Одоо байгаа хуулиар гадны банк орж ирээд үйл ажиллагаа явуулах боломжтой

0
48

MICC” корпорацийн ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэтэй ярилцлаа. Манай улсад гадаадын банкууд орж ирсэнээр зээлийн хүү буурч, санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх боломж бүрдэнэ хэмээн бизнес эрхлэгчид, олон нийт итгэж, өндөр хүлээлттэй байна. Нөгөөтэйгүүр, гадны банк орж ирсэнээр үүсч болзошгүй эрсдлийг олон талаас нь нухацтай бодох ёстой гэсэн байр суурийг эдийн засагчид хэлдэг. Уг шаардлагатай уялдуулж чуулганаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Иймд хөрөнгө оруулалтын чиглэлээр манайд хамгийн өндөр туршлага хуримтлуулсан мэргэжлийн хүний бодлыг хүргэхийг зорилоо.

Чуулганаар Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлэх боллоо. Зарим нь хуулийн төслийг яаралтай батлах шаардлагатай гэж байгаа бол нөгөө хэсэг нь уг хуулийг батлах шаардлагагүй гэж үзэж байна. Та хөрөнгө оруулалтын банкны тухай ойлголтыг эхлээд өгөхгүй юу?

Хөрөнгө оруулалтын банк нь олон улсад Үнэт цаасны хуульд зохицуулагдаад явдаг. Компаниудад хувьцаа, бондыг нь байршуулахад андройдын үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, зуучилж, хөрөнгө оруулагч нарт танилцуулж, байршуулж өгдөг компани юм. Хоёрдугаарт өдөрт тутмын үйл ажиллагаа болон хөрөнгө оруулагчид, том сангуудын бондоо бирж дээр зарах үед нь брокерын үйл ажиллагаа явуулдаг. Монголд байгаа одоогийн хуулиар гадаадын хөрөнгө оруулалтын банк андройд, брокерын лицензээ аваад ажиллах боломжтой. Тэрбум төгрөгтэй бол андройдын лиценз, 200 сая төгрөгтэй бол брокерын лиценз авч болно.

Тэгэхээр манайд гадаадын арилжааны банкууд болон хөрөнгө оруулалтын банкууд үйл ажиллагаа явуулахад эрхзүйн орчин нь байгаа гэсэн үг үү?

Нэгдүгээрт, зах зээл хөгжөөгүй учраас гадны том банкууд манайд ажиллах бололцоогүй байгаа юм. Дээрх хууль батлагдсан ч зах зээл нь байхгүй болохоор гадны банк орж ирэхгүй. Хоёрдугаарт, одоо байгаа хуулиараа явж болохоор байгаа. Хууль батлах гээд байгааг юу гэж харж байна гэвэл дотоодын арилжааны банкуудын үйл ажиллагааг хамгаалах гэсэн сонирхол юм болов уу. Гадны банкуудыг заавал өөр тоглоомын дүрмээр тоглуулах гэсэн, үйл ажиллагааг нь өөр зүйл рүү чиглүүлж, хязгаарлаж, ингээд өөрсдөө зах зээлээ хамгаалж үлдэх гэсэн лобби юм уу гэж харж байна. Одоогийн байгаа Арилжааны банкуудын хуулиар гадаадын арилжааны банкууд манайд үйл ажиллагаа явуулах эрхээ аваад явах бололцоотой. Хөрөнгө оруулалтын банкууд нь Санхүүгийн зохицуулах хороонд хандаад андройд, брокерын лицензээ аваад явж болно.

Хөрөнгө оруулалтын банк гэсэн гоё нэр өгчихөөр хүмүүс том банкууд орж ирээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд явах юм шиг ойлгоод байдаг. Гэтэл хөрөнгө оруулалтын банк гэдэг чинь бас л арилжааны банкууд шиг зуучилдаг газар. Нэг талдаа хувьцаа авах гэж байгаа хүн, нөгөө талдаа хувьцаа гаргах гэж байгаа компани хоёрыг л холбодог. Гэтэл манайд зарах хувьцаа нь алга. Монголын хөрөнгийн бирж дээр дээд тал нь 100 сая төгрөгийн арилжаа явагдаж байна. Гэтэл өдөрт 100 сая ам.долларын гүйлгээг хэдэн арваар нь хийж байгаа гадны банкууд манай жижиг зах зээлийг сонирхохгүй.

