Сэхээтний тэнэглэл буюу улстөрчдийн утсан хүүхэлдэй

0
154

Ажлаа хаяж, сурагчаа гомдоосон багш нарын орон тоог нөхөж ажиллахаар болсон талаараа тус салбарынхан мэдээлэл хийхээр болжээ. Амьдрал хэцүү байна, ажлын ачаалал хүнд байна гээд ардын сурган хүмүүжүүлэгч ажлаа хаяж болохгүй хэмээн ажлаа хаяагүй багш нар мэдэгдэх аж. Зүйтэй, браво. Хичээлийн эхний өдрөөс ажлаа хаясан багш нарыг шууд халья, Ц.Цогзомаа сайд аа. Багшийн боловсрол эзэмшсэн олон хүн ажилгүй байгааг эрх биш та мэдэх байлгүй. Тиймээс тэднийг дуудаж, гудамжинд уриа лоозон барьж зогссон багш нарын оронд ажиллуулья.

Ардын багш нар ажил хаяж, сурагчид гудамж “метрлэсэн” олон өдрүүдийг өнгөрүүлмээргүй байна. Шинэ хичээлийн эхний өдөр ажлаа хаяж, шохойны оронд уриа лоозон барьж зогссон сурган хүмүүжүүлэгчдийг нийтээрээ зэвүүцсэн. Тийм атал Үйлдвэрчний эвлэлээс ажил хаялт зарласан 12 сургууль хүрээгээ тэлэхээр болсон тухай хээвнэг мэдээлэл хийв.

Олон мянган хүүхдийн эрхийг зөрчиж, олон айл гэрт чирэгдэл учруулсныг шүүмжилж, багшаар ажиллах боловсон хүчин хангалттай байхад төрийг ингэж “дарамтлах” шаардлагагүй гэх байр суурь нийгэмд газар авсан нь үнэндээ Үйлдвэрчний эвлэлд падлийгүй. Тэд төрийн албан хаагчдаар бамбай хийж, төрийг шантаажлан, өөрт ашигтайгаа хийж хэрэгжүүлсэн бол амаа хамхичихдаг арга барилтай. Шулуухан хэлэхэд, Үйлдвэрчний эвлэл нэрийн дор ирээдүйн улс төрийн өнгө төрхөө олохыг хүсэгчид гэхэд хилсдэхгүй биз.

Хэдийгээр сүүлийн 10 жил хөндөгдөөгүй багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа нь зөв ч сэхээтнүүдийн арга барил нь хэтэрхий болхи юм. Уг нь Засгийн газраас эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсноо тайлбарласан. Үүнийг ухаад ойлгочих, ус орныхоо нөхцөл байдлыг дүгнэчих ухаатан энэ дунд алга гэлтэй. Уг нь нэг удаагийн тэтгэмж болгож, 300 мянган төгрөгийг Засгийн газраас өнгөрсөн жил олгосон билээ. Хэдийгээр гал унтраах ядмагхан арга байсан ч багш нар энэ удаад өнөөх 300 мянгаа нэхэмжлэхээ мартсангүй. Мөн цалинг 8 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байхад 50 болгох шаардлага тавив. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээ мэддэггүй Алтан загасны эмгэн шиг аяглах ардын багш нар ажил хаялт зарлах болсон нь анхаарал татна.

Мэдээж зээлтэй, цалингийн хүртээмж муу байгаа нь шалтгаан. Дээр нь хүүхдийн тоо хэт их, ачаалал ихтэй. Гэхдээ үүнээс урьтаж улс төрийн явуургүй ажиллагаанд сурган хүмүүжүүлэгчид татагдав уу гэдэг асуулт. Өнгөрсөн жил болсон багш нарын хугацаагүй ажил хаялтын ард АН байсан гэх яриа бий. Үнэхээр ч уриа лоозонг тус намаас тарааж, өнөөх жагсаалыг спонсорлосныг багш нар ч барин тавин баталдаг. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ч ажил хаялтын ард зарим нэг улс төрчдийн явуургүй үйлдэл байгаа хэмээн хардаж байгаагаа хэвлэлд ярилцлагадаа дурьдаж байсан.

Энэ удаагийн ажил хаялтад Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зарим сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаяв. Эрх баригч нам халаасныхаа хэрээр цалинг нэмэгдүүлсэнээ тайлбарлахтай зэрэгцэн сөрөг хүчин засагласан зарим дүүргийн сургууль, цэцэрлэгүүд ажил хаялт зохион байгуулах нь тэр. Эрдэнэ вангийн хошуу хэмээн нэрлэгдэх болсон Баянгол дүүргийн зарим сургууль, цэцэрлэг ажил хаялт зарласан юм. Мөн хүчний харьцаа тэнцвэржсэний улмаас улс төрийн маргаантай байгаа Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэг ч сурагчдаа хичээлийн эхний өдөр буцаав. Эрх баригчдын хагарал ч дарин дээр давс гэгчээр салбарын сайдуудыг унагахын тулд доороос нь ажиллагааг ч өрдсөн өнгө төрх ажиглагдаж байна.

Уг нь салбарын сайд ажил хаялт зарлавал ажлаас халах үүрэг даагаварыг  сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад өгсөн гэх. Албан бус  энэ мэдээллийг үл тоомсорлон том толгой гарган, сурган хүмүүжүүлэх үүргээ умартсан багш нарын ард улс төр байгаа бололтой. Ингэж хардах ч үндэслэлтэй юм. Учир нь өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй харьяа сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлдөг байсныг сум, дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлж байхаар өөрчлөн баталсан. Хэдийгээр энэ хууль он гараад хүчин төгөлдөр мөрдөгдөх хэдий ч сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар харьяа сум, дүүргийнхээ Засаг дарга нарын хяналтад орсон гэсэн үг. Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар ажилтайгаа үлдэхийн тулд Засаг даргынхаа заавраар л ажиллана. Товчхондоо, Засаг даргын заавар, зөвлөгөө бол сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарт хууль. Тийм л учраас сөрөг хүчин засаглаж байгаа дүүргүүдийн багш нар ажил хаялт зарлаад байгаа бололтой.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!