болох хор хохирол, аюул заналын түвшингөөр терроризмын аюул заналаас илүү бодит эрсдлийг бий болгож байгааг бид онцгой анхаарах шаардлагатай.

Олон улсад кибер гэмт хэрэг гэдэгт:
– кибер халдлага, пишинг,
– онлайн мөрдлөг, заналхийлэл,
– скиминг буюу картны гэмт хэрэг,
– онлайн залилан,
– садар самуун дүрс бичлэг тараах,
– интернэтэд суурилсан оюуны өмчийн эсрэг гэмт хэргүүдийг багтаан ойлгодог ба манай улсын хууль тогтоомжоор эдгээрээс зөвхөн кибер халдлагуудыг буюу ЭХТА-ын 26 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинжтэй асуудлыг кибер гэмт хэрэгт тооцож, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!