Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд намынхаа нэр хүндийг унагасандаа уучлал гуйсан

0
111

УИХ-ын дарга М.Энхболд намынхаа нэр хүндийг унагасандаа уучлал хүссэн тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.

Уучлал хүссэн албан бичгийг хэзээ хүлээн авсан бэ?

УИХ-ын даргад энэ сарын 20-ны өдөрт багтаан “60 тэрбум”-ын асуудалд нэр холбогдсондоо харамсаж буйгаа илэрхийлж, уучлал гуйх, энэ хэргийг дахин шалгаж эхлэх, ээлжит бус чуулган зарлах, АТГ-ын удирдлагад хариуцлага тооцох зэрэг шаардлага тавьсан. Энэ дагуу өчигдөр 18:00 цагт шаардлагын хариугаа бичгээр авсан.

Албан бичигт юу гэж бичсэн байсныг уншиж өгөхгүй юу?

Тус бичигт “Миний бие МАН-ын даргаар ажиллаж байхдаа хэн нэгнийг албан тушаалд мөнгөөр томилсон үйлдэл гаргаагүй болно. Гэвч өнөөдрийг хүртэл “60 тэрбум”-ын гэх асуудалтай нэр холбогдож, намынхаа нэр хүндийг унагасандаа туйлын их харамсаж байна.  Нийслэлийн Ерөнхий Прокурорын газраас “60 тэрбум”-ын гэх хэргийг хаасан байсныг дахин сэргээж байгаагаа бичгээр мэдэгдсэн. Тагнуулын Ерөнхий Газраас хэрэг бүртгэлтэй холбоотой шинэ мэдээллүүд гарсан учраас асуудлыг дахин нягталж үзэхээр болсон юм байна” гэсэн байсан.

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар болсон гэл үү?

МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос энэ улиралдаа багтааж М.Энхболд, Ц.Сандуй нарт хариуцлага тооцох асуудлыг намын Удирдах зөвлөлөөр оруулах шийдвэр гаргасан. Мөн энэ долоо хоногтоо багтаж УИХ-ын Хууль зүйн байнгын хороог хуралдуулж, ээлжит бус чуулган зарлах ёстой чиглэл өгсөн.  Ер нь сүүлийн 20 жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгөөс уучлал хүссэн мэдэгдэл гаргасан анхны тохиолдол юм. Олон нийтийг ихээр хохироосон мөртлөө эзэн нь хариуцлага хүлээдэггүй асуудал газар авлаа. Ийм байдлыг ордны дотроос засч чадахгүй бол Төрийн ордны гаднаас засах нийтийн сэтгэл зүй бэлэн болсон гэдгийг хэлмээр байна.

Зуны гурван сарын хугацаанд нэг УИХ-ын гишүүн олон нийтийн дэмжлэгтэйгээр ийм үр дүнд хүрч чадлаа. Цаашид ийм байдлаар ажиллахад хаачихсан байсан хэргүүдийг сэргээн хянах, зарим асуудлыг эргэж харах боломж бүрдэнэ гэдгийг харуулж чадлаа.

Ээлжит бус чуулган зарлагдах хууль эрх зүйн боломжийг та хэрхэн харж байна вэ?

Ээлжит бус чуулганы асуудлыг энэ долоо хоногт багтаан Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх юм байна гэж би ойлгосон. Байнгын хороо хуралдсан тохиолдолд би хуралдаанд орно. Энэ асуудлаар би Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүдтэй уулзсан. Нам харгалзахгүйгээр бид ийм асуудлууд дээр нэгдэх хэрэгтэй байгаа юм. Ээлжит бус чуулган зарлахыг дэмжсэн гишүүд өчигдөр уулзсан байгаа.

УИХ-ын дарга М.Энхболдын явуулсан албан бичиг таны хувьд хэр хангалттай санагдаж байна вэ?

Миний шаардлага бол уучлал гуй гэж хүссэн байсан. Энэ нь өөрөө хэцүү зүйл. Харамсаж байгаагаа бичгээр илэрхийлнэ гэдэг нь бусад орны жишгээр буруугаа хүлээсэн үйлдэл. Яг манай орны хувьд, М.Энхболд гэдэг ийм бичиг нь тийм ч амар байгаагүй болов уу. Саяхан Засгийн газар сүүлийн 26 жил гарч байгаагүй том хариуцлагыг Зам, тээврийн хөгжлийн яаманд хариуцлага тооцлоо. Сайд, дэд сайд, төрийн нарийн, газрын дарга нарыг халлаа. Үүнд нь бас шүүмжлэлтэй хандах нь буруу юм. Яг үүн шиг харамсаж байгаагаа илэрхийлсэн бичиг хүргүүлсэн нь улс төрийн соёлтой жишиг тогтохын эхлэл боллоо.

Байнгын хорооноос тухайлсан нэг асуудлаар нийтийн сонсгол явуулах боломжгүй гэж тайлбарласан?

Нийтийн сонсгол бол зөвхөн үнэнийг хэлнэ гэдэг томьёолол дээр явагддаг олон улсын жишигтэй. Манайх бол тухайлсан нэг хэрэг дээр нээлттэй сонсгол хийж болохгүй гэсэн бичиг Прокуророос авсан байна. Энэ нь прокурор УИХ-ын үйл ажиллагаа руу оролцож байгаа мэт харагдаж байгаа юм. Би байнгын хорооны даргатай нэг удаа уулзаж, албан бичгээр хандсан. Энэ чигээрээ намрын чуулган руу орвол байнгын хороо Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Ер нь нэг хүн Байнгын хороо болоод УИХ-ыг төлөөлөхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Та бүхэн иргэдээд “60 тэрбум”-ын асуудлаар гар утсаар дамжуулан мэдээлэл авна гэж зарласан. Хэр их мэдээлэл ирсэн бэ?

Утсаар дамжин бидэнд 80 орчим мэдээлэл ирсэн. Бид үүнийг Тагнуулын Ерөнхий газарт дамжуулан өгнө. Бичгээр бидэнд 15 орчим мэдээлэл ирсэн. Зарим мэдээллүүд үндэслэлтэй байж болохуйц байгаа. Гэхдээ хувь хүний нэртэй холбоотой асуудал учраас шууд олон нийтэд ил гаргаж болохгүй байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!