Л.Болормаа: Монгол эмэгтэйчүүд салбартаа тэргүүлэх брэндийг бүтээж байна

1
39

Энэ сарын 6-нд манай улсад болох Ази, номхон далайн орнуудын бизнес эмэгтэйчүүдийн чуулганыг угтаж МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Л.Болормаатай ярилцлаа.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл /БЭЭЗ/ байгуулагдаад 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Та зөвлөлийнхөө үйл ажиллагааны талаар товч танилцуулна уу?

МҮХАҮТ-ын дэргэдэх БЭЭЗ нь 2006 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Тус зөвлөл нь бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийн бизнесийн орчин, тулгамдсан асуудлууд, төр засгийн бодлогын уялдаа холбоо, олон улсын харилцаа, хамтын ажиллагаа зэрэг олон асуудлуудыг МҮХАҮТ-тай зөвлөлдөн хамтран ажилладаг.

Бид үйл ажиллагаагаа бодлогын өмгөөлөл, бизнес хөгжил, гадаад хамтын ажиллагаа болон нийгмийн тусын төлөө гэсэн 4 үндсэн чиглэлээр явуулж байна. Бодлогын өмгөөллийн хүрээнд шинээр яригдаж буй хуулиудад санал боловсруулан хүргүүлэх, их хуралд суугаа эмэгтэй гишүүдтэй санал солилцох, бизнес хөгжлийн хувьд чухал сэдвүүдээр сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулж ирсэн.

Үүнд экспортод бараагаа хэрхэн гаргах, Татварын болон Гаалийн хууль, журмуудийн талаарх сургалтууд, хэрхэн Оюутолгой зэрэг томоохон компанийн бэлтгэн нийлүүлэгч болох, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны /ЕСБХБ/ жижиг дунд компаниудад зөвлөлгөө өгөх програмд хамрагдах зэрэг хэлэлцүүлгийг Дэлхийн банк, ЕСБХБ, Оюу Толгой болон бусад олон улсын болон дотоодын компаниудтай хамтран зохиох зэргээр ажиллаж байна.

Зөвлөлийн гадаад харилцаа сүүлийн 4 жилд өргөжиж БНХАУ-ын БЭЭЗ/CAWE/, Казахстан улсын БЭЭЗл, Япон улсын “Эмералд клуб” зэрэг байгууллагатай хамтын ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна. Бид нийгмийнхээ эмзэг бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллах зорилго тавьдаг бөгөөд энэ жил гэхэд “Бидний дэм” ТББ-т хандив босгох ажлыг зохион байгуулсан. Манай БЭЭЗ-өөс хоер жилд нэг удаа “Леди Энтрэпрэнер” шагналыг салбартаа тэргүүлж буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ өгдөг, мөн 2016 бизнес эмэгтэйчүүдийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан шагнадаг болсон. Онцлон дурдахад 2015 онд Азийн сантай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн инкубатор төвийг байгуулан ажиллаж байна.

Та бодлогын өмгөөллийн талаар ярилаа. Бодлогын өмгөөллийн хувьд танай зөвлөлийн нэн тэргүүн анхаарч байгаа асуудал юу вэ?

Манай зөвлөл байгуулагдсан цагаасаа эхлэн эрхэм зорилгынхоо хүрээнд Монгол Улсын хөгжил, түүн дотроо хувийн хэвшлийн хөгжилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг таниулан сурталчлах, төрийн бодлого, хууль журмыг жижиг дунд аж ахуйн нэгжүүд болон өрхийн бичил үйлдвэрлэлд таатай орчин бүрдүүлэхэд хандуулах, эдийн засаг нийгмийн бүх орон зай, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар тодорхой ажлуудыг хийж ирлээ. Бизнес эрхлэгч эмэгтэйчуудын зүгээс ажлын байрны тоог нэмэгдүүлэх, нэмүү өртгийг бий болгох үүргийг нуруун дээрээ үүрч эдийн засагт эзлэх хувь оролцоогоо улам нэмэгдүүлж байгаагийн хэрээр бидний дуу хоолой илүү тод, хүчтэй болж байна гэж үзэж байна.

