Элчин сайдуудын томилгооноос Д.Цогтбаатар хойш суусангүй, хоёр ч хүнээ хавчуулаад авчээ

-Машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-д баривчлагдсан нөхдийн нэг Д.Цогтбаатарын жолооч байсан гэдэг-

Зэлтэрийн гацаа шиг байсан Элчин сайдуудын асуудал эцэслэгдэв. Гэвч томилгоо Төрийн тэргүүнээр сонгогдсон У.Хүрэлсүхийн бялуу хуваалтаас хэтэрсэнгүй. Дипломат зарчим урьд байгаагүйгээр алдагдаж, эцэстээ очиж буй улсаа ч үл хүндэтгэсэн томилгоонууд хийгдэх боллоо.

Х.Баттулгын зүгээс өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Болдыг Бельги улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар санал болгосныг нь Засгийн газар дэмжлээ. Зэвсгийн наймааны хэрэгт нэр хутгалдаж явсан түүнийг Германы Элчингээр ярьж байсан удаатай.

Болгарт суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Л.Саяанаа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн. Түүнийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга байхаас нь салаагүй үнэнч “цүнх баригчдын” нь нэг.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух элчин сайдаар томилогдоод байгаа Б.Энхсүх ч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын ойрын хүн. Тэдний дэмжлэгээр олон ч албан тушаал хашиж яваа. Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, Оюуны өмчийн газрын дарга гээд аль ч салбарт өөрийгөө голохгүй, нүүр улайхгүй зүтгэнэ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хүргэн Ө.Батбаяр Элчингүүдийн жагсаалтаас хоцорсонгүйгээр үл барам АНУ-д суух элчин сайдаар нэрлэгдсэн нь олон нийтийн дургүйцлийг хамгийн ихээр хүргэж байна. “Сигар” тамхины борлуулагч тэрбээр аялагчдын группийн админ гэх ажил, мэргэжлийн алин үл болох сэтэртэй. КТМС буюу “Компьютер техник менежментийн сургууль”-д электроник инженер, мэдээллийн технологи мэргэжлээр сурч төгссөн хүргэнээ сайд эгч нь албан тушаалаа урвуулан ашиглаж Монгол Улсын нэр хүнд, дипломат ёсыг үгүй хийхээр ийнхүү шийдсэн нь хэрээс хэтрэв.

Улс орнууд Элчин сайдаар, тэр дундаа АНУ-д суух төлөөлөгчөөрөө улстөр, геополитикийн өндөр мэдлэгтэй, мэргэшсэн дипломатчдаа илгээдэг байхад манай улс зүгээр нэг бадарчны үүргэвчинд гадаад бодлогоо чихээд явуулж болохгүй юм.

Тэрчлэн энэ удаагийн томилгоонд М.Энхболдын талаас багтсан хүн нь Д.Даваасүрэн. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдсан шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байв. М.Энхболдын гэх тодотголоор нь халсан гэх яриа ч бий.

Засгийн газрын гал тогоог барьж байгаа Ц.Нямдорж томилгооноос хоцорно гэж юунд байхав. Өөрийн “цагдаа” С.Баатаржавыг дэвшүүлээд амжив. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллах үед Төрийн ёслолын албаны даргаар ажиллаж байсан Ж.Сэрээжав хүртэл Элчингийн сэнтийгээс зуураад авсан нь энэ төрийн эмгэнэл.

Төрийн ёслолын албаны дарга Ерөнхийлөгчийн Сар шинийн баярын идээг 10 үеэр зассан гэмээ хүлээхгүй, доод хүмүүсээ буруутган бангадуулж явсан нэгэн. Нэр дээрээ бүртгэлтэй компанигүй, хувийн бизнесгүй атлаа тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй. Тэрбум 410 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр ч үл хөдлөх хөрөнгө, 1 орон сууцтай. 40 саяын үнэлгээ бүхий мал, 52 сая үнэ бүхий үнэт эдлэл, 75 сая төгрөгийн хадгаламжтай байсан нь олон хүний анхаарлыг татаж байсан удаатай.

Ийм үл бүтэх нөхөд Элчингүүдийн томилгоонд шургалж, Монгол Улсыг төлөөлөх гэж байна.

Энэ удаагийн томилгоонд Сү.Батболдын фракц ч нэлээд жинтэй орж иржээ.

Засгийн газрыг амлаж байсан У.Хүрэлсүх Элчингийн томилгооны ихэнхийг С.Батболдод найр тавьсан бололтой юм.