Тэгвэл зах зээл нь жижиг, өөрийн сонирхолоор гадны банкууд орж ирэх магадлал бага энэ үед хууль баталж гадаадын хөрөнгө оруулалттай банкуудыг тоглоомын өөр дүрмээр тоглуулж, дотоодын арилжааны банкуудыг хамгаалах механизм хийж байгаа нь буруу юу. Таны ярианаас Монголын ч бай, гадаадын ч бай банкууд ижил дүрмээр тоглож өрсөлдөх ёстой гэсэн санаа цухалзаж байна?

Арилжааны банкуудын зах зээлээ хамгаалж явж ирсэн нь олон жил үргэлжлээд сүүлдээ эдийн засагт том хүндрэл учруулахаар болоод байна. Тиймээс гадны банк орж ирсэнээр валютын урсгал өснө. Зах зээлийг чөлөөтэй болгосноор дандаа хэрэглэгчид хождог. Банкны үйлчлүүлэгчид, хэрэглэгчид бол Монголын ард түмэн юм. Энэ 3 сая хүн үр өгөөжийг нь хүртэнэ. Одоо 30 хувийн хүү төлж байгаа бол гадны банк орж ирсэнээр 20 хувь, том компаниуд нь 10 хувь, түүнээс доош төлж эхлэнэ. Тэр хэмжээгээр хэмнэлт гарна. Аж ахуй нэгжийн ашиг тэр хэмжээгээр өснө. Үүнийг хурдан хийж, гадны арилжааны банкуудыг оруулж ирэх хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалтын банкаар хязгаарлаад байгаа нь гоё зүйл ярьж байгаад оруулахгүй байх нэг шалтгаан юм болов уу гэж хардаж байна.

Сүүлийн жилүүдэд банкны өндөр хүү, зээлийн эх үүсвэрийн хомсдол, хугацаа давчуу нөхцөлөөс болж бизнес эрхлэгчид, иргэд гадны банк оруулж ирэхийг хүсэх болсон. Энэ талаар ч идэвхитэй ярьж байна. Гэтэл гадны банк орж ирсэнээр дотоодын арилжааны банкуудад томоохон цохилт болно. Тэгэхээр дотоодын арилжааны банкуудынхаа зах зээлийг хамгаалсан зохицуулалтыг давхар бодолцох ёстой гэж үзэх хүн олон байна? 

Нэг талдаа дотоодын банкуудын ашгийг хамгаалж байгаа юм шиг боловч нөгөө талдаа компаниудын ашиг болон хувь хүмүүсийн орлоготой холбоотой асуудал байна. Үүнийг дэнслэх хэрэгтэй. Олон улсын жишгийг харвал гадны банк оруулаагүй улс маш цөөн. Хойд Солонгос мэтийн цөөн улсыг нэрлэж болно. Нэгдүгээр, гадны банкууд манай зах зээлийг сонирхоод орохыг хүсээд байгаа юм биш. Манай зах зээл жижиг, хүн ам цөөн тул гадны банк орж ирэх сонирхол бага байна. Хоёрдугаарт, орж ирнэ гэсэн үед нь хязгаарлалт тавьчихаж болохгүй. Одоо аль болох урьж авчирах ёстой.

Үүнд “Мобиком”-ын жишээг татаж болно. “Мобиком” Японы, “Скайтел” Солонгосын хөрөнгө оруулалттай. Анх энэ хоёр компани харилцаа холбооны салбарт өрсөлдсөнөөр үнэ буурсан. Сүүлд “Юнител” орж ирсэн. Үнэ бас л буурсан. Үүний дүнд бид хямд өртгөөр ярьж байна. Манайд гар утасны нэг минутын ярианы төлбөр дэлхийн бусад улстай харьцуулахад тун бага байгаа. Бараг хүн бүр гар утас хэрэглэж байна. Тэгэхээр харилцаа холбооны салбарт өрсөлдөөн бий болсноор Монголын гурван сая хүн л хожсон. Гадны хөрөнгө оруулалт байх эсэх нь чухал биш. Гол нь өгөөжийг нь нийт хүн ам хүртэж байх учиртай. Мөн “Мобиком” Япон эзэнтэй ч гэсэн Монголын хуульд захирагдаж, татвараа төлөөд явж байна. Гадны банк орж ирсэнээр бас ийм л үйл явц болно.

