Хичнээн амь тоолж байж IT технологийн салбараа ашиглах вэ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ сайдаа?!

Улс орноороо тахалд нэрвэгдэж, тахлын аюулын дороос хэзээ өндийх нь тодорхойгүй байдалд орлоо. Нэг нам дангаар засаглаж, улстөрийн нөхцөл байдалд ямар ч судалгаа төлөвлөлтгүй тоглолт хийж энэ хүнд цаг үед төр улс удирдах ямар ч туршлага, мэдлэг, чадваргүй нөхдөөр Засаг бариулж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндээр дэнчин тавин “тоглож” байна.

Өдөр бүр 3000 шахсан хүн тахлаар өвдөж, нас барагсдын тоо 10-аас буухаа больсон аймшигт өдрүүдийн өмнө Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар ямар ч хувилбаргүй арчаагаа алдан сууж байгаа нь үнэн.

Хавьтагчдаа илрүүлэх, тандах баг нь ч хүрэлцэхээ больж бууж өглөө. Эмх замбараагүй болсон, дээр нь удаа дараагийн хатуу хөл хорионоос өлсгөлөн ядуурал руу орсноос болж амьдрахын тулд халдвар авсан зарим иргэд өвчлөлөө нуун ажил албандаа явж, гадуур дотуур сэлгүүцсэнээс тахлын тархалтыг улам гааруулж байна.

Уг нь техник технологи хөгжсөн энэ үед Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар улс орноо, ард иргэдээ тахлаас аврах, босгох хамгийн үнэт, чухал үүргийг гүйцэтгэх ёстой.

Харамсалтай нь, унхиагүй Засаг төрийн шийдвэрүүд дээр нэмээд мэргэжлийн бус хүнд энэ газрыг “бэлэг” мэт өгсний горыг амсч, өдөр бүр 10 гаруй иргэнээ цаг бусаар алдаж байна.

Шадар сайд С.Амарсайхан болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хоёр хослон шоудаж, попрохоос хэтрэхгүй байсаар хичнээн хүний эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж байгаа билээ.

Тахлын тархалтыг хумьж дийлэхгүй, хавьтлуудыг тогтоож амжихгүй, дээр нь нэмээд өвчлөгсөд нь гадуур дотуур сэлгүүцэж буй энэ үед дээрх хоёр нөхрийн он гараад л попорсон технологиудыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, ашиглан зогсоох учиртай.

Гурван сар шахмын өмнө “Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг богино хугацаанд тогтоох боломж бүрдлээ. Ковидын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг асуумжид үндэслэн цаг хугацаа алдалгүйгээр технологийн шийдэл, программыг ашиглан түргэн шуурхай олж тогтоох шинэчлэн зохион байгуулагдсан баг ажилдаа орлоо.

Халдвар тээгчийн ойрын хавьтлыг богино хугацаанд, олон газар зорчиж халдвараа тараахаас өмнө бага зардлаар олох боломж бүрдэнэ. Өнөөдрийг хүртэл ойрын хавьтлыг олж тогтоохоор ажиллаж байсан ХӨСҮТ-ийн ачаалал эрс буурна” хэмээн Шадар сайд С.Амарсайхан цахим хуудастаа бардамнан мэдээлж байсан.

Google, Apple компаниудын ковидын тархалт илрүүлэх зорилгоор хамтран зохиосон нээлттэй эх /үнэ төлбөргүй/-ийн систем гээчийг ашиглахаар Шадар сайд хөөрцөглөж, Засгийн газрыг төлөөлөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нь Google, Apple компанийн төлөөлөгчидтэй хэд хэдэн удаагийн онлайн уулзалт хийн, бөөн зардал чирэгдэл болон гүйж байв.

Тэрчлэн иргэн бүр Bluetooth-ээ холбоорой, одоо л үзүүлээд өгье хэмээн өглөө бүр иргэдийн гар утас руу мессэж ирж сүрийг үзүүлж байлаа.

Харамсалтай нь таг… Юу болсон яасан ийсэн мэдээлэлгүй ажин түжин болов.

Үүнээс өмнө орсон гарсан байгууллага бүрийнхээ үүдэнд QR код заавал уншуул гэж лүндэндсэн “мөнгө залгисан зохиол” болох QR бүртгэл мөн үр дүнгүй болж, халдварын тархалт огцом нэмэгдсэн.

Тэрбум тэрбумаар нь салхинд цацсан QR бүртгэлээ ямар ч үр дүнгүй боллоо гэдгээ хүлээн зөвшөөрөөгүйн дээр Монгол Улсын иргэн бүрийн биометр мэдээллийг Google, Apple компаниудын мэдээллийн сан руу урсгасан дээрх систем энэ удаад бас анир чимээгүй боллоо.

Нэг л их технологи, орчин үе ярьсан Л.Оюун-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ, С.Амарсайхан гурвын үед монгол түмнээрээ технологийн гайхамшгийг үзэлгүйгээр тахалд нэрвэгдээд өвчлөөд, үхээд дуусах нь…

Эс бөгөөс IT технологийн салбараасаа мэргэжлийн бус, мэргэжил мэдлэг дутсан Б.Болор-Эрдэнэ гэгчээ зайлуулаад чаддаг, мэддэг залуусаа урьж улсаа аврах цаг болж…

Эрүүл мэндийн салбарынхан тандалт судалгаа, хавьтагч илрүүлэх байтугай өвчтөнүүддээ хүрэлцэхээ больсон энэ үед эл ажлыг Харилцаа холбоо, мэдээлэл технологийнхон хиймээр, нугалмаар байна.

Улсын онцгой комисс, Шадар сайд С.Амарсайхан болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нарын хөөрч хөөрцөглөн мэдэгдсэн технологийн талаар бид өмнөх дугаарууддаа анхааруулан бичиж байв.

Энэ нөхдийн эл систем ямар ч үр дүнгүй, харин ч эргээд хортой байж мэдэх тул мэргэжлийн, чадварлаг залуусаа урьж ЭХ ОРОН, ЭЛГЭН ТҮМНЭЭ цар тахлын аюулаас хохирол багатай гэтэлгэхэд туслуулаач, Л.Оюун-Эрдэнэ сайд аа!!! Ингэхээс өөр ямар ч үр дүнтэй хувилбар одоохондоо үгүй… Хичнээн хүний амь тоолж байж Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбараа ашиглах гээ вэ, одоо болно…

С.Амарсайхан, Б.Болор-Эрдэнэ нарын оруулж ирсэн гэх системийн талаар доорх линкээс уншаарай…

http://niigmiintoli.mn/?p=9637

Орчуулах »