ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСГАЙ АГЕНТЛАГ БАЙГУУЛАВ

0
137

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ) Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулах шийдвэр гаргалаа.

УИХ-аас энэ оны зургадугаар сард ХНХЯ-ны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв (СЗСҮТ)-ийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх замаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулахаар тогтоол баталсан. Шинээр байгуулагдах агентлагийн хүний нөөцийг одоо ажиллаж байгаа СЗСҮТ-ийн 121 ажилтны 35-ыг төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд шилжүүлж, ажлын чиг үүргийг өөрчлөх замаар бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Харин СЗСҮТ нь ХБХХЕГ-ын харъяанд ажиллах аж. Агентлаг байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг өөрсдийнх нь оролцоонд тулгуурлан шийдвэрлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж буйг ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэв.

Тэрбээр, “Нийгмийн амьдралд тэгш оролцох боломж бүхий дэд бүтцийг бий болгоход энэ агентлаг томоохон түлхэц үзүүлнэ. Мөн хөдөлмөр эрхлэлтийг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлийг эрт оношлох боломж бүрдэх юм. Монгол Улсын нийт хүн амын 3.5 хувь буюу 103 мянга 600 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Үүний 58 хувь нь олдмол бол 42 хувь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс энэхүү агентлагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг ойлгодог, шийдвэрлэх гарц, гаргалгааг сайн мэдэх мэргэжлийн хүмүүсийг ажиллуулахыг ХНХЯ-нд үүрэг болгосон. Мөн уг агентлагийг СЗХҮТ-ийн хүний нөөцөд тулгуурлан байгуулж байгаа тул улсын төсвөөс мөнгө гарахгүй” гэлээ.

-ХНХЯ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцдаг. Шинээр агентлаг байгуулах зайлшгүй шаардлага байсан уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг олон асуудал тулгамддаг. Тиймээс салбар хоорондын уялдааг хангах чиглэлд энэхүү агентлаг ажиллах юм.

-Хүүхдийн асрамж, халамжийн төвүүдэд байгаа насанд хүрсэн хүмүүсийг байрлуулах тусгай газар байгуулах уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хараа хяналтгүй иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Орон гэргүй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай асуудал оруулсан ч Улаанбаатар хотын захиргаатай нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай байгаа тул түр хойшлуулсан. Удахгүй энэ асуудлыг дахин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар Засгийн газар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм. Тухайлбал, тусгай хэрэгцээтэй иргэдийг асрах халамжийн төвүүдийг шинээр байгуулах шаардлагатай байгаа. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах, асрах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төвүүдэд аттестатчилал явуулна. Улсын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 36 байгууллага байгаа ч ердөө дөрөв нь төсвөөс санхүүжилт авдаг. Бусад нь ТББ болон олон улсын байгууллагын шугамаар санхүүжилт авч байна. Монгол Улсын төр эх орны ирээдүй болсон хүүхдүүдээ бусад оронд эсхүл ТББ-д даатгаад байж болохгүй.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!