Танхимын тэргүүнээ тамга гардахад Л.Халтар сайд ноцтой ослоор “бэлэг” барилаа

Шатахуун тээвэрлэж явсан галт тэрэг замын хажуу руу унаж, 400 тонн түлш хөрсөнд шингэх аюул нүүрлэсэн. Вагон онхолдсон шалтгаан нь бороо орж төмөр замын ул шороо угаагдаж төмөр зам эвдэрснээс үүдэлтэй. Мэргэжлийн сайдын хувьд гаргаж боломгүй том алдаа. Аадар борооны улмаас төмөр замын ул шороо угаагдах, урсах явдал гарах нь элбэг. Тиймдээ ч борооны дараа аюулгүй байдлын үзлэг заавал хийгдэх журамтай. Харамсалтай нь, энэ ажиллагааг орхигдуулснаас болж осол гарч, их хэмжээний шатахуун хөрсөнд шингэж, байгальд хохирол учруулах хэмжээнд хүрэв.

Л.Халтар сайдыг зам тээврийн салбарын, мэргэжлийн хүн гэж олон хүн өөгшүүлдэг. Харамсалтай нь хоёр ч Засгийн нүүр үзэн ажиллаж байгаа ч хийж хэрэгжүүлсэн дорвитой ажил байхгүй өнөөг хүрэв. Гэсэн ч мэргэжлийн гэх тодотголоор нь өнөөг хүртэл оролддоггүй гэхэд болно. Гэвч түүнийг энэ салбарыг толгойлох болсноор гарсан галт тэрэгний ослыг дурьдвал олон. Энэ жилийн Сар шинийн баярын эхний өдөр “Айраг” өртөөний зам дээр чингэлэг тээвэрлэж явсан гурван галт тэрэг замаасаа гарч, онхолдсон. Ослын дараахан дахин галт тэрэг замаасаа гарах шахсан ноцтой асуудал ч бий. Гэвч салбар хариуцсан сайд хариуцлага хүлээсэн нь үгүй.

Энэ нь багадаж, төмөр замын баяраар Оросуудыг авчирснаас болж коронавирусийн халдвар алдсан талаар Эрүүл мэндийн яамны Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Төмөр замын баярын үйл ажиллагаанд Орос Улсаас зочид төлөөлөгчид ирсэн” хэмээн мэдэгдэж байв.

Л.Халтар сайд үүнийг үгүйсгэж байсан ч төмөр замын ажилчид УОК-ийн шийдвэрийг сөрж, бөөнөөрөө цуглан тэмцээн уралдаан зохион байгуулснаас үүдэлтэй цар тахал төмөр зам дагуух хот, өртөөг дамжин тархсан нь үнэн юм.

Төмөр замын цэвэрлэгчээс ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр энэ чиглэлийн бүтээн байгуулалтад илүүтэй анхаарч авто зам, агаарын тээврээ орхигдуулдаг гэдэг. Үүний нотолгоо нь Дарханы зам билээ.

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам өдгөө ч там хэвээр. Олон хүний эд хөрөнгийг сүйтгэж, амь насыг авч одсоор…

Удахгүй шинэ нисэх буудал ашиглалтад орно. Гэвч ганц мэддэг салбараа тэргүүнд тавьж, бусдыг нь хойш татаж, анхаарлын гадна үлдээсэн Л.Халтар сайд агаарын тээврийн салбарт шинэ бодлого хэрэгжүүлж, Засгийн газрын их хүлээлтэд хүрч чадах уу гэдэг эргэлзээтэй. Тэр хичнээн мундаг мэргэжилтэн байлаа гээд салбарын бодлого авч явж чадах хүн биш гэдгээ алхам бүрт харуулсаар байна.

Өөрөөсөө ч илүү хайрладаг гэх төмөр замын салбар нь уналтад орж, танхимын тэргүүн нь намын даргын тамгаа гардах өдрийг хар дарсан зүүд мэт онц ноцтой ослоор угтлаа.

Агаарын тээврийн карго саатаж, хилийн цаана иргэдийн ачаа гацсан асуудлыг ч шийдвэрлэж дөнгөхгүй яваа түүнийг хоёр ч Засгийн газар дамнуулан ажиллуулаад үр дүн гарсангүй…

Тиймээс наадмын дараа яригдах, чадваргүй, чадал чансаа муутай сайдуудыг эргүүлэн татах ажиллагааны эхэнд энэ сайдын эрх үүрэгт цэг тавих асуудал зайлшгүй хөндөгдөх биз. Өмнө буюу 2018 оны наймдугаар сарын 9-нд Дорноговь аймгийн Айраг суманд галт тэрэг осолдоход тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга гурвыг гурвууланг нь огцруулж хариуцлага тооцож байв.

Л.Халтарын хувьд эхэндээ Сү.Батболдын фракцид харьяалагддаг байсан ч сүүлд Х.Баттулгад “урван” зүтгэх болж шагналд нь сайдын суудал авсан гэгддэг. Одоо харин түүний нөмөр нөөлөг болсон Х.Баттулга ижийдээ очсон. Тэгэхээр Сү.Батболд намдаа нөлөөтэй байгаагийн хэрэг юу билээ, түүний урвалтын хариуд өчигдрийн ноцтой ослыг шалтаг болгоод суудлыг нь авна гээд зүтгэхэд Л.Оюун-Эрдэнэ лав хамгаалж дийлэхгүй биз.

Орчуулах »