Зам тээвэр, хөгжлийн яамны томилгоо “Хүй Мандал” галын уяан дээр хийгдсээр байх уу?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХЯ-ны зарим албан тушаалтнуудад ёс зүйн хариуцлага тооцож, ажлын алдаа дутагдал гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдсэн. Энэхүү чөлөөлөгдөж буй нөхдийн дотор Ерөнхий сайд таны төрсөн ах У.Ганболдын хүү, ЗТХЯ-нд хэлтсийн даргаар ажилладаг Г.Гантулга гэгч бий юү? Төрсөн ахын тань хүү өнгөрсөн хавар буюу 2018 оны дөрөвдүгээр сард мөн яамныхаа мэргэжилтэн болох 50 гаруй насны эмэгтэй Н-ийг ажлаа өг хэмээн дарамталж, зодсон хэргээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж, өдгөө шүүхийн шатанд шилжээд буй байх аа. Таны дүү Г.Гантулгад Эрүүгийн хуулийн 11.4.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгааг эрхбиш та мэдэж байгаа биз.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэсэн дээрх зүйл ангиар шийтгэгдэхээр Шүүх хурлаа хүлээн суугаа дүүдээ, яамныханд тухайн цаг үед нь энэ шуурхай зан шигээ шуурхайлан ёс зүйн хариуцлага тооцсон бол…. мөн ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ та одоогийн гаргаж буй ухамсар шигээ ухамсартай хандаж У.Хүрэлсүх сайдын дүүд сахилга батын арга хэмжээ авч, ажлын байранд нэг нэгнээ зодож дарамталдаг байдлыг таслан зогсоочихсон бол өнөөдрийн аймшигт хэрэг гарахгүй байх байлаа. Түүнчлэн төрийн албаны томилгоог Төрийн албаны зөвлөлөөр нь дамжуулж, ном журмаар нь хийсэн бол Б.Махбал мэтийн нөхөд төрд шургалахгүй, эрдэнэт хүний амь эрстэхгүй байх байв. Хүний амь хөнөөчихөөд байгаа энэ нөхөр чинь өмнө нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн захираа, удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа мөн л хүн зодсон хэргээр хөөгдөж, өөр нэг ажилтны чихийг тас хазчихаад юу ч болоогүй мэт нулимж байсан балмад этгээд гэдгийг та нөхөд мэдэхийн дээдээр мэдэж байсан хэрнээ яагаад өнөөг хүртэл ажиллуулсаар байв.

Төрийн алба өмнө нь нам, улстөрийн фракц, бүлэглэл дотор яригддаг байснаа халиад өдгөө бөхийн гал, хурдан морьдын уяан дээр бөхчүүд, уяач нэрт саагсан баячуудын нударга дотор яригддаг болж. Огцрох өргөдлөө өгч, гэмшсэн дүр эсгэгч Ж.Бат-Эрдэнэ сайд, хүний амь хөнөөчихөөд байгаа Б.Махбал, дараагийн сайдад нэр нь яригдаж яваа Я.Содбаатар нар бүгд “Хүй мандал” галын уяачид гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хүн нь солигдсон ч гал нь солигдохгүй эдлэгдэх ёстой яачихсан яам бэ, энэ Зам тээвэр хөгжлийн яам. Замын ажлыг мөн л галаараа авна. Хөшгийн хөндийд тавигдаж буй замын 2 км орчим хэсгийг Я.Содбаатар гишүүний нусан багын найз, Хархорин сумын хүүхдүүд гэгдэх Батбаярынх нь “Заабар” компанид шууд гэрээгээр өгснийг эрхэм гишүүний харьяалагддаг “Хүй мандал” галынх нь уяач Б.Махбалыг ЗТХЯ-нд ажилд орсны дараахан хийгдсэн гэдэг. Ийм атал Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад зүтгүүлэх нь хэр оновчтой байх вэ?

Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн нэр хүчтэй яригдаж байна. Мөн л уяач, басхүү зодоонч нөхөр. Хүн зоддоггүй хүнийг ажилд авч болдоггүй юм уу, энэ яаманд. Нөгөөтэйгүүр, танил тал, төрөл төрөгсдөө Төрийн албанд чихсээр байх уу. Магадгүй, энэ чихээсийн чинь гайгаар хохирогч хорвоогийн мөнх бусыг үзсэн ч байж мэднэ. Учир нь тус яамны газрын дарга болохоор хэд хэдэн хүн дэнгийн эрвээхий шиг сайдын өрөөгөөр эргэлдэж байсан гэж байгаа. Тэрбайтугай, аль нэг газрын даргын орон тоо гарвал оронд нь МАН-ын генсэк Д.Амарбаясгалангийн хүргэн ах Зулзүсэмийг шургуулахаар өргөдөлд нь цохолт хийчихсэн байсан гэх мэдээллийг тун ойрын эх сурвалжаас өгч байна. Анхаарал татмаар мэдээлэл нь, мөнөөх Зулзүсэм гээч нь бас л уяач юм байх… Түүнчлэн, харгислагч Б.Махбал хохирогчоос гадна өөр хэд хэдэн даргыг ажлаа өгөхийг шаардаж, дарамталж байсан гэдгийг эх сурвалж онцоллоо. Мэдээлэл үнэн бол дээд нөхдийг ёс зүйн хариуцлага нэрээр зайлуулалгүй, яаралтай цагдан шалгах шаардлагатай биш гэж үү?!

Эх сурвалж


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!