Сингапурт суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Энхбаяр гэхэд Д.Цогтбаатар, Сү.Батболд нарын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд МУИС-ийн хятад хэлний ангийг дүүргэсэн. Тэрбээр АНУ-д суралцаж байсан гэх ч диплом нь жинхэнэ үү, хуурамч уу гэх асуудал 2019 онд нэлээд өндрөө авч байв. Тухайн үед түүнийг Хятадад суух Элчин сайдаар зүтгүүлж, намтар нь дуулиан дэгдээснээс буцаж байлаа. Өдгөө ч энэ асуудал эцэслэгдээгүй.

Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа түүнд зориулж Уул уурхайн асуудал хариуцсан зөвлөх гэдэг албыг шинээр байгуулж байсан гэдэг. С.Энхбаяр нь Монгол Улсаас Хятадад нийлүүлэх нүүрсний гол тоглогч “Шинхуа” компанитай нягт харилцаатай нэгэн. Тавантолгойн ордыг барьцаалж “Чалко”-той байгуулсан 350 сая ам.долларын гэрээг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэлцдэг.

С.Энхбаярыг МАН-ын “хор найруулагч” болоод байгаа Сү.Батболдын улаан хамгаалагч гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй.

2012.03.27-нд Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөх С.Энхбаяр “ЗТБХБ-ын сайдын тушаалаар байгуулагдсан БНСУ-тай төмөр замын хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ хийх ажлын хэсэгт би орж ажилласан нь үнэн. Энэ ажлын хэсгийг тухайн үеийн дэд сайд А.Гансүх ахалж байсан. Гэхдээ ажлын хэсэг нь МОРИК компанитай яриа хэлэлцээ хийж байгаагүй. Х.Баттулга гишүүний хэлээд байгаагаар Монголын төмөр зам компани дангаараа МОРИК-той яриа хэлэлцээгээ хийж гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулах асуудлаар тухайн үед Монголын төмөр зам компаниас ямар нэгэн мэдээлэл өгч байгаагүй учраас уг асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод танилцуулаагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна” хэмээж байв.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь мэдээгүй байна гэж байхгүй хэмээн тухайн үед Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга мэдэгдсэн ч С.Энхбаяр ийнхүү хир халдаахгүй хамгаалж байлаа.

Үүнээс долоо хоногийн дараа /2012.04.05/ Ерөнхий сайд С.Батболд, АН-ын дарга Н.Алтанхуяг нар Иргэдэд олгох Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны талаар хамтарч мэдээлэл хийх болсон ч С.Батболд оролцоогүй. Гэтэл зөвлөх С.Энхбаяр мөн л “Ерөнхий сайдад албан ёсоор хандаж хэлээгүй. Түүний өмнөөс шийдвэр гаргаж хамтарсан хурал зарласан чинь зохисгүй явдал” хэмээн Н.Алтанхуяг руу ассан. Ийм нэгэн улаан хамгаалагчаа 2019 онд БНХАУ-д суух Элчин сайдад зүтгүүлээд бараагүй ч энэ удаад оффшор хөрөнгийн бүс нутаг Сингапур руу илгээх нь.

Сингапур ч лиценз болон нүүрсний наймаачдын дэн буудал мэт болсоор удлаа.

ОХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин: Нам доторх фракциудынхаа алинд ч харьяалагддаггүй хэмээн өөрийгөө тодорхойлдог тэрбээр цагийн зүү дагаж, албан тушаал горилж явдаг нэгэн. “Уламжлал шинэчлэл, Ардчилал-шударга ёс” жигүүр байгуулан намын удирдлагуудаа барьц алдуулж байж Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдож байсан элдэвтэй эр.  

Аз тохиож зурвас үе МАН-ын даргаар ажиллаж байсан. Тухайн үед Сү.Батболд болон М.Энхболдын дэмжлэгээр тэр суудалд заларч байв. 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад гол хутгуур хийж байсныхаа хариуд энэ удаад мөн л С.Батболдын дэмжлэгээр хойд хөрш рүү мордох боллоо.

Бүгд Найрамдах Беларусь улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан: С.Батболдын гарын хүн, бизнесийн хамтрагч Д.Цогтбаатар хаана явна тэр газар Б.Баярсайхан сүүдэр мэт дагадаг. Д.Цогтбаатар 2008-2012 онд Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед Б.Баярсайхан ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирлаар ажиллаж байв. Улмаар Д.Цогтбаатар 2014-2015 онд Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллахдаа Б.Баярсайханыг мөн чирч тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар авч явсан.

