Ө.Энхтүвшин: МАН хоёр хуваагдсан. Нуух зүйл байхгүй

0
104

УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар батламжлах асуудлыг хэлэлцсэн. Гэвч МАН-ын 30 гаруй гишүүн хуралдаанд оролцоогүй юм. Тэд өмнөх Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зураагүй бөгөөд У.Хүрэлсүхийг эсэргүүцэж байгаа юм. Тэд чуулган өндөрлөсний дараа мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад гар бие оролцож, гарын үсэг зурсан гишүүдтэйгээ ойлголцож, хамтран ажиллана гэж итгэж байсан ч талаар болсон гэнэ. Энэ талаар гишүүн Ө.Энхтүвшин “МАН ард түмний өмнө хариуцлага хүлээсэн. Тиймээс асуудлаа дотроо ярих ёстой. АН-ын гишүүдтэй нийлж, Засгийн газраа огцруулсан. Одоо зөвшилцөх байлгүй дээ гэтэл шууд санал хураачихлаа. Энэ асуудалд эгдүүцэж байна. Эв нэгдлийг яаж хангах юм гэхээр хариулт байхгүй. Өнөөдөр чуулган дээр амь насаа алдахаас  айхгүй байна гэж ярьж байна. Хэн хэнийхээ амь насанд  хүрэх гээд байгаа юм бэ. 65 дотроо учраа олчиход л болоо. Энэ бүхнээс харахад эв нэгдлийг хангаж чадахгүй. Улам хурцдуулах юм байна гэж харж байна” гэлээ.

Мөн тэрбээр “МАН-д талцал байна. Түүнийг нуугаад яахав. Үүнийг л  Ерөнхий сайд зогсоож, эв нэгдлийг хангаж ажиллах ёстой” гэсэн юм. Харин сайд нэхэж, шантаажилсан юм биш үү гэх сэтгүүлчийн асуултад “Тийм зүйл байхгүй. Зүгээр л ямар зарчмаар ажиллах юм. Яаж эв нэгдлийг хангах юм гэдэг асуудлыг л тавьж байгаа. 31 гишүүн өөр газар хуралдаад л, 32 тусдаа хуралдаад  байгааг нэгтгэж, 65-уулаа хуралддаг больё гэсэн” хэмээв.

Харин чуулганы хуралдаанд оролцоогүй шалтгааны талаар гишүүн Ж.Мөнхбат “МАН-ын 30-аад гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй. МАН-ын бүлэг хуралдаад эв нэгдлээ яаж хангаж ажиллах юм гэдэг асуудлыг ярих гэтэл гарын үсэг зурсан 30 гишүүн түрэмгийлсэн. Одоо МАН-ын зангидаж явах асуудлыг Ерөнхий сайд л шийднэ. Бид гол нь зарчим дээрээ ойлголцох хэрэгтэй. Ойлголцох байх гэж бодож байна” гэлээ. Харин гишүүн Н.Номтойбаяр “Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилох үеэр нэг зүйл  тодорхой боллоо. Энэ парламентад сөрөг хүчин цөөнх гэж байхгүй юм байна. Өнөөдөр чуулганд АН-ын 8 гишүүн нийлж Ерөнхий сайдыг томиллоо. Албан ёсны сөрөг хүчингүй болж. Уг нь парламентын засаглалтай оронд сөрөг хүчин заавал байх ёстой. Тэгэж байж олонх болсон хүмүүсийн шийдвэрт хяналт тавьж, зөв шийдвэр гаргуулах ёстой. Гэтэл сөрөг хүчин алга байна” гэлээ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!