2018 он нь бодлогын өмгөөллийн чухал жил болж байна. Энэ жил Татварын багц хуулийн шинэчилсэн найруулга, Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хэд хэдэн чухал хуулийн шинэчлэлийн ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг төр засагт хүргэх ажил маань нэн тэргүүнд тавигдаж байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хуулийн төслүүдэд тодорхой саналуудыг боловсруулан хуульд тусган оруулах зорилгоор их хуралд суугаа гишүүд, татварын, хуулийн зөвлөх компаниуд болон зөвлөлийн тэргүүлэх гишүүдтэйгээ удаа дараа уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, саналаа МҮХАҮТ болон БЭЭЗ-ийн нэрээр албан есоор хүргүүлсэн байгаа.

Энэхүү арга хэмжээний үр дүнд тодорхой амжилтад хүрч манай саналууд татвар болон ЖДҮ-ийн хуулийн төслүүдэд эхнээсээ тусгагдан явж байгаа, цаашид ч хийх ажил байгааг дурдах хэрэгтэй байна. Ялангуяа ЖДҮ-ийн Хуулийн төсөлд дунд аж ахуйн нэгжийн орлого нь 2,5 тэрбум төгрөг гэж зааж өгсөн нь ААН-ийг томруулах биш жижигрүүлэх бодлогыг дэмжиж байгаа мэт харагдаж байна. Бидний тооцооллоор дунд аж ахуйн нэгж дунджаар 168, жижиг үйлдвэрлэгч 34 ажлыг байрыг дэмжин ажиллаж байхад бичил аж ахуй дүнджаар ердөө л 5 ажлыг байрыг дэмжиж байгаа нь ажлын байрыг бий болгох гэсэн хуулийнхаа үндсэн үзэл санаатай зөрчилдөж байна.

Иймд бичил, жижиг, дунд аж ахуйн нэгжийн ангиллыг тогтоохдоо хоорондох зааг, ялгааг 1:5:5 буюу бичил ААН-с жижиг ААН нь 5 дахин, дунд ААН нь жижиг ААН-ээс 5 дахин орлого болон ажилчдын тооны хувьд илүү байх гэсэн харьцааг хангахуйц байдлаар тогтоох саналыг гарган Их хурлын гишүүдэд хүргүүлсэн байгаа. Дээрх санал нь Европын холбооны практиктай (Eвропын Холбооны жишиг 1:5:25) нийцэхүйц бөгөөд ирээдүйг илүү эерэгээр төсөөлсөн гэж үзэж байна. Бидний дэвшүүлж буй энэ санал дэмжигдснээр Жижиг, дунд ААН-ийн ашигт үйл ажиллагаа сайжирч, эдийн засагт үзүүлэх эерэг үр нөлөө нь нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа.

Монголын нийт бизнес эрхлэгчдийн хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бол? Манай эмэгтэйчүүд аль салбарт түлхүү манлайлах хандлагатай вэ?

Харамсалтай нь энэ тоо нь тодорхойгүй, статистик тоо баримт судалгаа хомс байна. Учир нь бизнес эрхлэгч эмэгтэй гэдэг тодорхойлолт манайд хуульчлагдаагүй байна. Энэ нь төр засгаас явуулж буй бодлогууд нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хэрхэн дэмжлэг болж байгааг тодорхойлох боломжгүй болгож байна. Олон улсын ерөнхий жишиг бол 51 хувиас дээш эмэгтэй хувь эзэмшигчтэй, эсвэл 26 хувиас дээш эмэгтэй хувь эзэмшигчтэй ба нийт ажилчдын 50 хувь нь эмэгтэй байх гэж зааж өгсөн байдаг. Бид энэ асуудлыг хэрэгжүүлэх боломжийг нь бодлогын өмгөөллийн хүрээнд судлан УИХ-ын гишүүдтэй санал солилцож байна.

