Монголбанк “Санхүүгийн боловсрол” аяныг эхлүүлжээ

0
11

Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк “Санхүүгийн боловсрол” аяныг санаачлан хэрэгжүүлэхээр боллоо. Энэ сарын 2-ноос арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжих гэнэ.

“Санхүүгийн боловсрол” аяны хүрээнд Монголбанк, БСШУСЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо бүх нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд  хамтран оролцох бөгөөд санхүүгийн боловсролын үндсэн суурь ойлголтуудын талаар олон нийтэд хандсан сургалт, уулзалтуудыг хийх юм.

Тус уулзалт сургалт нь  санхүүгийн үйлчилгээтэй холбоотой мэдлэг, мэдээллээр хангах, аливаа санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, оновчтой шийдвэр гаргадаг байх, хувийн болон өрхийн санхүүгээ удирдах зөв дадал, хэвшилтэй болгосноор  өрх гэрийн орлогоо оновчтой хуваарилдаг болох, ингэснээр улс орны хөгжилд иргэн бүр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэхийн төлөө зорьж байна.

“Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Монголбанк,  БСШУСЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран 2016 оноос хэрэгжүүлж буй бөгөөд хөтөлбөрийн үр дүнд их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад  “Хувь хүний санхүү” хичээлийг сонгон судлуулдаг болоод байна.  Мөн хувь хүний санхүүгийн суурь ойлголтууд болох төсөв, санхүүгийн төлөвлөлт, хадгаламж, зээл, хөрөнгө оруулалт, даатгал гэх зэрэг сэдвээр гарын авлага товхимлууд боловсруулж нийтийн хэрэгцээнд түгээх, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудад санхүүгийн боловсролын хичээлийг заах үндэсний хэмжээний сургагч багш нарыг үе шаттай бэлтгэх зэрэг олон ажлууд хийгдэж байна. Ийнхүү Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн  хэрэгжилтийн үр дүнг   Олон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролын байгууллагаас сайшаан үнэлж, 2016 оны Ази, Номхон далайн улсуудын “Бүсийн аварга” улсаар шалгаруулаад байна.