Буриадад хатуу хөл хорио тогтоолоо

2021-06-24
1 min read

ОХУ-ын Буриад улсын эрх баригчид коронавирусний халдварын нөхцөл байдал улам хүндэрч байгаатай холбогдуулан зургаадугаар сарын 27-ноос эхлэн хоёр долоо хоног хязгаарлалтын хатуу арга хэмжээ авахаар болсныг бүс нутгийн шуурхай штабаас мэдээлсэн байна.   

“Зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 11-ний өдрүүдийг ажлын бус өдрөөр зарлаж байна. Хоёр долоо хоногийн турш эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ, хүнсний дэлгүүр, зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн борлуулдаг худалдааны байгууллага, эмийн сан, орон сууц, нийтийн үйлчилгээ, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас бусад бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хориглоно. Авч буй хязгаарлалтын гол зорилго нь таван долоо хоног дараалан хүндэрч буй цар тахлын нөхцөл байдлыг өөрчлөх явдал юм” гэж шуурхай штабаас мэдээлжээ.

Түүнчлэн Байгал, Щучье нуурын чиглэлд байрладаг олон нийтийн амралт зугаалгын газруудын үйл ажиллагааг хязгаарлана. Үүнээс гадна, 14-өөс доош насны хүүхдүүд зөвхөн томчуудтай хамт гадаа гарч болох ажээ.

Орчуулах »