Б.Баярсайхан хуульч болохоос дипломатч биш. Хорин жил зүтгэж байж авдаг дипломат албаны цолыг 4 жилийн дотор УИХ-ын дарга Г.Занданшатараас гардсан ч салбарынхандаа үнэлэгддэггүй нэгэн. Нам ялбал албан тушаалтай, ялагдвал гудамжинд лааз өшиглөж явдаг “зорилгогүй”-чүүдийн өрөөсөн дугуй. МАН 2008-2012 онд парламентад олонх болоход тэр ГХЯ-нд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга хийж байсан бол 2012-2016 онуудад нам ялагдахад хувийн хэвшилд ажиллаж, дахин олонх болоход Гадаад харилцааны яаманд эргэн ирсэн зуугуул гэдгийг орхигдуулж болохгүй.

Кувейт улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Наранбат: С.Батболд гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж эхлэх болсон үеэс зуузай холбон яваа. Хожим Засгийн газрын тэргүүн болоход Төрийн ёслолын газрын дэд захирал болон дэвшсэн.

Гэвч хар тамхи, контарбандын хэрэгт холбогдож, 2019 онд түүнийг ГХЯ-наас эгүүлэн татаж байсан. Гэтэл буцаад Элчин сайдаар томилуулахаар зүтгүүлсэн нь С.Батболдын хүч нөлөө хэр байгааг харуулж буй хэрэг.

Польшийн Цагдаагийн газраас түүнийг хууль бус эд зүйл, тамхи, хар тамхи зөөвөрлөсөн хэргээр эрэн сурвалжилж байсан удаатай. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Польш улсын хилээр эргэж орохгүйгээр хуулийн хоригт орсон 69 иргэний нэрийг зарлахад тэр багтаж байсан юм. Ийнхүү гадаад оронд муу нэртэй энэ хүнийг дахин илгээхээр зэхэж нэрийг нь оруулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэр хэмжээ дэндүү гутамшигтай.

Ийм бусармаг, ичгүүргүй нөхдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвшөөрвөл дипломат харилцаатай гадны улс орнуудыг хэрхэн үнэлж, хүндэтгэж байгаагийн илэрхийлэл нь болно гэсэн үг.

Уг нь Элчин сайдуудыг Засгийн газар, холбогдох яам нь санал болгоод Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Ерөнхийлөгчид нэр нь очдог ч эсрэгээрээ энэ бүх нэрс У.Хүрэлсүх, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Б.Батцэцэг нарын шүүлтүүрээр эхлээд орсон гэлцэж байгаа.

Энэ ч хардлагын үүднээс Монголын эмэгтэй дипломат ажилтнуудын төлөөлөл Гадаад харилцааны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарт заавал хариулахыг шаардсан асуулга тавьсан биз. Асуулгыг бүрэн эхээр хүргэе.

“Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Дэд сайд Б.Мөнхжин, Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр танаа

Элчин сайдын томилгооны асуудлаар.

Монгол Улсыг гадаад орнуудад төлөөллөн ажиллах ДТГ-ын тэргүүн нарыг томилох ажил багагүй хугацаанд гацсаны дараагаар 25 ДТГ-ын тэргүүнд нэр дэвшүүлэх асуудлыг тус яамны саналыг үндэслэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн тухай мэдээллийг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр авлаа. Элчин сайдад нэр дэвшүүлэх явц ил тод бус байдалд явагдсаны зэрэгцээ зарим нэр дэвшигчийг ямар шалгуураар сонгосон нь ойлгомжгүй байгаад яамны ажилтнууд ихэд гайхаж байгаа тул эмэгтэй дипломат ажилтнуудын төлөөлөл бид энэ асуудлаар яамны удирдлагад хандаж байна.

Улс эх орон, яамныхаа нэр хүндийг хувийн сонирхолоос ямагт дээдэлж, дипломат албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн хүмүүсийн хувьд “олгой хагаравч тогоон дотроо” гэдгийг санан, уг асуудлаарх байр сууриа эхний ээлжинд яамны удирдлагуудад илэрхийлэх нь зөв гэж үзсэн болно. Энэ асуудал нь элчин сайдаар ажиллах болзол, шалгуурыг хангасан гэж үзэн тодорхой оронд томилогдох саналаа яамны удирдлагуудад илэрхийлж байсан, яамны системд 20 гаруй жил, түүний дотор зөвлөх болон түүнээс дээш албан тушаалд 10 гаруй жил ажилласан бидний асуудал биш, цаашид дипломат албаны нэр хүн, ажлын үр дүнтэй холбоотой. Улмаар төрийн тусгай энэ албанд тууштай ажиллах эсэхдээ эргэлзэн, бидний байдлыг анхаарч байгаа өсөх ирээдүйтэй ажилтнуудын хувь заяатай холбоотой тул бид энэ шударга бус байдлыг харж, мэдэрч буй хэрнээ дуугүй өнгөрч хэрхэвч болохгүй гэж үзлээ.

