Н.ЦЭРЭНБАТ: 22 ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВНА

0
35
Засгийн газрын ээлжит хуралдааны дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

Тэрээр ярихдаа,”Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 17.8 хувь нь тусгай хамгаалалтад багтдаг. Санал оруулсан 22 газарт 9  аймгийн 29 сумын нутаг дэвсгэр хамарч байгаа бөгөөд энэ удаа өргөтгөлөөр буюу өмнө нь дархан цаазтай болон тусгай хамгаалалттай байсан хэд, хэдэн газрын талбайг нэмж буй юм. Мөн шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Цагаан дэлийн агуй дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар сүйдэж, эко байдал нь алдагдах эрсдэлтэй газруудаа хамгаалж, байгалийн унаган төрхийг нь хадгалан үлдэх боломж бүрдэж байгаа юм” гэлээ.

Тэсийн гол, Хөх нуур, Мэнэнгийн цагаан хоолой, Улз голын эх зэрэг газруудыг улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 3.2 сая га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 2.1 хувиар нэмэгдэх юм байна.

Улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн газруудын жагсаалтыг бүрэн эхээр нь хүргэж байна
Өргөтгөлөөр:
  •  Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл,
  •  Нөмрөгийн дархан цаазат газрын өргөтгөл,
  •  Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл,
  •  Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл,
  • Дарьгангын байгалийн цогцолборт газрын өргөтгөл,
  •  Булган гол, Их онгогын байгалийн цогцолборт газрын өргөтгөл,
  • Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөл,
Шинээр:
  • Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
  • Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Улз голын эх, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар,
  • Цагаан дэлийн агуй дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!