Бидибилдинг, фитнессийн спорт бол эрүүл зөв амьдралд хүргэх зам

Сүүлийн жилүүдэд хүүхэд залуучууд эрүүл мэнд болоод биеийн зөв галбиртаа ихээхэн анхаарах болсон. Энэ нь манай улсад бодибилдинг, фитнессийн спорт хөгжих нэг гүүр болж байгаа юм. Өнөөдөр тэдгээр залуусын төлөөлөл болсон мэнс физик ангиллын 2017 оны хотын аварга, 2018 оны үнэмлэхүй аварга, Ази тивийн аваргын хүрэл медальт А.Энхжин болон бодифитнесс ангиллын 2018 оны хотын аварга, 2018 оны улсын аваргын мөнгөн медальт Д.Доржнамжил нартай ярилцлаа. Залуус маань нас залуу ч гаргасан амжилт, хуримтлуулсан туршлага арвинтай юм. Тиймдээ ч өнөөдөр Ирмүүн Оргил фитнесс клубт тамирчин, багш дасгалжуулагчаар ажиллаж байна.

 -Анх хэдэн оноос энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ?

А.Энхжин: -Уг нь манайхан урлагийн хүмүүс байдаг юм. 2010 онд ээжийнхээ найзыг дагаж цагдаагийн тусгайд байлдааны самбогоор хичээллэж байхдаа анх төмөр өргөж үзээд энэ спорт ямар сайхан болохыг мэдэрсэн. Тэгээд 2011 оноос төв бассейны дэргэдэх “Silver gym”-д хичээллэж эхэлсэн. Энэ үедээ сар хичээллээд сар амардаг байлаа. Харин 2015 оноос тууштай, тасралтгүй хичээллэж байна.

Д.Доржнамжил: -Анх хөдөөнөөс оюутан болж ирчихээд 2014 оноос эхлэн энэ спортод хөл тавьсан.  Найз охин маань энэ спортоор хичээллэдэг байсан нь надад их нөлөөлсөн юм. Түүний биеэ авч яваа байдал, бусад хүмүүс түүнтэй харьцаж байгаа зэрэг нь үнэхээр гайхалтай байлаа. Ер нь гоё сайхан болохыг хүсдэггүй эмэгтэй гэж байдаггүй байх. Анх би ингэж л хүсч хичээллэсэн. Харин дараа нь өөрийгөө сорьж тэмцээн уралдаанд орж тамирчны гараагаа эхэлсэн дээ. Мөн эрүүл мэнддээ анхаарч энэ спортыг сонгосон. Урьд нь миний нуруу их өвддөг байсан ч одоо огт өвддөггүй. Хүн зөв хооллоод дасгал хөдөлгөөн хийгээд ирэхээр өвчин хүртэл холддог юм байна.

-Энэхүү спортын бусад спортоос ялгарах онцлог юу вэ?

Д.Доржнамжил: -Асар их тэсвэр тэвчээр, тууштай бэлтгэл шаардагддаг спорт гэж боддог. Угаасаа яст мэлхийний хурдаар амжилт нь урагшилдаг гэж ярьдаг юм байна лээ. Би 2017 оны зургадугаар сараас эхлээд бүх ажлаа хойш нь тавьж зөвхөн спортоороо тууштай хичээллэсний үр дүнд 2018 оны нэг сард болсон Хотын аваргаас нэгдүгээр байр, Улсын аваргаас мөнгөн медаль авсан. Өмнө нь ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хийдэг байлаа. Бодибилдинг, фитнессийн спортыг олимпид орох дараагийн төрөл ч гэж ярьдаг. Хэдийгээр бусад бөх, боксын спорт шиг өндөр шагнал урамшуулал авдаггүй ч гэлээ хүний хамгийн чухал зүйл болох эрүүл зөв амьдралыг бэлэглэдэг гэж бодож байна. Мөн дээр нь өөртөө итгэх итгэл болон биеийн гоо сайхныг өгдөг дөө. Гэртээ харих зам хамгийн зөв зам гэж хүмүүс ярьдаг бол бас бэлтгэлдээ явах зам ч зөв зам юм байна гэдгийг  мэдэж авсан.

А.Энхжин: -Хичээллээд эхлэхээр их гоё. Биеэс ялгарах хөлстэй хамт хүний хамаг л стресс гарч оддог. Өөрийн эрхгүй тайвширч сэтгэл санаа зөөлөрдөг юм. Намайг анх хичээллэж эхлэх үед фитнесс клубууд цөөхөн байсан. Төлбөр мөнгө нь 20-30 мянган төгрөг л байсан байх. Тэр үед би 17 настай хүүхэд байсан учраас өөрийн гэсэн мөнгө байдаггүй тэгээд л энэ тэнд очин ачих буулгах зэрэг туслах ажил хийж бэлтгэлийнхээ мөнгө олдог байлаа. Техникээ буруу хийснээс болж гэмтэл бэртэл их авсан. Тэгээд төмрөө өргөх нь битгий хэл гараа ч хөдөлгөж чадахгүй үе гарч байлаа. Тэр бүхнийг давж өнөөдөр энэ хэмжээнд ирсэн дээ. Ингээд бодохоор энэ спорт надад юманд тууштай байх чадвар болон тэсвэр тэвчээр суулгаж, эмх цэгцтэй хүн болгосон. Бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэхийн хамгийн том шагнал бол эрүүл зөв сайхан бие юм шүү дээ.

-Та бүхнийг харахад үнэхээр гоё, сайхан биетэй байх юм. Эрчүүд нь булчинлаг, эмэгтэйчүүд нь галбирлаг. Үеийнхэн тань та нарыг хараад юу гэж хэлдэг вэ?

А.Энхжин: -Залуус ихэвчлэн хэр удаан хичээллэвэл чам шиг ийм гоё биетэй болох вэ гэж асуудаг. Би тэдэнд намайг дагаад ядаж долоо хоног хичээллээд үзээ л гэдэг. Учир нь хүн бүхэн өөрийн хүссэн зүйлдээ тууштай байж чаддаггүй. Тэсвэр тэвчээр гаргаж, цаг хугацаа зарцуулан байж амжилт гаргадаг шүү дээ. Миний хариултаас үүдэн олон найз минь энэ спортоор хичээллэх болсон. Булчинлаг залуус бэлгийн сулралтай байдаг гэсэн ташаа ойлголт манай залууст байдаг. Үнэндээ энэ бол атаархал бөгөөд өөрсдөө энэ их тэсвэр тэвчээр, хатуужлыг гаргаж чадахгүй хүмүүсийн яриа гэж би боддог. Үнэндээ хүний амьдралд залуу нас гэдэг асар богино хугацаа бий. Энэ залуу насаа хайрлаж хожим энэ насаараа бахархаж байх нь чухал. Ядаж л үр хүүхэддээ аав нь залуудаа ийм байлаа гээд гаргасан амжилтуудаа харуулна гэдэг сайхан шүү дээ.

Д.Доржнамжил: -Залуус бол хардаг л байх би нээх анзаардаггүй. Харин эмэгтэй хүмүүс их хардаг гэж би боддог. Угаасаа бид чинь өөрөөсөө гоё сайхан эмэгтэйг харж яаж ийм гоё болох уу гэж боддог хүмүүс. Тиймээс би эмэгтэй талаасаа мөн фитнессийн тамирчин хүнийхээ хувьд бусад эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал нь болж гоё сайхан харагдахыг хүсдэг.

 

 

 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!