Засгийн газраас цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ

2021-06-12
1 min read

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, Өнөөдөр хоёр зүйл дээр няцаалт өгье. Нэгдүгээрт маргаашнаас эхлэн бензин шатахууны үнэ 600 төгрөгөөр өснө гэсэн ташаа мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна. Энэ бол худал мэдээлэл. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй уялдуулж 530 хүртэлх төгрөгөөр шатахууны үнийг хямдруулж ирсэн. Тиймээс маргаашнаас эхлэн бензин шатахууны үнэ өсөхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэе.

Хоёрдугаарт долдугаар сарын 1-ээс эхлэн Засгийн газраас цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа зарим хөнгөлөлт, халамжуудыг 100 хувь бүрэн зогсооно гэсэн ташаа мэдээлэл явж байна. Энэ талаар өмнө нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үргэлжлүүлэх эсэхийг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэнэ гэдгийг хэлж байсан. Мөн өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй өнөөдөр утсаар ярьж ҮАБЗ-ийн эхний хурлаар дээрх хөнгөлөлт, халамжуудыг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, төсөвт тодотгол хийж үргэлжлүүлэн олгох эсэхийг хэлэлцэнэ гэдгээ Засгийн газрын тэргүүний хувьд мэдэгдсэн. Тиймээс энэ асуудлыг улс төржүүлэхгүй байхыг хүсье” гэлээ.

Эцэст нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрдэмтдийн зөвлөл болон тархвар судлаачидтай, математик тооцоо судалгаа хийж байгаа эрдэмтдийн багтай нухацтай хуралдлаа. Зургаадугаар сарын сүүл долдугаар сарын эхэн үе гэхэд халдварын тоо буурна гэсэн эрдэмтдийн байр суурь хэвээр байгаа. Тиймээс Засгийн газрын тэргүүн хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр сууриндаа хэвээр байгаа гэв.

Орчуулах »