Манай зөвлөл нь МҮХАҮТ-ын нийт гишүүдийн 30 гаруй хувийг хамарч байгаа бөгөөд тэргүүлэх салбарууд нь ноос, ноолуур, хүнс, эрүүл мэнд болон боловсрол байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд маань дийлэнхдээ эдийн засгаа солонгоруулах, ажлийн байрыг тортвортой бий болгох, экспортын барааг үйлдвэрлэх зэргээр манай эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг. Боловсролын салбарт л гэхэд Орчлон, Хобби, Логарифм дунд сургуулиуд, Сант англи хэлний сургууль, хүнс үйлдвэрлэл, махны салбар гэхэд л Траст трэд, Хүнс Комплекс, Мөнхийн болор нарийн боов гэхэд Жүр Үр, Бат Байгаль, Алиман сар гэх мэт салбартаа тэргүүлэх брэндүүдийг манай эмэгтэйчүүд бий болгож чадсан байна.

Монгол бизнес эмэгтэйчүүд тив, дэлхий, олон улсын түвшинд хэр үнэлэгддэг вэ? Гаргасан амжилт, авсан томоохон шагналуудаас нэрлэнэ үү?

2015 онд манай зөвлөлөөс Ази, номхон далайн орнуудын ХАҮТанхимуудын зөвлөлийн /САССI/ шагналд Бишрэлт компаний захирал Ундармаа, Ландекс компанийн захирал Гэрэлмааг дэвшүүлж амжилттай оролцуулсан. 2017 оноос эхлүүлэн бодлогын журмаар Олон Улсын Эмэгтэйчүүдын Сорилт /IWEC/-с салбартаа тэргүүлж буй эмэгтэйчүүдээ жил бүр сорилт-шагналд тодорхойлон Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж явна.

Өмнөх онуудад Гандирс компанийн захирал Эрдэнэчулуун, МЭИК компанийн захирал Болормаа, Жүр Үр ХХК-н захирал Мөнхзул, Траст Компанийн захирал Сансармаа нарыг дэвшүүлсэн бол энэ жил Сноу Филд компаний захирал Нарантуяа, Мондемон (Урбан) компанийн захирал Тунгалаг болон Ялгуун компанийн захирал Өлзиймаа нар нэр дэвшиж шагналаа 9-р сард авахаар бэлтгэж байна.

Бид дэлхийн 60 улс орны хөрөнгийн бирж дээр эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг дэмжин хонх цохих арга хэмгээг Олон улсын санхүүгийн корпораци болон Монголын хөрөнгийн биржтэй хамтран 2 жил дараалан зохион байгуулж, эдийн засгийн форумд эмэгтэйчүүдын манлайллын хэлэлцүүлгийг удирдаж, хүйсийн тэгш эрхийг хангах, авлигын эсрэг тэмцэх, компанийн ес зүйг төлөвшүүлэх зэрэг бид бүхний амьдралд чухал асуудлуудад идэвхтэй байр суурийг илэрхийлж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дуу хоолойг төлөөлж байна.

Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийнхээ бүтээгдэхүүн үйлчилгээг экспортод гаргах үйл ажиллагааг өргөжүүлэхэд тус дэм болох зорилгоор Европын холбооноос дэмжин явуулж байгаа ТРАМ төслийн хүрээнд Shetrade олон улсын эмэгтэйчүүдийн худалдааны програмд нэгдэн ажиллах хүсэлтээ гаргасан. Ер нь манай Монголын эмэгтэйчүүд дэлхийд дээгүүрт яваа гэхэд хэтрүүлэг болохгүй болов уу. Цаашид энэ байрь сууриа бэхжүүлэн хамтран ажиллаж, олон улсын тавцанд Монгол гэсэн брэндийг хамтаа бүтээхээр зорин ажиллаж байна.