Гадны төрийн банк орж ирвэл хэрхэх вэ, ийм банкаар дамжиж төрийн бодлого нь хэрэгжих юм биш үү?

Тухайлбал, “Bank of China”-г хэлж байгаа байх. Төрийн шийдэх асуудал. Ер нь Хятадын банк орж ирээд эдийн засаг маань тэлвэл манай банкууд одоо байгаагаасаа илүү цар хүрээтэй ажиллах боломжтой. Гадны банкууд орж ирээд Монголын банкуудтай өрсөлдөөд бизнесийнхэнд зээл өгөөд байхыг бодохгүй болов уу. Том аж ахуй нэгжид зээл өгнө. Эсвэл бусад банкинд их хэмжээний зээл өгөх байх гэж бодож байна. Мэдээж гадны банк орж ирсэнээр өөрийн орныхоо бизнесийг түлхүү дэмжээд явдаг жишиг бий. Жишээ нь Монгол, Хятадын хооронд маш их хэмжээний худалдааны эргэлт бий. Үүнд илүү их хөрөнгө оруулаад явна гэсэн үг.

Төрийн өмчтэй л компани болохоос бус яг тэр банкаар дамжуулаад бодлогоо хэрэгжүүлэх үү, үгүй юу гэвэл бас эргэлзээтэй шүү дээ. Хятадын том банкууд бүгд төрийн оролцоотой боловч хувьцаат компани байдаг. Тиймээс нээлттэй гэсэн үг. Хоёрдугаарт, төрийн өмчтэй ч бай, хувийн өмчтэй ч бай компанийн зорилго бол ашиг. Ашигтай, зөв, буцаагаад зээл нь төлөгдөх компанид л зээл өгнө үү гэхээс биш улсын бодлого хэрэгжүүлж байна гээд алдагдалтай зээл гаргаад байхгүй болов уу.

Монголын арилжааны банкуудын дүрмийн сан бага байдаг. Тэгэхээр зэрэг Монголын эдийн засгийг тэлэх тусам том төслүүдийг санхүүжүүлж чадах том банкууд хэрэгтэй. Дэлхийн том банкууд байж том төслүүдийг явуулах боломж олгох байх. Төмөр замын төсөл гэхэд нэг тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж ярьдаг. Гэтэл Монголын банкуудын зээл гаргах дээд хэмжээ 50 сая ам.доллар шүү дээ. Төмөр замыг хөрөнгө оруулалтын банк хөрөнгө оруулаад хийдэг зүйл биш. Ихэвчлэн төслийн санхүүжилт хийдэг Франц, Америкийн арилжааны банкууд сайн ажилладаг. Тэгэхээр энэ мэт банкинд санал тавиад урьж авчирах хэрэгтэй. Нийт эдийн засаг нь томроод байвал манай банкууд ч гэсэн ашигтай болно. Яахав нэг өөрчлөлт гарах байх. Тэр нь хадгаламжийн хүү нэлээн буурч магадгүй. Мэдээж зээлийн хүү дагаад буурна. Гэхдээ манай банкууд заавал хадгаламжаас бүх эх үүсвэрээ татахгүйгээр Монголд байгаа гадаадын банкуудаас санхүүжилт авснаар хадгаламжийн хүүн дээр өрсөлдөх нь багасах болов уу.

ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр арилжааны банкуудад активын чанарын шалгалт оруулна. Нөхцөл байдлыг хэр бодитой үнэлж чадах бол. Манайд зарим томоохон банк бизнесийн салбар руу ороод байна гэж харддаг. Гэвч хэн ч нотлохыг хичээлгүй өдийг хүрсэн?