Бид яамны удирдлага биднийг хүлээн авч уулзан, АНУ, Кувейт, Франц, Сингапур, Швейцар улсад Элчин сайдаар ажиллахаар нэр дэвшигчдийг ямар шалгуураар сонгосон тухайгаа танилцуулахыг хүсэж байна.

-Яагаад манай чухал “гуравдагч хөрш” болох АНУ-д сэтгүүлч-аялагч, хэлний мэдлэгийн хувьд тааруу, яриа хэлэлцээрийн ур чадваргүй хүнийг томилохыг дэмжив? Олон улсын харилцааны улам бүр хурцдаж буй өнөөгийн нөхцөл байдалд их гүрнүүдээс шууд болон шууд бусаар бидэнд үзүүлдэг дипломат дарамтыг энэ хүн дааж, улсын язгуур эрх ашгийг хамгаалж чадах уу? Ийм хүн томилохыг нөгөө улс хэрхэн хүлээн авахыг та бүхэн эрхбиш тунгаан бодно биз ээ.

-Яагаад Польш улсын хүчний байгууллагын хар жагсаалтад орсны улмаас өмнө ажиллаж байсан улсаас хугацаанаас нь өмнө татсан, эх орондоо ирснээс хойш ажилласан тайлангаа тавих бүү хэл яамаар ч үзэгдэхгүй хүнийг дахин томилохыг дэмжив? Энэ жагсаалтад орсон зарим хүнийг ажлаас нь халсан, заримыг нь яамандаа авахгүй байгаа бус уу?
-Яагаад манай өөр нэг чухал “гуравдагч хөрш” Франц улсад сүүлийн 2 жил орчмын хугацаанд түр хамаарагч ажиллуулсны дараагаар ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн даргаар дөнгөж томилогдсон хүнийг огцом дээшлүүлэн томилохыг дэмжив? Нэгдүгээр нарийн бичгийн даргаас Элчин сайд болж болдог юм бол бид мэтийн зөвлөх, дэд захирал, захирлын албан тушаалыг цөөнгүй жил хашсан хүмүүс цаашид юунд найдаж, юунд тэмүүлэн ажиллах вэ?
-Яагаад дипломат албыг цалин хөлс багатай ч ачаалал ихтэй хэмээн голж олон жилийн өмнө орхин гарсан хүнийг Ази тив дэх чухал түнш оронд томилохыг дэмжив?
-Яагаад өмнө нь хоёр удаа Элчин сайдаар ажилласны дараа өвчний шалтгаанаар хүсэлт гарган үргэлжлүүлэн гадаадад ажилласан, өөрөөр хэлбэл сүүлийн 7 жил гадаадад ажилласан хүн 3 дахь удаагаа Элчин сайдаар ажиллахыг яамны удирдлага дэмжив? Энэ хүнд 3 дахь удаагаа Элчин сайдаар ажиллах боломжийг гадаад оронд ажиллаж байхад нь олгосон хэрнээ сүүлийн 4-5 жил төвд ажилласан бидэнд яагаад нэг удаа Элчин сайдаар ажиллах боломж олгохгүй байна вэ?

Дээрх нэр дэвшигчидтэй холбоотой шударга бус байдал бидний ажиллах эрч хүч, урам зоригийг мохоож байгаагийн зэрэгцээ бид үүний улмаас  залуу ажилтнуудын авч буй буруу ойлголтод санаа зовж байна. Улс, яамны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллах хэрэггүй, ажлаа унагачихгүй хэмжээнд бай, хажуугаар нь дээрээс татах хүнтэй ойрт, мөнгө хуримтлуул, тэгвэл “тооноор орж ирэн Элчин сайд болох боломжтой” гэсэн ойлголтыг залуу ажилтнуудад өгч байна шүү дээ.

Биднийг хүлээн авч уулзан, цаашид Элчин сайд нарын томилгоонд баримтлах бодлого, зарчмын талаар нээлттэй ярилцана хэмээн найдаж байна.

Т.Батцэцэг, Э.Сарантогос, В.Оюу, Д.Гэрэлмаа, Б.Болормаа

2021.06.30

Орчуулах »