Эмэгтэй бизнес эрхлэгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд Зөвлөлийн зүгээс юу хийдэг вэ? Цаашид хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

Би өмнө нь энэ чиглэлээр явуулж байгаа сургалтууд хэлэлцүүлгүүдийн тухай дурдсан байгаа. Мөн манай зөвлөл нь сар бүр өглөөний уулзалтаараа гишүүдээ хүлээн авч нэтворкинг хийдэг заншилтай.

Гэхдээ манай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээс тавидаг нэг чухал хүсэлт бол байгууллагаа хэрхэн манлайлж явах вэ, үүний тулд эмэгтэйчүүд манлайллын ямар шинж чанартай байх вэ, яаж түншээ олж авах вэ, хэрхэн хөрөнгө босгох вэ зэрэг асуултуудад хариулах цогц сургалтын программ авахыг хүсдэг юм.

Түүнчлэн сүүлийн 20-25 жилд бий болгосон мэдлэг туршлагаасаа хуваалцах юмсан гэж зарим нь ярьж байхад шинээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа болон орон нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд маань туршлага солилцох юмсан гэдэг. Иймд бид тэргүүлэгч гишүүдийн санаачлагаар БЭЭ-ийн менторийн клуб ТББ байгуулж үүнийгээ хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ клубын хүрээнд Эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлээр олон улсын нэр хүндтэй сургалтын төв болон багш, манлайлагч эмэгтэйчүүдтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

Удахгүй Ази, номхон далайн орнуудын бизнес эмэгтэйчүүдийн уулзалт болох гэж байна. Уг уулзалтаар голлон ярилцах сэдэв юу вэ? Манай бизнесийнхэнд ямар ач холбогдолтой байх бол?

Энэ жил анх удаа олон улсын эмэгтэйчүүдийнг зөвлөлгөөнийг Монгол Улсдаа зохион байгуулах гэж байна. Уг уулзалтаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан олон улсын санхүүжилт болон бизнесийн хөгжлийн програмууд, Монголын экспортын боломжуудын талаар олон улсын зочид гийчдэд танилцуулах, Ази, номхон далайн орнуудын бизнес эмэгтэйчүүдтэй хэрхэн хамтрах ажиллах боломжуудыг эрэлхийлэх юм. Манай чуулганд дээр Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх үйлчилгээг хариуцсан Бүсийн дарга Рэйчэл Фриймэн илтгэл тавих бөгөөд Европийн сэргээн босголтын банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хэрхэн дэмжлэг үзүүлж байгаа талаар хэлэлцэнэ.

Оролцогч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийгээ шинэ мэдлэг олж авахад нь дэм болох зорилгоор олон улсын тэргүүлэх РwC компанийн зөвлөх үйлчилгээнээс “Компанийн өөрчлөлтийг хэрхэн удирдах вэ” сэдвээр маш сонирхолтой сургалт явуулна. Түүнчлэн бид Азийн сантай хамтран үүсгэн байгуулсан Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн туршлагаас хуваалцах юм. Энэ нь манай гадаадын зочдын сонирхлыг ихээхэн татаж байна. Мөн орон бүрээс бичил болон жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ шагнал гардуулна. Энэ чуулган манай орныг болон Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг олон улсад суртачлахад хувь нэмрээ оруулах байх гэдэгт найдаж байна. Манай бизнес эрхлэгчид шинэ мэдээлэл олж авахаас гадна бусад орны эмэгтэйчүүдтэй хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг эрэлхийлэх юм.

Э.Адъяасүрэн

1 COMMENT

  1. худлаа ярих юм. Улс төрдд байгаа эмэгтэйчүүд чинь Я-ШКА БРЭНД БОЛЖ байна. Наймаачин хүүхнүүд ихэнх нь Хулхидаж хуурах СҮлжээний Брэнд болж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!