Батлаж хэлэхэд хэцүү. Аудит хийсний дараа ил тод болж магадгүй. Ер нь Монголын банкууд өөрсдөө янз бүрийн бизнес хийгээд байгаа шүү дээ. Өөрсдийн бизнесийг санхүүжүүлэх, дээрээс нь холбоотой төслүүдээ санхүүжүүлэх зэрэгт мөнгөө гаргаад яг хэрэгцээтэй компаниудад өгдөггүй. Тэгэхээр зэрэг өөрсдийн компаниа зээлийн хүүг нь 10 хувиар тооцож санхүүжүүлж, бусад компанийг 20 хувиар санхүүжүүлээд зөрүүг нь бланслаад байна. Жирийн хүн очвол 30 хувь, өөрийнхөө компанид 5 хувийн хүүтэй зээл гаргачихдаг. Энэ нь нүдэнд ил үзэгддэггүй. Гэхдээ л цаагуураа ийм зүйл яваад байна. Манай зах зээлд мөнгө маш бага. Банкууд өөрсдөө бизнес хийгээд байхаар зах зээл дээр мөнгө байхгүй болчихож байна.

Зээлийн хүү их өндөр болохоор компаниуд дээшээ гарахад тун хүнд байна. Олон улсын жишгээр бизнесийн ашиг 10-20 хувь байдаг. Гэтэл 30 хувийн хүүтэй зээлээ төлчихөөд дээрээс нь 10-20 хувийн ашиг гаргана гэхээр маш их ур чадвар шаарддаг. Дээрээс нь санхүүжилтын хугацаа нь маш бага. Компаниуд энэ бүхнээс болоод томорч чаддаггүй. Ингээд том болж чадахгүй болохоор хөрөнгийн бирж дээр гарч чаддаггүй. Ашигтай ажиллаж, том болж байж л бирж дээрх хувьцаагаа гаргана шүү дээ.

Томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкийг байгуулсан. Гэвч эхний удаад үр дүн харагдсангүй. Харин ч Монголыг өрөнд унагалаа?

Арилжааны банкууд нь зээл гаргахгүй болохоор Хөгжлийн банк байгуулаад түүгээрээ том төслүүдээ санхүүжүүлэх гэж оролдсон юм болов уу гэж харсан. Тэгэхээр улс төрд илүү нөлөөтэй нь зээл аваад, санхүүжүүлсэн төсөл нь эдийн засгийн өндөр ашигтай биш байснаас ийм зүйл болсон байх. Хэрэв гадны банк орж ирээд зээл өгсөн бол дөрвөн цементийн үйлдвэрт зээл өгөх үү. үгүй юу. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг судлана шүү дээ. Төслүүд маань зах зээлийнхээ гольдирлоор л шийдэгдэх ёстой. Гэхдээ миний ойлгосноор Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулаад явж байх шиг байна. Цаашид гадны банк оруулж ирээд төслүүдийг зах зээлийнх нь гольдирлоор шалгаруулаад санхүүжүүлээд явах болов уу гэж харж байна.

Сүүлийн асуултаа эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбож тавья. Азийн хөгжлийн банкнаас манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.5 хувь байна хэмээн төсөөлсөн. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлөн гэсэн. Тэгвэл Дэлхийн банкнаас энэ онд өсөлт 0 хувьтай байна хэмээсэн. Тэд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байгааг хүлээн зөвшөөрсөн ч үнэ унах, хөрөнгө оруулалт сэргэхгүй байх зэрэг эрсдэлд түлхүү ач холбогдол өгсөн учир ийн таамагласан гэсэн. Та нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

Энэ жил өсөлт гарах байх, Азийн хөгжлийн банкны төсөөлөлтэй дөхөж очих болов уу гэж бодож байна. Гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа, Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтаар нэг тэрбум ам.доллар орж ирэх нь тодорхой болсон. Дээрээс нь нүүрсний үнэ өссөнөөр экспорт нэмэгдэж байна. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” энэ онд 11 сая тонн нүүрс гаргана гэсэн шүү дээ. Боомт, тээвэрлэлтийн байдлаас болоод энэ зорилтоо хангаж чадах эсэхийг мэдэхгүй байна. Нөгөөтэйгүүр, бид гадаадын хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас гадна бусад салбарт татаж эдийн засгаа солонгоруулах шаардлагатай байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!